Monday, 22 December 2014




Хойд Солонгост интернэт алга болов

Хойд Солонгот даяар интернэт ихээхэн доголдож байна хэмээн Associated Press агентлаг уламжлав. Зарим эх сурвалж баталж буйгаар, интернэт бүх орон даяар тасалдаж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэвлэлийн бага хурал хийлгэхдээ, Sony Pictures компани руу кибер халдлага хийсэн Хойд Солонгосын эрх баригчдад зохих хариуг нь өгөх хэрэгтэй хэмээн мэдэгдсэн билээ.
Эдүгээ Хойд Солонгост интернэт доголдсон нөхцөл байдалд Цагаан ордон тайлбар хийхгүй байна. Төрийн департаментын төлөөлөгч Мари Харф хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа “Америкийн хариу арга хэмжээ нүдэнд харагдана. Зарим нь харагдахгүй ч байж болно” хэмээн ярьжээ.

Хамгийн хөгшин горилла сармагчин 58 нас хүрлээ

Охайо мужийн амьтны хүрээлэнд амьдарч буй дэлхийн хамгийн хөгшин горилла сармагчин 58 нас хүрчээ. Коко хэмээх нэртэй гориллагийн төрсөн өдрийн баярыг онлайнаар шууд дажуулжээ. Коко насныхаа баяраар самар, алимны нухаш, зөгийн бал, луувангийн үйрмэг, таргаар хийсэн Охайо мужийн газрын зургийн хэлбэртэй бялуу бэлгэнд авчээ. Хамгийн хөгшин горилла сармагчинд янз бүрийн бэлэг гардуулж, амьтны хүрээлэнгийн ажилчид дуу дуулж өгчээ. Төрсөн өдрийн баярт зуу гаруй зочид хүрэлцэн иржээ.

Сирийн дайн Ливанд 20 тэрбум долларын алдагдал учруулжээ

Сирид дөрвөн жилийн турш үргэлжилж буй иргэний дайн хөрш Ливан улсад 20 тэрбум долларын алдагдал учруулсан хэмээн France 24 телевиз мэдээлэв. “Сирийн хямралтай холбоотой хэд хэдэн хүчин зүйлийн улмаас 20 тэрбум долларын хохиол учраад байна” хэмээн Ливаны Нийгмийн сайд Рашид Дербас хэллээ. Дайнаас болж Ливаны эдийн засаг доголдож буйн зэрэгцээ тус улсад Сирийн сая гаруй дүрвэгч орж ирээд байна. Олон улсын байгууллагаас амласан дүрвэгчдэд үзүүлэх санхүүгийн тусламж ирэхгүй байгаа нь Ливан улсыг хүнд байдалд оруулж байгаа аж.

Э.Сноуден ажилд орж, байр хөлсөлжээ

АНУ-ын тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден Мсоквад ажилд орж, энгийн байр хөлслөн амьдрах болжээ. Энэ тухай түүний өмгөөлөгч Анатолий Кучерена “Российской газете” сонинд ярьсан байна. “Тэр мэргэжлээрээ, IT технологийн чиглэлээр нэг компанид ажиллаж байгаа. Тэр ажил хийж байгаа нь тун сайн хэрэг. Учир нь хүн өөрийгөө олж, бие дааж амьдрах нь тун чухал байдаг. Тэрнээс дөрвөн хананы дунд суугаад байвал галзуурна биз. Сноуден Мосвагаар явж, метронд сууж, дэлгүүрт орж хоол хүнс гээд шаардлагатай зүйлсээ худалдан авч байгаа” хэмээн Кучерена ярьжээ. “Миний аюулгүй байдал Орост бүрэн хангагдсан “ хэмээн Сноуден мэдэгдэж байсан юм.

Тунист 88 настай экс спикер Ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ

Тунист болсон Ерөнхийлөгчийн сонгуульд эрх мэдлээсээ зайлуулагдсан Ерөнхийлөгч Бен Алигийн үед парламентын спикерээр ажиллаж байсан 88 настай Бежи Каид Эссебси ялалт байгуулжээ. Тэрээр 55.6 хувийн санал авсан бол, түүний гол өрсөлдөгч, өнөөгийн Ерөнхийлөгч Монсеф Марзуки 44.3 хувийн санал авчээ. Эссебсийн ялалтыг өмнөд хэсгийн Хаммет хотын иргэд “Тэр бол Ерөнхийлөгч асан Бен Алигийн хүн” хэмээн эсэргүүцэж байна. Иргэд “Хуучин дэглэмийнхэн буцаж ирэх ёсгүй” хэмээн хашгиралдаж, дугуй шатаан, цагдаагийн хэсэг рүү дайрчээ. Гэвч цагдаа нар нулимс асгаруулагч ашиглан үймээн дэгдээгчдийг номхруулж чадсан байна.
2011 онд Тунист эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, 1987 оноос хойш төр барьж байсан Ерөнхийлөгч Бен Алиг эрх мэдлээс хүчээр зайлуулсан юм. Бен Али төрийн ихээхэн мөнгийн хулгайлж, Франц руу загтан гарчээ. Тунис дахь эсэргүүцлийн хөдөлгөөн “Арабын хавар”-ын эхийг тавьсан юм.

Италид неофашистуудыг баривчлав

Италийн цагдаа неофашист “Шинэ эмх журам” хэмээх хөдөлгөөний 14 гишүүнийг баривчилжээ. Тэд улстөрч, прокурор, цагдаа нарын эсрэг халдлага үйлдэхээр бэлтгэж байсан хэмээн мэдээлж байна. Неофашист бүлгийн гишүүд арьс өнгөөр ялгаварлах үзлээр халхавчилж аллага үйлдэхээр зэхэж байснаас гадна ардчилсан тогтолцоог сүйтгэх төлөвлөгөө боловсруулсан байжээ.

Баривчлагдсан хүмүүсийн дотор байгаа 48 настай Стефано Маннийг “Шинэ эмх журам” бүлгийн толгойлогч хэмээн үзэж байна. Цагдаагийн ажилтан байсан тэрээр хэт үндсэрхэг үзэлтэй бүлэгтэй холбоо сүлбээтэй байжээ. 1970-аад онд үүсч байсан хэт үндсэрхэг “Шинэ эмх журам” бүлэг нь нууц байдалд шилжин ажиллаж байсныг ийнхүү илрүүлсэн хэмээн хэвлэлд бичиж байна. 

No comments:

Post a Comment