Адмирал Ставридис: НАТО Украинд
цэрэг оруулах хэрэггүй
НАТО-гийн цэргийн дээд командлагч асан (2009-2013), адмирал Жеймс Ставридис “El Mundo”- сонинд
ярьж байна.
-Украин улс өрнөд,Оросын
хоорондох тулааны талбар болон хувирлаа. Хүйтэн дайн дахин сэргэх гээд байна
уу?
-Үгүй, огт үгүй. Хүйтэн дайны үед Европт гурван сая цэрэг дайтахад бэлэн,
цөмийн зэвсгийн товчлуур дээр хуруу дараастай байлаа шүү дээ. ЗХУ-тай хамтын
ажиллагаа байхгүй байлаа. Өнөөдөр сөргөлдөөн байгаа ч терроризм, хар тамхи,
Африк дахь далайн дээрмийн эсрэг тэмцэл, мөн Ираны цөмийн зэвсгийн асуудлаар
Оростой хамтран ажиллаж байна. Санал зөрөлдөөн байгаа ч илүү тэнцвэржсэн
харилцаа тогтоод байна.
-НАТО Украинд ямар үүрэг,
оролцоотой байна вэ? В.Путин зүүн нутаг руу урагшилсаар байвал НАТО цэргээ
оруулах ёстой юу?
-Үгүй. НАТО Украинд цэрэг оруулах ёсгүй. Цэргийн хээрийн сургууль хийх,
бүс нутагт цэрэг, нисэх онгоц, хөлөг онгоцоо шилжүүлэн байрлуулах замаар Польш,
Эстони, Румын, Булгар зэрэг зүүн Европын холбоотнууддаа хамгаалалт санал болгох
ёстой... Украины армид сум, ар талын хангамж, зөвлөх, зааварлагч зэргээр тусалж
ур чадварыг нь сайжруулж болно. Харин тйишээ цэргээ оруулж болохгүй.
-Крымийг нэгтгэх үйл явцад саад
учруулахын тулд цэрэг оруулах ёстой байсан юм биш үү?
-Орос улс олон улсын хуулийг зөрчсөн энэ үйлдлийг хийх ёсгүй байсан.
Гэвч НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ асуудлыг хариуцах ёстой байсан.
-Өрнөдийн орнууд Украины хямрал
дээр сул, үлбэгэр хандсан гэж хэлж болох уу?
-ОХУ Украины зарим бүс нутагт сонгууль явуулахын тулд хүч, нөлөөгөө
ашигласан.
-Украин улс НАТО, эсвэл Европын
холбоонд элсэн болов уу?
-Украин Европын холбоонд нэгдэх боломжтой, цаг хугацаа л шаардагдах
байх. Харин НАТО-д элсэх боломж бага. Украин нь авлига, иргэний мөргөлдөөн гээд
тулгамдсан асуудал ихтэй улс. Гэхдээ бид ирээдүйд хамтран ажиллаж болно.
-В.Путин ЗХУ-ыг сэргээх
сонирхолтой байх шиг. Тэр Украин дээр зогсох болов уу, эсвэл хүч, нөлөөгөө улам
тэлэхийг оролдох болов уу?
-Энэ нь Европын холбоо, НАТО, НҮБ-ын өгөх хариултаас шалтгаална. Хориг
арга хэмжээг үргэлжлүүлэх ёстой.
-Хориг арга хэмжээ үр дүнгээ өгч
байгаа юм уу?
-Тэгэлгүй яахав. Рублийн ханш 35 хувиар уналаа. Нефтийн үнийн уналт, улс
төрийн тогтворгүй байдал Оросыг хөрөнгийн глобал зах зээл дээр эргэн ирэхийг
шаардах болно. Мөнгө, санхүүгээ сайжруулахын тулд ингэхээс өөр арга байхгүй. Хориг
арга хэмжээтэй байхад санхүүжилтээ сайжруулж чадахгүй. Оросын өргөжин тэлэлтэд
саад болохын тулд хоригийг улс төрийн дарамт шахалттай хослуулах ёстой. Гэхдээ
хажуугаар нь гүүр тавьж, хамтран ажиллах орон зайг эрж хайх ёстой юм.
-Оросын хийн эрэлт хэрэгцээ
Европыг сул дорой болгож байна уу?
-Москва хийн хоолойг хаах стратегиа үргэлжлүүлбэл өөрөө өөрсдийгээ яллах
болно. Учир нь Европ өөр экспортлогчид руу эргэж, Орос зах зээлээ алдах болно.
Америк, Норвеги зэрэг байгалийн хийг шингэн хэлбэрт оруулж Европт хүргэх нөөц
ихтэй орнууд бий.
-“Исламын улс” бүлэг дэлхий
дахинд заналхийлэх боллоо. НАТО юу хийж чадах бол?
-НАТО-гийн гишүүн Турк улс Сиритэй өргөн хил залгадаг. Эхлээд 1.5 сая
дүрвэгч хүлээн авч байгаа улсад туслах хэрэгтэй. Иракийн хойд хэсэг дахь курдын
“Пешмерга” бүлэгт цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэх ёстой. Ингэснээр НАТО цэргээ
илгээхээс зайлсхийх юм. Мөн тагнуулын мэдээлэл цуглуулж, кибер орон зайд жихад
босогчдын эсрэг тэмцэх нь чухал болоод байна.
-“Исламын улс” нь “Аль-Кайда”-гаас
илүү аюултай юу?
-Тийм. Учир нь тэд санхүүжилт сайтай. Нефтийн наймаа, контрбанд, хүний
наймаанаас өдөрт 4-6 сая доллар олж байна. Мөн тус бүлэг интернэтээр суртал
ухуулга сайн хийж, залуусыг эгнээндээ элсүүлэхдээ гарамгай байна.

No comments:
Post a Comment