Б.Обама, Р.Кастро нар дипломат харилцаагаа сэргээж буйгаа зарлалаа
АНУ, Кубын хувьд түүхэн өдөр тохиож байна. Хоёр улсын лидер Барак Обама,
Рауль Кастро нар 1961 оны нэгдүгээр сараас хойш тасарсан дипломат харилцаагаа
нэн даруй сэргээх болсноо зарлалаа. Ингэснээр хоёр улс харилцан элчин сайдын
яамаа нээж, АНУ-ын өндөр албан тушаалтнууд Кубад байнга зочилж байхаар болж
байна.
“Арлыг ганцаардуулах бодлого үр дүнгээ өгсөнгүй. Бодлогоо өөрчлөх цаг
ирлээ” хэмээн Обама Вашингтон хотоос мэдэгдсэн бол, Рауль Кастро Гавана хотноо “Хоёр
улсын харилцааг сайжруулах цаг ирлээ” хэмээн онцолжээ. Обама, Кастро хоёр
өнгөрсөн мягмар гаригт Ромын пап лам Франциск гол үүрэг гүйцэтгэсэн 18 сарын
нууц хэлэлцээг төгсгөл болгон 45 минут утсаар ярилцсаны эцэст дээрх мэдэгдлийг
хийсэн байна. Цагаан ордон энэ алхмыг “Түүхэн” хэмээн тодотгосон юм. Хоёр
удирдагч нийслэлдээ мэдэгдэл хийхээс өмнө Кубад таван жил хоригдсон Америкийн
иргэн Алан Гросс суллагдаж Вашингтонд хөл тавьсан байна.
Түүнийг суллах нь харилцааг сэргээх чухал нөхцөлийн нэг байсан. Гаваны
эрх баригчид мөн АНУ-ын талд тагнуул хийсэн хэргээр 20 жил шоронд суусан Кубын
тагнуулын ажилтныг сулласан юм. Вашингтон хариу болгож АНУ-ын нутаг дэвсгэр
дээр тагнуул хийсэн хэргээр олон жилийн ял эдэлж байсан Кубын гурван
тагнуулчийг сулласан байна.
Дипломат харилцааг сэргээж, элчин сайдын яамаа нээснээр Кубын эсрэг
АНУ-ын хориг арга хэмжээ төгсгөл болохгүй аж. Гэвч Б.Обама хориг арга хэмжээг
зөөлрүүлэх шинэ алхам хийх болно хэмээн амлаж байна. Ерөнхийлөгч “Хориг арга
хэмжээний талаарх шийдвэр Конгрессоос хамаарна. Конгресс эцэст нь хоригийг цуцлахад
хүргэх “нэр төртэй, нухацтай” хэлэлцүүлэг өрнүүлэх байх” хэмээн ярьжээ. Америкт
амьдардаг куба гаралтай иргэдийн дунд Кастрогийн дэглэмтэй ойртон нөхөрлөхийг
эсэргүүцдэг хүмүүс олон байдаг. Гэвч Б.Обама тэдэнд хандаж тухайн цаг үедээ “хамгийн
зөв”-д тооцогдож байсан Кубын эсрэг хориг арга хэмжээ арал дээр ямар ч өөрчлөлт
авчраагүйг хүлээн зөвшөөрөхийг хүсчээ. “Миний санал болгож буй зүйл Кубыг нэг
шөнийн дотор өөрчлөхгүй. Гэвч энэ бодлогын ачаар илүү олон ахиц дэвшилд хүрнэ
гэдэгт итгэлтэй байна” хэмээн Цагаан ордны эзэн өгүүлэв.
Ойрын саруудад Гавана хотод АНУ-ын Элчин сайдын яамыг нээж, элчин сайдыг
томилно хэмээн Обама хэллээ. Мөн өндөр тушаалын дипломатууд аралд зочилж, хоёр
улсын хооронд өрнөж буй яриа хэлэлцээг ахисан түвшинд гаргах ажээ. Бас нэг
алхам нь терроризмийг дэмждэг улсуудын жагсаалтаас Кубыг хасах. Обама Төрийн
нарийн бичгийн дарга Жон Керрид хандаж Куба улсыг дээр жагсаалтаас хасах
асуудлыг зургаан сарын дотор шийдэхийг үүрэгджээ. Өнөөдөр дэлхий нийтэд
заналхийлж буй “Аль-Кайда”, “Исламын улс” зэрэг террорист бүлгүүдтэй Куба улс харилцаа,
хамааралгүй гэдгийг Ерөнхийлөгч санууллаа. Түүнээс гадна эдийн засгийн үйл
ажиллагаа, айлчлалын боломжийг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын Сангийн яам,
Нөөцийн газрын дүрэм журамд өөрчлөлт оруулахаар болж байна. Ингэснээр Кубад
аялж, айлчлах америк иргэдийн тоог нэмж, Куба руу илгээдэг мөнгөн гуйвуулгын
хэмжээг 500-гаас 2000 болгон нэмэгдүүлэх ажээ. Мөн Куба руу аялсан хүмүүс 400
долларын үнэтэй бараа, сэлттэй буцаж ирэхийг зөвшөөрөх юм.
Барак Обамагийн засаг захиргаа Кубатай харилцаагаа сэргээх нь үндэсний
ашиг сонирхолтой нь холбоотой байсан. Кубатай муу харилцаатай байх нь Латин
Америктай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлж байгааг Цагаан ордон хүлээн
зөвшөөрч байна. Б.Обама дөрөвдүгээр сард Панамд болох Америкийн дээд хэмжээний
уулзалт дээр Р.Кастротой уулзахаар төлөвлөж байна. АНУ-ын ТӨрийн нарийн бичгийн
даргын туслах Роберт Якобсон 2015 оны нэгдүгээр сард Кубад айлчлахаар боллоо
хэмээн Reuters мэдээлэв. Тэрээр хоёр улсын хоорондох хэлэлцээнд АНУ-ын
төлөөлөгчдийн тэргүүлж байгаа юм.

No comments:
Post a Comment