Wednesday, 24 December 2014




Амазоны индианууд тосгон руу дайрчээ

Амазон мөрний мачо-пиро омгийн индианууд Перу дахь уулын нэгэн тосгоныг довтоллоо хэмээн BBC News мэдээлэв. Нум сумаар зэвсэглэсэн 200 орчим уугуул иргэн хоол хүнс олзлох зорилгоор Монт-Сальвадор тосгон руу дайрсан байна. Тэд гэрийн тэжээмэл амьтан, мал, мах болон сав суулга, төмөр эдлэлийг авч явжээ. Тосгоны оршин суугчдаас гэмтэж бэртсэн хүн байхгүй ч тэднийг өөр хот руу нүүлгэн шилжүүлжээ.
Мачо-пиро омгийнхон XIX зууны сүүлчээр каучукийн анчдад эх нутгаасаа хөөгдсөний дараа соёл иргэншлээс бүх харилцаа холбоогоо тасалсан юм. Тэр цагаас хойш мачо-пиро нар нум сумны тусламжтайгаар шинэ эзэмшил газраа ой мод огтлогч, хар тамхины наймаачин, нефть хайгч геологчдоос хамгаалан суух болжээ. 2011 онд судлаач Флорес алдагдсан омгийнхонтой холбоо тогтоох гэж яваад нум суманд өртөн амиа алдсан юм.

Жейкоб Зума сүүлчийн удаа гэрлэхээр шийджээ

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жейкоб Зума дахин гэрлэхээр шийдсэн тухай орон нутгийн The Star сонин мэдээлэв. 72 настай төрийн тэргүүн Квазулу мужид айлчлах үеэрээ зулус омгийн нэгэн хижээл эмэгтэйтэй танилцжээ. “Би эхнэртэй. Гэхдээ дахиад нэг, сүүлчийн удаа гэрлэх хэрэгтэй байна” хэмээн тэрээр ярилаа. Зулус уламжлалын дагуу, эрэгтэй хүн насныхаа эцэст дахин нэг эхнэр авч асруулдаг аж. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч эдүгээ дөрвөн эхнэр, 200 хүүхэдтэй. Зума нийтдээ зургаан удаа гэрлэжээ. Олон нийтийн судалгаагаар, тус улсын иргэдийн гуравны нэг нь олон эхнэртэй байх уламжлалыг эсэргүүцэж байна. Эмэгтэйчүүдийн 83 хувь нь энэ уламжлалд таагүй хандаж байгаа нь харагджээ.

Монсеррат Кабальег шийтгэв

Испанийн дуурийн алдарт дуучин Монсеррат Кабальег татвараас зайлсхийсэн хэмээн зургаан сарын хугацаатай тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ. Түүнийг 508 мянган еврогийн татвар төлөөгүй хэмээн үзсэн байна. Тэрээр 2010 онд ихэнх цаг хугацааг Андоррад амьдарч өнгөрөөсөн, зөвхөн эмч дээр очих гэж Барселонад очдог байсан хэмээн өөрийгөө зөвтгөсөн ч нэмэр болсонгүй. Шүүхээс Кабальег зургаан сарын тэнсэнгээр шийтгэснээс гадна 240 мянган еврогийн торгууль ногдуулав. Дуурийн дуучин энэ хугацаанд торгуулийг төлнө хэмээн прокурорын газарт амласан байна. Испанийн татварын албаныхан алдарт хөлбөмбөгч Лионель Мессийг дөрвөн сая еврогийн татвараас зайлсхийсэн хэмээн буруутгасан юм. Хөлбөмбөгчийн эцгийг мөнгө угаасан хэмээн хуулийн байгууллага үзэж байгаа аж.

Пакистанд цэргийн шүүх байгуулна

Пакистаны улс төрийн намууд терроризмийн хэргийг шүүх цэргийн шүүх байгуулах асуудлаар Ерөнхийлөгч Наваз Шарифтай хэлэлцээ хийж тохиролцоонд хүрчээ. Террористууд харгис үйлдлийнхээ хариуг чанга хүртэх ёстой хэмээн Н.Шариф үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт Пакистанд түр түдгэлзүүлээд байсан цаазаар авах ялыг эргэн сэргээжээ. Пешавар хотод талибууд сургууль руу дайрч хүүхэд голдуу 140 хүний аминд хүрсний дараа терроризмийн хэрэгт оноох шийтгэлийг чангатгахаар болсон юм. Пакистан улс онц байдал шаардлагатай цаг үед амьдарч байна хэмээн Наваз Шариф хэлжээ.

No comments:

Post a Comment