АНУ, Кубын эсперматозойдын дипломат ёс
-Кубыг тагнуулч Херардо Эрнандесийн үрийн шингэний
тээвэрлэлт хоёр улсын харилцааны мөс хайлахад гол нөлөө үзүүлжээ-
Америк, Хятадын хоорондох харилцаа сайжрахад ping pong буюу ширээний теннисийн дипломат ёс (1970-аад оны эхээр
Хятад, Америкийн ширээний теннисийн тоглогчид харилцан тоглолт хийсэн нь улс
төрийн харилцаа сэргэхэд гол нөлөө үзүүлжээ) чухал үүрэг гүйцэтгэж
байв. Тэгвэл өнөөдөр Куба, Америкийн тохиолдол дээр эсперматозойд (үрийн шингэн) дипломатчийн үүрэг гүйцэтгэжээ. Учир нь, АНУ-д бүх насаараа хоригдох ял
эдэлж байсан куба тагнуулч Херардо Эрнандесийн үрийн шингэнийг Кубад аваачсан
нь Хүйтэн дайны сүүлчийн хананы нэг нуран унаж эхлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн
юм.
Херардо өнгөрсөн бямба гаригт хөл хүнд эхнэр Адриана
Пересийн хамт Гаванад олон нийтийн өмнө гарч ирэх хүртэл хамгийн өндөр түвшний
яриа хэлэлцээ дөрвөн жил үргэлжилсэн ажээ. Куба залуу хайртай бүсгүйгээ
жирэмслүүлэхэд 16 жилийн хагацал саад болсонгүй. Тэд охинтой болвол Paz буюу Энх тайван гэж нэрлэхээр болжээ. 2010 онд Барак Обама Цагаан ордонд
ирсний дараа хоёр улсын харилцаанд сайжрал бий болсны хүрээнд Кубын тал анх энэ
сэдвийг хөндсөн аж. Гэвч тэр үед Америкийн шоронгийн системийн дагуу хоригдлыг
эхнэртэй нь дотно байдлаар уулзуулах боломжгүй байсан юм.
Шоронгоос хэн нэгэн хоригдлын үрийн шингэнийг авч гарах
боломж байдаг ч куба тагнуулч Эрнандесийн хувьд ямар ч боломжгүй байв. Тэрээр “хэтэрхий
чухал” хоригдол байсан тул хууль эрх зүйн системд ямах нэг алдаа гарах вий
хэмээн ихэд болгоомжилж байлаа. Хажуугаар нь хоёр улсын харилцааны асуудал
ихээхэн нөлөөлж байсан юм. Хүмүүс АНУ-аас Куба руу хяналттай, хязгаарлалттай
аялдаг бол хэдэн сая эсперматозойдыг хэрхэн нэг саванд хийгээд тийшээ авч явж
болох билээ?
2012 оны нэгдүгээр сард Обамагийн зөвлөх Рикардо Зуньига,
Бен Родс нар хоёр талын харилцааг яаж сайжруулж болох талаар Кубын талтай анхны
уулзалтыг хийжээ. Хоёрдугаар сард Ардчилсан намын сенатч, Кубын эсрэг хориг
арга хэмжээг цуцлахыг дэмждэг Патрик Лихи Гаванад айлчиллаа. Түүний уулзсан
хүмүүсийн дотор куба тагнуулчийн эхнэр Перес байжээ. Лихи асуудлыг шийдэх зорилготойгоор
АНУ руу буцлаа. Тэгээд хэвлэл мэдээллээр гараад байдаггүй ч Төрийн
департаментад онцгой нөлөөтэй зөвлөх Тим Рейзерт ханджээ.
Рейзер кубуудад хандаж нэгэн тодорхой санал тавилаа:
Адриана Пересийг жирэмслүүлсний хариуд Гаваны эрх баригчид Кубад тагнуул хийсэн
хэргээр шийтгүүлээд байсан Америкийн иргэн Алан Гроссын шоронгийн нөхцөлийг
сайжруулах. Ийнхүү Гросс хоригдож буй гяндангийхаа гэрлийг шөнөөр унтраалгаж
чадсан гэдэг. Мөн тэрээр Рейзертэй хэд хэдэн удаа утсаар ярьжээ.
Гэвч нөгөө нэг асуудал үлдээд байсан нь Эрнандесийн үрийн
шингэнийг гаргаж авах байв. The New York Times сонинд бичсэнээр, Америкийн
түүхэнд хоригдлыг хиймэл жирэмслүүлэлтэд оролцуулсан ганцхан тохиолдол байсан
аж. Куба тагнуулч Херардо Эрнандесийг хоёр дахь нь болгохын тулд Рейзер хамаг
нэр нөлөөгөө ашиглах хэрэгтэй болов. Эцсийн эцэст түүний хөлдөөсөн үрийн
шингэнийг Панамд аваачиж тэнд Адрианаг жирэмслүүлсэн байна. Тэгээд л АНУ,Кубын
хоорондох мөс хайлж эхэлжээ. Адриана бүсгүй энэ 16 жилийн хугацаанд нөхөртэйгээ
уулзах гэж олон удаа оролдсон АНУ түүнд виз өгөөгүй юм.
Улмаар “Кубын тав”-аас
Америкийн шоронд үлдээд байсан гурван тагнуулч (тэдний нэг нь Эрнандес) суллагдан эх орондоо
ирж, Алан Гросс ч суллагдан АНУ руу буцсан юм. Ерөнхийлөгч Барак Обама 1961
оноос хойш тасарсан дипломат харилцааг сэргээж буйгаа зарлаж, харилцан элчин
сайдын яамаа нээхээр болсон. Ийнхүү 60 орчим жил үргэлжилж буй Кубын эсрэг
хориг арга хэмжээ төгсгөл болоход ойртлоо хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна.Зургийн тайлбар: Херардо Эрнандес эхнэр Адриана Пересийн хамт

No comments:
Post a Comment