Monday, 1 December 2014





НҮБ Сирийн дүрвэгсдэд үзүүлдэг тусламжаа зогсоолоо

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр Сирийн 1.7 сая дүрвэгсдэд олгож байсан хоол хүнсний талоноо зогсоохоос аргагүй байдалд оржээ. Дүрвэгсэд энэ талоноор Иордан, Ливан, Турк, Ирак, Египет дахь дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг байсан аж. Хүнсний талон тараалтыг зогсоосон нь санхүүгийн хомсдолтой холбоотой. Арванхоёрдугаар сард тус байгууллагад зохих санхүүжилт орж ирвэл талон түгээлтийг сэргээх боломжтой юм. “Хүсний талонгүй хоцорсон олон хүн, гэр бүл өлсгөлөнд нэрвэгдэх болно. Тэр тусмаа өвөл болж байхад дүрвэгсдийн байдал улам хүндэрж байна” хэмээн Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдэгдлээ. Ливан, Иордан дахь сири дүрвэгсдийн байдал хамгийн хүнд байгаа ажээ.

Түвдээр дуулаад хорих ял сонсчээ

Хятадын Сычуань мужийн шүүх түвд дуучин Галсан Ярпилд түвд хэлийг сурталчилсан концерт зохион байгуулсан хэмээн дөрвөн жилийн ял оноолоо. Энэ тухай Энэтхэгийн Phayul.com сайт мэдээлэв. Тэрээр концерт дээрээ “Түвдүүд” хэмээх өөрийн зохиосон дуугаа дуулжээ. Галсан энэ дуундаа түвд иргэдийг төрөлх хэлээ сурахыг уриалж, мөн эв нэгдэлтэй байхыг ухуулсан нь улс төрийн агуулгатай байна хэмээн Хятадын хууль сахиулах байгууллагынхан үзсэн байна. Түүний хөгжмийн найруулагч хоёр жилийн ял авчээ.

Бразилд хоёр мянган ядуу хос зэрэг гэрлэв

Бразилийн Рио-де-Жанейро хотын “Мараканазинью” цэнгэлдэхэд хоёр мянга орчим ядуу хос зэрэг гэрлэжээ. Орон нутгийн эрх баригчдын зохион байгуулсан үйл ажиллагаанд хурим хийх мөнгөгүй орлого багатай хосууд хамрагдсан байна. Хоёр мянган хосын гэрлэх ёслолыг 12 мянган зочин, гийчин үзэж, гэрч болжээ. Шинэ хосуудын гэрлэлтийг сайн дурын шүүгч, ламтнууд үнэгүй адислан баталгаажуулж, хотын захиргаанаас бяцхан бэлэг гардуулсан байна.

Аварга могойд сайн дураараа залгиулжээ

Америкийн байгаль судлаач Пол Росоли анаконда аварга могойд сайн дураараа залгиулчихаад буцаж гарч иржээ. Тэрээр мэргэжилтнүүдийн хамтаар Амазон мөрний шугуйд аварга могойг хайж олоод тусгайлан хийлгэсэн битүү хувцас өмсөөд анакондад залгиулсан байна. “Могойны дотрыг өвтгөж, гэмтээхгүйн тулд мөш зөөлхөн, могойн хор нэвтрэхгүй материалаар хувцас хийлгэсэн. Энэ хувцастай могойд залгиулаад ямар байх талаар хэд хэдэн туршилт хийгээд ямар ч аюулгүй гэдгийг нь мэдсэн. Тиймээс би могойд залгиулахдаа үнэхээр айгаагүй” хэмээн Росли ярьжээ. Аварга могойд албаар идүүлж, амьтан тамласан хэмээн амьтны эрхийг хамгаалагчид шүүмжлэхэд Пол Росоли “Аварга могойг гэмтээгээгүй. Энэ амьтны амьдрах орчныг хамгаалах мөнгө босгохын тулд ийм эрсдэлтэй алхам хийсэн. Хүмүүсийг үнэхээр цочролд оруулах зүйл хийхийг хүссэн юм” хэмээн хариу өгчээ.
Нью-Жерсийн уугуул Пол Росоли Перу дахь Амазон мөрний ширэнгэд арваад хүний хамтаар 60 хоног эрэл хайгуул хийсний эцэст залгиулах 7.6 метр урт аварга могойгоо олж барьж авсан байна. Могойд залгиулахдаа өмссөн хувцас нь гурван цаг хүчилтөрөгчөөр хангах баллон, хамтрагчидтай ярилцах холбоо, мөн бичлэг хийх хэд хэдэн камертай байжээ. Түүний аймшиггүй үзүүлбэр энэ бүтэн сайн өдөр Discovery Channel сувгаар гарах юм байна. 

No comments:

Post a Comment