Төр улсаа байгуулах тогтоолын төслийг НҮБ-д танилцуулна
Палестины НҮБ дахь төлөөлөгчид арванхоёрдугаар сарын 17-нд төр улсаа
байгуулах тогтоолыг төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хэлэлцүүлэхээр оруулах гэж
байна. “Палестины лидерүүд Аюулгүйн зөвлөлд хандаж эзэрхийллийг төгсгөл болгож
буй тогтоолын төсөлд санал хураалт явуулах хүсэлтэй байна” хэмээн Палестины
автономийн төлөөлөгч France Presse агентлагт ярилаа.
Сүүлийн үед Палестин-Израилийн мөргөлдөөн хурцадсантай холбогдуулж хэд
хэдэн улс орон Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудлыг эргэн
хэлэлцэх болсон юм. Палестиныг хүлээн зөвшөөрөөд байгаа 130 гаруй улсын дотор
Швед улс орж байна. Мөн Франц, Испани, Исланд зэрэг орнууд Палестиныг хүлээн
зөвшөөрөх талаар ярилцаж байна.
Нобелийн шагналтнууд шинэ хүйтэн дайнаас болгоомжилж байна
Нобелийн энх тайвны шагналтнууд шинэ, илүү аюултай хүйтэн дайнаас
болгоомжилж байна. Ром хотод болсон уулзалтын үр дүнд гаргасан мэдэгдэлд ийнхүү
онцолжээ. “Зарим хүчирхэг гүрнүүдийн хатуу, зөрүүд санаа бодлын улмаас ийм аюул
заналхийлэл үүсч байна. Тэд цэргийн хүч хэрэглэх замаар зорилгодоо хүрч болно
хэмээн үзэж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ. Украин дахь хямрал Европын, Сири,
Ирак, Израиль, Палестин, Афганистан, Өмнөд Судан дахь дайн , мөргөлдөөн дэлхийн
тогтвортой байдалд заналхийлж байгааг Нобелийн шагналтнууд тэмдэглэж байна. Мөн
шашны нэрийн дор хэт даврах үзэл цэцэглэж байгааг оролцогчид хэллээ. Ром дахь
уулзалтад Далай лам, Михаил Горбачев, Ираны хүний эрхийг хамгаалагч Ширин
Эбади, Либерийн энх тайвны зүтгэлтэн Лейма Гбови нар оролцсон байна.
Ливид нефть олборлолт зогслоо
Ливи улсад дотоодын нөхцөл байдал хурцадсаны улмаас нефть олборлолт
зогсоод байна. Хэд хоногийн өмнө Эс-Сидер дахь нефтийн боомт хаагдсан бол,
өчигдөр хойд хэсгийн Рас-Лануф боомт хаагдсан байна. Энэ хоёр боомт сөрөг
хүчний дайчдын хяналтад байдаг ажээ. Дайн, мөргөлдөөний улмаас боомтууд анх
удаа хаагдаж буй нь энэ биш. 2011 онд Ливийн лидер Муаммар Каддафид үнэнч
хүчнийхэн Рас-Лануф боомтыг эзэлж байжээ. Мөргөлдөөнд 150 орчим дайчин, гурван
танк оролцсон байна.
Фараоны хөшөөг сэргээн босгов
Египетийн Луксор хотод гурван мянган жилийн өмнө газар хөдлөлтийн улмаас
сүйрсэн 13 метр өндөр фараоны (Египетийн хаан) хөшөөг сэргээн босгожээ. Хөшөөг
суурийн дээр босгох ёслолын үеэр археологчид газар хөдөлсөн цагаас хойш 90
хэсэг болон бутран газар хэвтэж байсан III Аменхотеп хааны дүрсийг үзүүлсэн
байна. 13 метр өндөр хөшөөний толгойд Дээд Египетийн билэгдлийн титмийг өмсгөж,
гарт нь нэрийг нь бичсэн цаасны хэсгийг бариулжээ. Мемноны чулуун хөшөөнд III
Аменхотеп хааныг суугаа байдлаар дүрсэлсэн байдаг билээ.
Баривчлагдсан сэтгүүлчдийг хуйвалдаанд буруутгаж байна
Туркийн цагдаа 20 гаруй сэтгүүлч, менежер болон хэвлэл мэдээллийн бусад
ажилтныг баривчилж, телевиз, сонины албан өргөөнд нэгжлэг хийжээ. Тэднийг АНУ-д
амьдардаг сөрөг хүчний шашны зүтгэлтэн Фетхулла Гюлентэй холбоо сүлбээтэй
хэмээн хардаж байна. Стамбул зэрэг 12 хотод баривчилгаа, нэгжлэг явуулжээ.
Баричвлагдсан хүмүүсийн дотор Samanyolu медиа группын тэргүүн болон Zaman
сонины редактор байна. Тэднийг хууль бус байгууллагыг үүсгэж, улс орны эрх
мэдлийг булааж авахыг оролдсон хэмээн сэжиглэжээ. Туркийн Ерөнхийлөгч Режеп
Тайип Эрдоган, Фетхуллах Гюлен нар улс төрийн өрсөлдөгчид юм. Эрх баригчид
дээрх үйлдлээрээ нэртэй ламтны талынхныг дуугүй болгохыг оролдож байна хэмээн
ажиглагчид үзэж байна.


No comments:
Post a Comment