Sunday, 14 December 2014




Сиднейн кафед хүмүүсийг барьцаалжээ

Австралийн Сидней хотын Martin Place гудамжин дахь нэгэн кафед хүмүүсийг барьцаалсан хэт даврагчид сайтар зэвсэглэсэн, тэр тусмаа алан хядагчийн бүс зүүсэн байж магадгүй хэмээн хэрэг явдлыг газар дээрээс нь сурвалжилж буй 7News телевиз мэдээлэв. Дор хаяж хоёр барьцаалагч арав гаруй хүнийг барьцаалаад байна. Барьцааны хоёр хүнийг кафены цонхон дээр зогсоож алан хядагч “Исламын улс” бүлгийн тугийг санагдуулам цагаан араб бичигтэй хар туг бариулжээ.
Кафед хүмүүсийг барьцаалсны дараа Сиднейн дуурийн театрт байсан үзэгчдийг яаралтай зайлуулжээ. Тэндээс сэжигтэй цүнх илэрсэн аж. Цагдаа нар хүн барьцаалсан кафетай гудамжийг бүсэлж, тусгай ажиллагаа явуулахаар зэхэж байна.
Австралийн Ерөнхий сайд Тони Абботт Үндэсний аюулгүй байдлын хорооны уулзалтыг яаралтай зарлав. Сири, Ирак дахь “Исламын улс” бүлгийн эсрэг олон улсын хүчний цэргийн ажиллагаа эхэлсний дараа өрнөдийн орнуудад халдлага, дэлбэрэлт үйлдэх аюул нэмэгдэж, Австрали улс онцгой байдлын зэрэглэлээ нэмсэн юм. Ерөнхий сайд Т.Абботт кафед хүн барьцаалсан хэргийг “Маш ноцтой” хэмээн тодорхойлоод аюулгүй хүчнийхэн мэргэжлийн түвшинд ажиллана гэдгийг батлан хэлжээ.
Сидней хотын баруун хойд дүүрэгт терроризмд сэжиглэгдсэн нэг эрэгтэйг баривчилсантай давхцаж дээр барьцааны хэрэг гарчээ. Мань эр Австралийн газар нутаг дээр террорист халдлага үйлдэхээр төлөвлөж, австрали иргэдийг Сири рүү илгээж, алан хядах бүлэгт элсүүлэх ажил хийж байсан ажээ. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, кафед барьцаалагдсан хүний тоо 40 орчим гэж байна. Мөн Сиднейн дөрвөн барилгад тэсрэг бөмбөг тавьсан хэмээн нэгэн этгээд мэдээлжээ

No comments:

Post a Comment