Monday, 1 December 2014



Япон улс Курилийн арлын маргааныг найрсгаар шийдэхийг хүсч байна

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Курилийн арлын талаарх газар нутгийн маргааныг шийдвэрлэж, Оростой энхийг гэрээ байгуулж чадна хэмээн үзэж байна. “Энэ маргааныг шийдвэрлэхийн тулд би боломжтой бүхнийг хийхийг хүсч байна. Оростой энхийн гэрээ байгуулахын тулд хойд нутгийн (Японд Курилийн арлыг ийнхүү нэрлэдэг) асуудлыг шийдвэрлэхийн төлөө байна. Улстөрчийн болон Ерөнхий сайдын хувиар миний үүрэг бол яаж ийж байгаад үүнд хүрэх явдал юм” хэмээн Японы Засгийн газрын тэргүүн Хоккайдо арлын Немура хотын даргатай уулзах үеэрээ мэдэгджээ. Түүний хэлж буйгаар, Курилийн арлын маргааныг шийдвэрлэх нь Японы ард түмний эртний мөрөөдөл бөгөөд дайны дараах үеийнхэнд үүнийг биелүүлэх үүрэг ногдож байгаа аж.
Немуро хотын дарга Шюнсэ Хасигава “Ерөнхий сайд Шинзо Абэ Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй долоон удаа уулзсан. Тэдний хооронд тогтсон сайн харилцаа газар нутгийн маргааныг шийдвэрлэхэд түлхэц үзүүлнэ хэмээн бодож байна. Ерөнхий сайд Абэ бүрэн эрхийнхээ хугацаанд энэ асуудлыг заавал шийдээсэй гэж хүсч байна” хэмээн өгүүлэв. Шинзо Абэ, В.Путин нар хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын эхээр Бээжинд болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган дээр уулзжээ. “Талууд бүх чиглэлээр, тэр тусмаа энхийн гэрээ байгуулах талаар бүх харилцаа, холбоогоо үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ нотолсон” хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хоёр лидерийн уулзалтыг дүгнэн хэлсэн юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Японтой энхийн гэрээ байгуулах боломжтой” хэмээн 2013 оны аравдугаар сард мэдэгдэж байсан билээ. Хоёр улсын хоорондох эдийн засгийн хамтын ажиллагаа энхийн гэрээ байгуулах талаар мөрөөдөх биш, харин бодитоор ажиллаж эхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн Кремлийн тэргүүн онцолж байсан. Үүний дараа Орос, Япон хоёр Гадаад хэргийн яамны түвшинд яриа хэлэлцээний үйл явцаа сэргээсэн юм.
Курилийн Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи гэсэн дөрвөн арлын төлөө Орос, Япон улс газар нутгийн маргаан өрнүүлсээр байна. Японы эрх баригчид “Эдгээр арал манай улсынх” хэмээн мэдэгдэж, тэдгээрийг шилжүүлж авах нь дэлхийн II дайны үр дүнгээр ОХУ-тай энхийн гэрээ байгуулах гол нөхцөл болно хэмээн үздэг. Гэвч оросууд “Курилийн арлууд нь дэлхийн II дайны дараа ЗХУ-ын, дараа нь ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон. Олон улсын эрх зүйгээр баталгаажсан тул эдгээр арал дээрх Оросын бүрэн эрхт байдалд эргэлзээ байхгүй” хэмээн мэдэгдсээр байна. ОХУ Курилийн арлыг хувааж эзэмших санал дэвшүүлж байсан ч Япон улс бүгдийг нь эргүүлж авна хэмээн няцааж байсан ажээ.


Зургийн тайлбар: Итуруп - Курилийн хамгийн том арал

No comments:

Post a Comment