Monday, 15 December 2014




Харгис хүүхэд харагч шийтгүүлэв

Уганда дахь хүүхэд харагч Жолли Тумухийрве 18 сартай хүүхдийг зэрлэгээр зодож, тамлаж байгаа бичлэг сүүлийн хэд хоногт нийгмийн сүлжээг доргиосон юм. Тэрээр хүүхдийг хооллож байхдаа олон удаа алгадаж, гулгилаа гэж шалан дээр шидэж, цээж, гэдэс рүү нь өшиглөж байгаа бичлэг тарсан юм. Тумухийрве шүүх дээр “Хүүхдийн ээж надтай зэрлэг, балмад байдлаа харьцдаг тул өш хонзон авах гэж ингэсэн юм” хэмээн мэдэгдсэн ч шүүгчид хэрэгссэнгүй. Харгис асрагч дөрвөн жилийн ял сонсчээ. Түүний үйлдлийг шүүгч нар “Зөвтгөшгүй, уучилшгүй” хэмээн үзсэн байна.

АНУ-ын цэргийн хилийн чанад дахь ажиллагааны үе дууслаа

Америкийн цэрэг, армийн гадаад дахь томоохон ажиллагааны үе дуусч байгааг Ерөнхийлөгч Барак Обама зарлав. “АНУ гадаад улс орнуудад хуурай замын цэргээ илгээж цэрэг, дайны томоохон ажиллагаанд оролцдог цаг үе дуусч байна. Гэвч манай цэргүүд янз бүрийн даалгавар биелүүлэхэд бэлэн байх ёстой” хэмээн Б.Обама Форт Дикс нэгдсэн бааз дээр гурван мянган цэргийн өмнө мэдэгдлээ. Оны эцэс гэхэд Афганистан дахь цэргийнхээ үндсэн хэсгийг татаж авна гэдгийг сануулав. 2015 оноос эхлэн тус улсын аюулгүй байдлыг орон нутгийн эрх баригчид хариуцах юм. “13 гаран жилийн дараа Афганистан дахь манай байлдааны үйл ажиллагаа төгсгөл болж байна. Гэвч тус бүс нутаг аюултай газар хэвээр үлдлээ” хэмээн Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.
Афганистан, Ирак дахь 180 мянган америк цэргээс 15 мянга нь үлдэж байгаа юм. “Цаашдаа манай цэргүүд цомхон болно. Гэвч та бүгдийн ерөнхий командлагчийн хувиар та бүгдийг ямар ч даалгаврын өмнө хэзээд бэлэн байхыг хүсч байна. АНУ-ын арми хамгийн сайн зэвсэглэл, бэлтгэл, командлалаар хангагдсаар байх болно” хэмээн төрийн тэргүүн хэлжээ.

Японд шувууны ханиад илэрчээ

Японы Миязаки мужийн нэгэн шувууны фермд шувууны ханиад өвчин илэрлээ хэмээн Japan Times сонин орон нутгийн эрх баригчдаас мэдээллээс иш татан мэдээлэв. Гурван шувуунаас шинжилгээ авахад шувууны ханиадны Н5 вирус илэрсэн байна. Мэргэжилтнүүд тус фермийн дөрвөн мянга орчим тахиаг устгах шийдвэр гаргажээ. Тэр хавьд хөл хорио тогтоож, ямар нэг мал, амьтан тээвэрлэхийг хориглоод байна. Үүний өмнө Голландад шувууны ханиад илэрсний улмаас Европын зарим орон тус улсаас шувууны мах импортлохоо зогсоогоод байсан билээ.

Барьцааны хүмүүсийг суллах үеэр хоёр хүн амь үрэгдлээ

Ираны 50 настай дүрвэгч Харон Монис 30-аад хүмүүсийг 16 цагийн турш барьцаалсан Сиднейн кафе руу дайрч хүмүүсийг суллажээ. Кафед буун дуу гарсны дараа тусгайгийн ажилтнууд дайрч оржээ. Энэ үеэр 38 настай эмэгтэй, 34 настай эрэгтэй амь насаа алдлаа. Цагдаа нар барьцаалагч этгээдийг буудаж устгажээ. Өөр дөрвөн хүн шархадсаны дотор нэг цагдаа байна. Иранаас Австралид дүрвэж ирсэн Ираны иргэн Харон нь цагдаагийн хяналтад байдаг нэгэн байжээ. Тэрээр өмнө нь эхнэрээ хөнөөсөн хэргээр шалгагдаж байсан аж. Зарим хэвлэлд түүнийг сэтгэцийн эмгэгтэй хэмээн бичиж байна. Харон хүмүүсийг барьцаалж байхдаа Австралийн Ерөнхий сайд Тони Эбботтийг утсаар яриулахыг шаардаж байжээ.

Кира Найтли хөл хүнд болжээ

Холливудын нэрт жүжигчин Кира Найтли (29 настай) хөл хүнд болсноо зарлав. “Нөхөр Жеймс бид хоёр эцэг эх болох насан дээрээ ирлээ. Хүү, охины аль нь ч байсан ялгаагүй” хэмээн жүжигчин бүсгүй ярьжээ. Кира Найтли, Британийн Klaxons хамтлагийн хөгжимчин Жеймс Райтон нар 2013 оны хавар Францад хуримаа хийсэн юм. К.Найтли саяхан “Алтан бөмбөрцөг” шагналын эзэн болсон билээ.

No comments:

Post a Comment