Wednesday, 3 December 2014



Хойд Солонгост зөвхөн нэг Ким Чен Ун

Хойд Солонгост гурван жилийн өмнөөс “Дээд лидер”-ийг цорын ганц байлгахын тулд ихээхэн түгээмэл байдаг Ким Чен Ун хэмээх нэрээр ард иргэдийг дуудахыг хориглосон хэмээн Өмнөд Солонгосын “Ионхап” агентлаг уламжлав. Кимийн удам угсааны лидерүүдийг тахин шүтэх үзэл давамгайлсан Пхеньяны тоталитар дэглэм Ким Чен Ун нэртэй бүх иргэдээ нэрээ “сайн дураараа” солихыг шаардсан тушаал гаргаж байжээ.
“Биелүүлэх даалгавар” хэмээн нэрлэгдсэн энэхүү тушаал нь удирдагч Ким Чен Ирийг нас барахаас өмнө буюу 2011 онд гарч байв. 1983 онд төрсөн залуу Ким Чен Ун “Хайртай удирдагч” эцгээсээ Хойд Солонгосын жолоог шилжүүлж авах нь тодорхой болоод байсан цаг ажээ. Засгийн газраас мөн эцэг эхчүүдийг шинэхэн төрсөн хүүхдээ албан ёсоор бүртгүүлэхдээ Чен Ун нэрийг өгч болохгүй, овог нь Ким байсан ч болохгүй хэмээн хориглосон тухай Өмнөд Солонгосын мэдээллийн агентлаг уламжилж байна.
Хойд солонгосууд хэдэн арван жилийн өмнөөс Ким Чен Ир, Ким Ир Сен нэрийг авах хориотой байж иржээ. Ким хэмээх овог Хойд  Солонгост ч, Өмнөд Солонгост ч хамгийн элбэг байдаг. Хоёр улсын иргэдийн 20 гаруй хувь нь ийм овогтой байдаг ажээ. Чен Ун хэмээх нэр нь хоёр Солонгост эрэгтэй ч, эмэгтэй ч хүмүүс дээр түгээмэл байдаг нэр юм. Тэр тусмаа 1980-аад оны дундуур төрсөн иргэдийн дунд ихээхэн алдартай нэр ажээ. Тиймээс гурван жилийн өмнөөс хүчин төгөлдөр болсон зарлигийн дагуу олон хойд солонгос иргэн нэрээ солихоос өөр аргагүй болсон байна. Үүнийг дагаад төрсний гэрчилгээ, паспорт, дунд сургуулийн диплом зэрэг олон баримт бичиг дээрх нэрсийг солих нүсэр ажил өрнөж байжээ.  

Сонирхолтой нь, хөрш Өмнөд Солонгост Чен Ун хэмээх нэр эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд их байдаг бөгөөд Ким овогтой ийм нэртэй хүмүүсийг энэ өдрүүдэд Хойд Солонгосын лидертэй адилтган дуудаж, тоглоом шоглоом болгож байна.

No comments:

Post a Comment