Мөнгөн дэвсгэртээс эрчим хүч гаргаж байна
Хятадын Хэнань мужид хуучин мөнгөн дэвсгэртээс цахилгаан, эрчим хүч
гаргаж авах туршилтыг эхлүүлэв. Цаашид ашиглах боломжгүй болсон дэвсгэртийг
цуглуулж, жижиглээд дахин ашиглаад цахилгаан гарган авч байна. Нэг тн хуучин
дэвсгэртээс 660 кв цахилгаан гаргаж авах тооцоо хийжээ. Гүйлгээнд байгаа мөнгөн
дэвсгэртийн ашиглалтаас гарах хугацааг тооцож үзэхэд зөвхөн Хэнань мужид гэхэд
л жилд 400 тн нүүрс хэмнэж байгаа аж.
Хятадын иргэд, худалдаачид хуучин дэвсгэртэд таагүй ханддаг. Учир нь
дараа нь банкинд солиулахад хүндрэл гардаг байна. Цаашдаа хуучирсан цаасан мөнгөнөөс
эрчим хүч гаргаж авах аргыг Хятад даяар нэвтрүүлбэл дээрх бэрхшээл арилах ажээ.
К.Роналдо Португалын шилдэг хөлбөмбөгч болох уу
Португалын хөлбөмбөгийн холбоо зууны шилдэг хөлбөмбөгчийн санал асуулгад
нэр дэвшигчдийг зарлалаа. Холбооны зуун жилийн ойд зориулж ийм санал асуулга
явуулж байна. 1965 онд “Алтан бөмбөг” шагналыг авч байсан “Ирвэс” хочит Эусебио,
2000 онд дэлхийн шилдэг болж байсан Луиш Фигу, мөн 2008, 2013 онд “Алтан бөмбөг”
авсан “Реал Мадрид” клубын тоглогч Криштиано Роналдо нар Португалын бүх цаг
үеийн шилдэг хөлбөмбөгч алдрын төлөө өрсөлдөж байна. Ялагчийг зарлах ёслолын
ажиллагаа 2015 оны нэгдүгээр сарын 14-нд Португалын Эшторил хотод болох юм.
Детройт хот дампуурлаас гарна
Хоёр жилийн хугацаатай шинэ төсөв хүчин төгөлдөр болсны дараа АНУ-ын
Детройт хот дампуурлаас гарахаар боллоо хэмээн Мичиган мужийн эрх баригчид
мэдэгдэв. 2013 оны гуравдугаар сараас хойш хотыг хүнд хэцүү үед нь удирдаж
байсан менежер Кевин Орр халаагаа өгчээ.
Нэгэн цаг үед автомашины үйлдвэрлэлээр мандан бадарч байсан Детройтын
эрх баригчид 18 тэрбум долларын өрийг төлж чадахгүй болж, өнгөрсөн долдугаар
сард дампуурлаа зарласан юм. Тэр үед хотын эрх баригчид 700 мянган оршин
суугчдад төсвөөс үзүүлдэг үйлчилгээг (гэрэл цахилгаанаар хангах, сургууль,
эмнэлэг г.м.) үзүүлэх чадваргүй болсон билээ.
Италид авлигатай хатуу тэмцэнэ
Италийн Засгийн газрын тэргүүн Маттео Ренци авлигын хэрэгт оролцсон
этгээдэд оноох доод ялыг дөрвөөс зургаан жил болгон нэмэгдүүлэх санал
дэвшүүлэв. Мөн хууль зөрчсөн этгээдүүдийн өмч хөрөнгийг хураах үйл явцыг
хөнгөвчлөх санаатай байна. “Авлигад автаж, төрийн өмчийг хулгайлж буй хүмүүстэй
эцсээ хүртэл тэмцэх болно” хэмээн Италийн Ерөнхий сайд хэллээ. М.Ренцигийн
санаачилгаар өнгөрсөн долоо хоногт томоохон баривчилгаа явуулж 37 хүнийг
саатуулсан юм. Тэдний дотор өндөр тушаалын хэд хэдэн түшмэл байгаа ажээ.


No comments:
Post a Comment