Sunday, 7 December 2014




Израилийн эсрэг хориг арга хэмжээ авахыг шаардав

Дамаскийн хоёр дүүргийг бөмбөгдсөн Израилийн эсрэг хориг арга хэмжээ авахыг Сири улс шаардлаа. НҮБ-ын тэргүүн болон Аюулгүйн зөвлөлд хандсан захидалд “Израиль улс Сирийн бүрэн эрхт байдлын эсрэг аймшигтай гэмт хэрэг үйлдлээ. Израилийн агаарын довтолгоо Сирид холхидог террорист бүлгүүдийг дэмжихэд чиглэсэн” хэмээн онцолжээ.
Израилийн агаарын хүчин уржигдар Дамаскийн нисэх буудал болон Сири-Ливаны хилээс холгүй орших Ад-Димас хотыг бөмбөгдсөн юм. Довтолгооны зорилго нь зэвсгийн агуулах байсан хэмээн Тель-Авив мэдэгдэж байна. Хүний амь нас хохироогүй ажээ.

Ронни О’Салливан UK Championship-т түрүүллээ

Мэргэжлийн снүүкерийн гурван том тэмцээний (Triple Crown) UK Championship-т Английн тамирчин, дэлхийн таван удаагийн аварга “Пуужин” хочит Ронни О’Салливан түрүүллээ. Тэрээр Ж.Трампыг 10-9 харьцаагаар хожиж аваргын цом, 150 мянган паундын шагналын эзэн болов. 25 настай Трамп 9-4 өөр хожигдож яваад тав дараалан хожиж оноог тэнцүүлсэн ч шийдвэрлэх өрөгт хожигдсон байна. О’Салливан шигшээ 8-д угсраа цохилтоор хамгийн дээд 147 оноог авч 44 мянган паундаар шагнуулсан юм. Ронни О’Салливан мэргэжлийн снүүкерийн гурван том тэмцээнд (World Championship, UK Championship, Masters) тус бүр тав түрүүлсэн хосгүй амжилтын эзэн боллоо. Тэрээр 22 жил снүүкер тоглохдоо нийт найман сая паундын шагнал цуглуулжээ.

Анна Чапман Э.Сноуденийг уруу татах гэж оролджээ

Оросын тагнуулч асан Анна Чапман Америкийн тагнуулч асан Эдвард Сонуденийг өөртөө татах гэж оролдож байсан хэмээн The New York Post сонинд бичжээ. Тагнуулд ойр эх сурвалж мэдээлж буйгаар, Чапман, Сноуден хоёр нэг удаа л уулзсан аж. Үүний дараа Анна өөрийн Твиттер хуудсандаа “Сноуден, чи надтай гэрлэхгүй биз” хэмээн бичиж байсан юм. Америк тагнуулчийг “уруу татах” нь түүнийг Орост тогтоон барьж байхад хэрэгтэй байсан хэмээн бичиж байна.
Анна Чапман 2010 онд АНУ-д баривчлагдаж, Оросын төлөө тагнуул хийж байсан хэрэгт буруутгагдсан билээ. Түүнийг АНУ, Их Британийн талд тагнуул хийж байсан орос иргэдээр солилцож эх оронд нь авчирсан юм.

Хөлөг онгоцны осол 70 хүний аминд хүрэв

Йемений эрэг орчимд хөлөг онгоц живсний улмаас 70 орчим хүн амь насаа алдлаа хэмээн тус улсын эрх баригчид мэдээлэв. Хөлөг онгоцонд явж байсан зорчигчдийн ихэнх нь Этиопийн цагаачид байжээ. Осол болсон газар цаг агаар муу байсан хэмээн мэдээлж байна. Этиоп, Сомалийн хэдэн мянган иргэн жил бүр Улаан тэнгисийг гаталж Йеменд хүрэхийн тулд аюултай аялал хийж амь насаа алддаг. Тэд ихэвчлэн хулгайн замаар, даац хэтрүүлж явдаг тул осолд орох нь элбэг байдаг ажээ.

Саудын Арабт 135 террористыг баривчилжээ

Саудын Арабын эрх баригчид улс орноо террористуудаас цэвэрлэх үйлсийг шийдэмгий хийж 135 хүнийг баривчлан саатуулжээ. Терроризмд сэжиглэгдэн саатуулагдсан хүмүүсийн 26 нь гадаадын иргэд байна. Хаант улсын нутаг дэвсгэр дээр дайн байлдааны ажиллагаанд оролцсон, гадаадын хэт даврагч бүлгүүдтэй холбогдсон, террорист бүлгүүдийг санхүү, мөнгөөр дэмжсэн, дайчлан элсүүлэх ажиллагаа явуулсан, тэсрэх бөмбөг хийсэн зэрэг үндэслэлээр дээрх хүмүүсийг баривчилжээ. Мөн өөр 17 хүнийг бослого дэгдээсэн, зөвшөөрөгдөөгүй жагсаал цуглаан хийсэн, Эль-Авами хотод аюулгүйн хүчнийхэнтэй буудалцсан хэмээн саатуулаад байна.

No comments:

Post a Comment