Wednesday, 10 December 2014





Хар тамхичин 40 түшмэлийг огцруулав

Хятадын Юнань мужид хар тамхи хэрэглэсэн 40 гаруй түшмэлийг албан тушаалаас нь огцруулж, намаас хөөлөө хэмээн South China Morning Post сонинд бичжээ. Тэднийг албадан эмчилгээнд хамруулсан байна. Тус мужид саяхан батлагдсан журмаар, албан тушаалтнууд хар тамхины тогтмол шинжилгээнд хамрагдах болсон юм.
Юнань муж “Алтан гурвалжин” буюу Зүүн өмнөд Азид хар тамхины наймаа цэцэглэсэн бүс нутгуудтай хиллэдэг. Хятадад оруулдаг хар тамхины үндсэн урсгал Юнаниар дамждаг байна. Мужийн нийслэл Куньмин хотод героинд донтсон 50 мянга орчим хүн байдаг ажээ. Коммунист намын олон ажилтан, түшмэл мансууруулах бодис хэрэглэж, хууль бус наймаанд оролцдог хэмээн хэвлэлд бичиж байна. Юнань нь 1949 он хүртэл Хятад дахь хар тамхины үйлдвэрлэлийн төв байжээ.

Баграм шоронг хаажээ

АНУ-ын эрх баригчид Афганистан дахь Баграм цэргийн шоронг хаалаа хэмээн Пентагоны эх сурвалж мэдээлэв. Арванхоёрдугаар сарын 10-нд тус шорон нэг ч хоригдолгүй болсны дараа хаагдсан байна. АНУ-ын Батлан хамгаалах яам энэ алхмыг “Терроризмийн эсрэг дайны нэгэн түүх хаагдлаа” хэмээн нэрлэжээ. Баграм шоронд терроризмд буруутгагдсан талибууд болон лалын бусад дайчдыг хорьдог байв. 2013 онд шоронг Афганы эрх баригчдын хяналтад шилжүүлж өгчээ.
НАТО-гийн цэрэг 2014 оны сүүлчээр Афганистаны газар нутгийг орхин гарна. Үүний дараа үлдэх цөөн тооны цэрэг орон нутгийн арми, цагдааг сургах, бэлтгэх үүрэгтэй байх юм. Америк цэргүүдийн статусыг хоёр талын аюулгүй байдлын тохиролцооны дагуу тодорхойлох ажээ.

Хөгжмийн ертөнцөд орлогоороо манлайлагсад

Dr. Dre нэрээр алдаршсан Америкийн рэпчин Андре Роммел Янг хөгжмийн ертөнцөд орлогоороо тэргүүлж буйг Forbes сэтгүүл зарлав. Тэрээр 14 жилийн турш цомог гаргаагүй байсан юм. 49 настай рэп-продюсер Янг үүсгэн байгуулсан Beat Electronics (чихэвч болон хөгжмийн эд анги үйлдвэрлэдэг) компаниа эгзгийг нь тааруулж худалдсанаар 620 сая доллар халааслажээ.
Поп дуучин Бейонс 115 саяын орлогоор хоёрдугаарт бичигдсэн бол, кантри-рок стилийн Eagles хамтлагын ахмадууд 100 саяыг халааслаж гуравт орлоо. Пол Маккартни, Bon Jovi, Брюс Спрингстин, Жастин Бибер, One Direction, Кэлвин Харрис, мөн АНУ-аас гадна кантри дуугаараа алдаршиж чадсан Тоби Кит нар эхний аравт багтжээ.

В.Путин япон хоолонд “нугасгүй”


Кремлийн эзэн Владимир Путин япон хоолыг тун ч амтархан зооглодог ажээ. Сэтгүүлч Елена Трегубова Оросын лидерийн тухай номдоо энэ тухай тодорхой бичсэн юм. Харин В.Путин сэтгүүлч Вадим Текменевт өглөө зөгийн балтай аарц иддэг хэмээн өгүүлж байв. Сонирхолтой нь, Путиний өвөө Владимир Ильич Ленин, Иосиф Сталины гүнцэгийг бэлддэг тогооч байжээ. Харин Цагаан ордны эзэн Барак Обама Taco (Бинтэй ороомог) хэмээх мексик хоолонд их дуртай. Мөн пицца, хачиртай талх, хот-догноос буцахгүй нэгэн ажээ.  

No comments:

Post a Comment