“Аллах акбар” гэж хашгирсан эр 11 хүнийг автомашинаар
мөргөжээ
Францын Дижон хотод өчигдөр “Аллах акбар” хэмээн хашгирч
явсан жолооч 11 хүнийг мөргөж гэмтээжээ. Франс Пресс агентлаг мэдээлснээр, хоёр
хүн хүнд гэмтсэн байна. Мань эр 30 минутын турш хотоор сэлгүүцэхдээ гарцаар
гарж байсан хүмүүс рүү таван удаа дайрч довтолсны дараа баривчлагдав. Тэрээр сэтгэцийн
эмнэлэгт эмчлүүлж байсан эрүүл бус хүн бололтой. Гурав хоногийн өмнө Францад
хутгаар зэвсэглэсэн нэгэн эр “Аллах акбар” хэмээн хашгиран цагдаа нар руу дайрч
байгаад буудуулсан юм. Дижон хотод машинд мөргүүлж хүнд гэмтсэн хоёр хүний амь
нас аюулгүй хэмээн мэдээллээ.
Гэрчүүдийн баталж буйгаар, 40 орчим насны эр гарцаар гарч
яваа хүмүүсийг мөргөхдөө “Аллах акбар. Палестины хүүхдүүдийн төлөө” хэмээн
хашгирч байсан аж. Дижон хотыг айдаст автуулсан этгээд ганцаараа байсан хэмээн
Францын Дотоод хэргийн яамны төлөөлөгч мэдэгдэв. Тэр этгээд сүүлийн 20 жилийн
турш янз бүрийн жижиг гэмт хэрэг үйлдэж, хууль хяналтынхны хараанд орсон нэгэн
байжээ. Францын Ерөнхий сайд бэртэж, гэмтсэн хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн
байна.
Дижон дахь хэрэг явдлын өмнө Тур хотод нэг этгээд хутгаар
зэвсэглэн гурван цагдааг шархдуулсан юм. Дотоод хэргийн яамны сайд Бернар
Казеневийн хэлж буйгаар, энэ хэргийг үйлдсэн этгээд мөн сэтгэцийн эмгэгтэй
нэгэн аж. Дээрх хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагаанд терроризмтэй тэмцэх
хэлтсийн мэргэжилтнүүд нэгдээд байна.
Франц дахь лал шашинтнуудын нийгэм Европт хамгийн томд
тооцогддог. Тус улсад 5-6 сая лал шашинтнууд амьдарч байгаа юм. Сүүлийн
жилүүдэд өөрсдийгээ лал шашинд хамаатуулсан этгээдүүд ганцаараа халдлага,
довтолгоо үйлдэх нь ихэсчээ. Өнгөрсөн онд Парист лал шашинд орсон нэгэн этгээд
цэргийн албан хаагчийг хутгалан амь насанд нь хүрчээ. Мөн Бельгийн Брюссель
хотын Еврейн музейд дөрвөн хүний аминд хүрсэн хэргийн гол сэжигтэн нь Сирид
байлдаж байсан франц хүн байв. 2012 онд Тулуз хотод Мохамед Мера долоон хүнийг
буудсаны дараа цагдаа нартай буудалцаж байгаад алуулжээ.
No comments:
Post a Comment