Сөрөг хүчний лидерийг буруутгав
Венесуэльийн эрх баригчид сөрөг хүчний лидер, хатагтай Мария Корина
Мачадог Ерөнхийлөгч Николас Мадурог хөнөөх зорилготой хуйвалдаанд оролцсон
хэмээн буруутгалаа. Түүнийг ийнхүү буруутгасан ч баривчилсангүй. Үүний дараа
Корина Мачадо дэмжигчдийнхээ өмнө гарч ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэхийг уриалжээ.
Сөрөг хүчний лидер гэм буруутай нь тогтоогдвол 8-16 жилийн ял авч магадгүй
байна.
Сөрөг хүчнийхэн Уго Чавесийн залгамжлагч Н.Мадурог шүүх, сонгуулийн системийг
атганда оруулсан хэмээн шүүмжилж байгаа юм. Социалистууд 2015 оны парламентын
сонгуульд өрсөлдөгчдөө шахан гаргахын тулд үүнийг хийсэн хэмээн тэд үзэж байгаа
ажээ. 47 настай Мачадо энэ онд олонтаа болсон эрх баригчдын эсрэг гудамжны
томоохон эсэргүүцлийн хөдөлгөөнийг толгойлж байгаа билээ.
Канадад дахин хоёр фермээс шувууны ханиад илэрчээ
Канадын Британийн Колумб мужийн хоёр фермд шувууны ханиад илэрлээ хэмээн
The Globe and Mail сонин мэдээлэв. Тэдгээр фермийн аж ахуй өмнө нь шувууны
ханиад гарч байсан Чилливак дахь фермээс дэгдээхэй авсан байжээ. Чилливак дахь
фермээс арванхоёрдугаар сарын 2-нд шувууны ханиадны вирус илэрч байсан юм.
Ойрын өдрүүдэд дээрх фермүүдийн 15 мянган шувууг устгалд оруулахаар болоод
байна. 2014 онд Европын газар нутаг дээрх шувууны ханиадны хамгийн том дэгдэлт
Голландад бүртгэгджээ.
Колумбын Засгийн газар, босогчид хэлэлцээгээ сэргээнэ
Колумбын Засгийн газар болон Колумбын босогчдын бүлэг армийн генералыг
хулгайлсны улмаас зогсоод байсан энхийн гэрээ хэлэлцээг сэргээхээр тохиролцлоо.
Энэ тухай хэлэлцээнд зуучилж байгаа Куба, Норвегийн төлөөлөгчид мэдэгдсэн
байна. Босогчдын FARC бүлэг болон Колумбын Засгийн газрын төлөөлөгчдийн уулзалт
арванхоёрдугаар сарын 10-17-нд Кубын Гавана хотод болно. “Мөргөлдөөнийг дэвэргэхээс
сэргийлэх арга замыг эрж хайх” уриан дор уулзалт болно хэмээн Кубын төлөөлөгч
Хосе Луис Понсе ярилаа. FARC бүлгийнхэн Колумбын армийн генерал Рубен Альсатег
14 хоног олзолсны эцэст сулласан юм. Түүнтэй хамт түрүүч Хорхе Родригес, армийн
зөвлөх Глориа Уррего нарыг сулласан байна.
АНУ “Исламын улс” бүлгийг агаараас довтлов
АНУ-ын нисэх хүчин өчигдөр Сири, Ирак дахь “Исламын улс” бүлгийн
байрлалд 25 удаа цохилт өглөө хэмээн Reuters агентлаг Пентагоны төв командлалын
эх сурвалжаас иш татан мэдээлэв. Сири дахь лалын босогчдын байрлалыг 14 удаа,
Ирак дахь босогчдыг 11 удаа агаараас довтолжээ. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад “Америк
тэргүүтэй олон улсын цэргийн эвслийн “Исламын улс” террорист бүлгийн эсрэг
агаарын довтолгоо ямар үр дүн авчрахгүй байна” хэмээн мэдэгдсэний дараа дээрх
цохилтыг өгсөн байна.
Жуулчид хамгийн урам хугалсан газруудыг нэрлэжээ
Reddit судалгааны фирм аялагч, жуулчдын урмыг хамгийн ихээр хугалдаг
газруудыг тодруулахад Египетийн Гиза пирамид, Францын нийслэл Парис хот, Их
Британийн Стоунхенж жагсаалтыг тэргүүлсэн байна. Лондоноос холгүй байдаг
Стоунхенж чулуун хөшөөнд ойртож очиж болдоггүйд жуулчид ихээхэн гомдолтой
байдаг аж. Гиза прамид дээр нойтон хамуу царайлсан ядаргаатай худалдаачид
байдаг, Парисын оршин суугчид гадны зочид, гийчдэд таагүй ханддаг хэмээн
жуулчид хэлж байна.
Лос-Анжелес хот мөн таагүй сэтгэгдэлтэй
хоцорчээ. Жуулчдын баталж буйгаар, тэнд Холливудын Алдрын өргөн чөлөөнөөс өөр
үзээд байх юм байдаггүй аж. Тэд мөн Венец хотын бохир заваан байдал, Дубай
хотын хэт өндөр үнэ өртгийг шүүмжилжээ. Ямайк, Бали, Ниагарагийн хүрхрээ,
Нью-Йоркийн Таймс-сквер, Энэтхэгийн Таж-Махал урам хугалдаг газруудад багтсан
байна.


No comments:
Post a Comment