Sunday, 21 December 2014




Хойд Солонгосыг терроризмийг дэмждэг орнуудын жагсаалтад оруулж магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хойд Солонгосыг терроризмийг дэмждэг орнуудын жагсаалтад дахин оруулж магадгүй талаар мэдэгджээ. Саяхан энэ жагсаалтаад Кубаг хасаад байгаа билээ. “Бид терроризмийг дэмждэг орнуудыг тодорхойлохдоо тун нарийн шалгуур тавьдаг. Дөнгөж өчигдөр болсон хэрэг явдал дээр тулгуурлаж дүгнэлт хийдэггүй” хэмээн Цагаан ордны эзэн ярьжээ.
Хойд Солонгос улс террористуудыг дэмждэг орнуудын жагсаалтаас зургаан жилийн өмнө хасагдсан юм. Саяхан Sony Pictures Entertainment компанийн сервер кибер халдлагад өртсөн нь Хойд Солонгосын хакеруудтай холбоотой байж магадгүй байгаа нь дээрх шийдвэрийг цуцлах сэжүүр болж байгаа бололтой.

А.Яценюкт илжиг санал болгов

Украины Дээд Радын “Петр Порошенкогийн эвсэл” намын депутат Сергей Калинин Ерөнхий сайд Арсений Яценюкт хандаж албаны Mercedes автомашинаа илжгээр солихыг зөвлөжээ. Сайд нарын танхимийн тэргүүн автомашиныхаа зуны дугуйг өвлийнхээр солихын тулд нэг дугуйнд 42 мянган гривен (хоёр мянга 600 доллар) зарцуулсан нь парламентын гишүүдийн шүүмжлэлд өртсөн юм.
“Иргэд автомашиныхаа өвлийн дугуйг сольж чадахгүй зуны дугуйтай явж байхад Ерөнхий сайдын үйлдэл нь улс орны нүүр, сэтгэл рүү нулимсан хэрэг боллоо. Төрийн мөнгийг ингэж зарцуулж болохгүй” хэмээн Каплин ярилаа. Эдийн засгийн хүнд үед бүгд, тэр тусмаа төрийн албан хаагчид хэмнх шаардлагатай байгаа аж. Төрийн албаны зардлыг 70 хувь хэмнэх боломжтой байгаа хэмээн Каплин үзэж байна.

АНУ Кубатай ойртож буйг эсэргүүцжээ

АНУ-ын Майами хотод 200 гаруй куба гаралтай иргэд гудамжинд гарч Вашингтон, Гавана хоёр дипломат харилцаагаа сэргээж буйг эсэргүүцжээ. Жагсагчид “Обама урвагч” хэмээн хашгиралдаж, хоёр улсын далбааг намируулж байв. Майами хотын Little Havana дүүргийн цэцэрлэгт цугласан хүмүүсийн дунд Кубын сөрөг хүчний лидерүүд, мөн куба гаралтай америк улстөрчид байжээ. Цуглаанд оролцсон Кубын “Цагаан хатагтай нар” хөдөлгөөний (2000 оны эхээр Кубад баривчлагдсан тэрс үзэлтнүүдийн эхнэр, ээжүүдийг нэгдгэдэг) төлөөлөгч Берта Солер “Кубад эрх чөлөө хэрэгтэй. Энэ эрх чөлөө куба иргэдээс өөрсдөөс нь хамаарна” хэмээн хэлжээ.
Ерөнхийлөгч Б.Обама Кубатай дипломат харилцаагаа сэргээж байгааг зарласны дараа АНУ-д амьдардаг куба гаралтай иргэдийн дунд социологийн санал асуулга явуулахад залуу, дунд, хөгшин үеийнхний хооронд хагарал үүсч буй нь харагджээ. 65-аас дээш насны куба гаралтай иргэд АНУ, Куба дипломат харилцаагаа сэргээж буйг эрс эсэргүүцэж байна. 65-аас доош насныхан болон Кубад төрчихөөд АНУ-д ирж суурьшсан иргэд Б.Обамагийн бодлогыг дэмжиж байгаа аж. Цагаан ордны эзэн Кубатай ойртон нөхөрлөх бодлогоо хэд хоногийн өмнө зарласан юм. Вашингтон, Гавана хоёр 1961 оноос хойш тасарсан дипломат харилцаагаа сэргээж, харилцан Элчин сайдын яамаа нээхээр болсон билээ. 1960 онд АНУ Кубын эсрэг эдийн засаг, худалдааны хориг арга хэмжээ авчээ. 1959 онд эрх чөлөөний арал дээр Фидель Кастро АНУ-ыг дэмжигч Фулхенсио Батистагийн дэглэмийг түлхэн унагаж эрх мэдэлд гарч ирсний дараа Вашингтон ийм алхам хийсэн юм.

ЭТА-гийн зэвсгийг хураах төлөвлөгөөг санал болголоо

Испанийн Баски мужийн Засгийн газар гурван жилийн өмнө гал зогсоож буйгаар зарласан салан тусгаарлагч ЭТА бүлгийн зэвсгийг хураах төлөвлөгөөг танилцуулжээ. Тухайлбал, ЭТА-гийн мэдэлд байгаа зэр зэвсгийг бүртгэж, эрх баригчдад хүлээлгэж өгөх ажлыг хариуцах тусгай комисс байгуулах саналтай байна. Харин Мадридын төвийн Засгийн газар ЭТА бүлэгтэй хэлэлцээ хийхээс татгалзаж, салан тусгаарчлагчдын зэвсгийг хураах үйл явц ямар нэг урьдчилсан болзолгүйгээр хийгдэх ёстой хэмээн үзэж байгаа юм. Баскийн ЭТА бүлэг 1959 онд байгуулагдсан ба баскуудын тусгаар тогтносон улс байгуулах гол зорилготой байсан юм.

Персийн булангийн орнууд нефтийн олборлолтоо багасгахгүй

Персийн булангийн нефть олборлогч орнууд олборлолтоо багасгах бодолгүй байна хэмээн Саудын Арабын Эрчим хүчний сайд Али Наими мэдэгдлээ. Кувейт, Арабын нэгдсэн эмирт улсын төлөөлөгчид энэ мэдэгдлийг дэмжсэн байна. Нефтийн үнэ эрс унаж буй шалтгаан нь олборлолтод бус, харин ОРЕС-т багтдаггүй орнууд, үнээр тоглогчдын заль мэх хэмээн Наими хэллээ. Саудын Араб улс үнэ унагах хуйвалдаанд оролцсон гэх мэдээллийг тэрээр няцаалаа. Үнийн уналтын дараа нефтийн зах зээл сэргэж, “Хар алт”-ны үнэ дахин өснө хэмээн сайд үзэж байна. 

No comments:

Post a Comment