Wednesday, 29 April 2015

АНУ-ын олон хотод эсэргүүцлийн жагсаал боллоо


Цагдаагийн хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаал АНУ-ын олон хотод боллоо хэмээн Reuters уламжлав. Балтиморт болсон жагсаалын үеэр хоёр хүн гэмтсэн ч тайвнаар дуусчээ. Тэнд АНУ-ын үндэсний гвардийн гурван мянга орчим цэрэг эмх журмыг сахиулж байна. Цагдаа нарын харгис үйлдлийг эсэргүүцсэн цуглаан Бостон, Фергюсон, Миссури, Вашингтон, Денвер, Сиэттл хотод болжээ. Нью-Йоркт жагссан хүмүүс Манхэттан дүүргийн замын хөдөлгөөнийг хаах гэж оролдсоны дараа цагдаа нар 60 гаруй хүнийг баривчлаад байна. 


Сенатч Б.Сандерс Ерөнхийлөгчийн сунгаанд нэгдлээ

Вермонт мужийн бие даасан сенатч Бернард Сандерс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарлалаа. 73 настай Сандерс сонгуулийн өмнөх кампанит ажлаа Вермонт мужаас эхэлж байгаа аж. Өөрийгөө ардчилсан социалист хэмээн нэрлэсэн сенатч Скандинавын социал-демократ бодлогыг дэмжлэгээ илэрхийлэв. Хэд хоногийн өмнө Техас мужийн Бүгд найрамдах намын сенатч Тед Круз Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо мэдэгдсэн билээ. Ардчилсан намаас экс тэргүүн хатагтай Хиллари Клинтон өрсөлдөхөөр болсон. Одоогоор Ардчилсан намаас түүнтэй эн зэрэгцэх нэр дэвшигч алга байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Х.Клинтоныг дэмжиж байгаа юм.

Таван тн зааны соёог шатаажээ

Чадын Ерөнхийлөгч Идрис Деби, Конгын лидер Дени Сассу-Нгессо нар хууль бус наймаачдаас хураасан таван тн зааны соёог шатаах ажиллагаанд оролцжээ. Браззавиль хотод зэрлэг байгалийг хамгаалах асуудлаар уулзалт болсон юм. Төв Африкийн хоёр улсын лидер хууль бус ан агнууртай тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлжээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдэгдэж буйгаар, дээрх хоёр улс Африк тивийн амьтны аймгийг хууль бус ан агнуураас хамгаалах нэгдсэн стратеги боловсруулахаар ажиллаж байгаа аж. Сүүлийн 30 жилд Африк дахь зааны тоо толгой нэг саяаас 500 мянга болж буурчээ.

Samsung Apple-ийг гүйцлээ


Samsung корпорац ухаалаг гар утасны борлуулалтаар гол өрсөлдөгч Apple-ийг гүйцэж тэргүүлэх боллоо хэмээн аналитик шинжилгээний Strategy Analytics компани мэдэгдлээ. Өмнөд Солонгосын компани энэ оны эхний улиралд 83.2 сая ухаалаг гар утас борлуулжээ. Харин Apple 61.2 сая iPhone борлуулсан байна. Lenovo-Motorola компани 18.8 сая ухаалаг гар утас худалдаж гуравдугаарт оржээ. Хятадын Huawei 17.3 сая борлуулалтаар дөрөвдүгээрт орлоо. 2015 оны эхний гурван сард дэлхий даяар 345 сая ухаалаг гар утас борлогдсон нь өнгөрсөн оны мөн үеээс 21 хувиар илүү үзүүлэлт юм. 


Балбыг сэргээн босгоход таван тэрбум доллар хэрэгтэй

Өнгөрсөн хагас сайн өдрийн хүчтэй газар хөдлөлт, араас нь дараалсан олон сэгсрэлтэд сүйрсэн Балба улсыг сэргээн босгох эдийн засгийн анхны тооцоо гарчээ. Байгалийн гамшгийн хохирлыг арилгахад дор хаяж таван тэрбум доллар шаардлагатай хэмээн улс төр, санхүүгийн эрсдэлийг судалдаг IHS фирм үзэж байна. “Аврах, эрэн хайх ажиллагаанд олон улсын дорвитой тусламж дэмжлэг яаралтай хэрэгтэй байна. Хохирсон, гэмтсэн хүмүүс болон эдийн засгийн урт хугацааны сэргээн босголтод санхүү, техникийн томоохон тусламж хэрэгтэй боллоо” хэмээн тус фирмийн Ази, Номхон далайн салбарын захирал Ражив Бишваш хэллээ.
Балбад барилгын чанар тун муу тул газар хөдлөлтийн төвийн бүсэд  асар их хохирол учирчээ. Тус улс энэхүү газар хөдлөлтийн хор хохирлыг арилгах, сэргээн босголтыг эхлүүлэх боломж, чадвар тун хязгаарлагдмал байгаа аж. Дэлхийн хамгийн ядуу буурай орны нэг Балбын дотоодын нийт бүтээгдэхүүн жилд 20 тэрбум доллар байдаг ба сэргээн босголтын зардал нийт эдийн засгийнх нь 25 хувьтай тэнцэхээр байна. Балбад нэг иргэнд ногдох жилийн орлого мянган доллар. Гадаадад ажилладаг гэр бүлийнхээ орлого, гуйвуулгаар амьдардаг олон гэр бүл байдаг. Улс орны цөөхөн орлогын эх үүсвэрийн нэг нь аялал жуулчлал юм. Хүн амын 70  хувь нь газар тариалан, маж ахуйгаар амьдардаг.

Өчигдрийн байдлаар газар хөдлөлтийн улмаас таван мянга 57 хүн амь насаа алдаад байна. Шархдаж гэмтсэн хүний тоо 11 мянгад хүрчээ. 450 мянган хүн орон гэргүй болоод байна. Балбын нийт хүн ам 28 сая. Засгийн газрын тэргүүний хэлж буйгаар, байгалийн гамшигт амь үрэгдсэн хүний тоо арван мянгад хүрч болзошгүй байгаа аж. Эрх баригчид дэд бүтцийг сэргээн босгож, түүхэн барилга байгууламжуудыг сэргээн засварлана хэмээн амлажээ.

Tuesday, 28 April 2015




Нуранги дор 33 цаг байжээ

Балбад нуранги дор 33 цаг байсан эмэгтэйг эсэн мэнд аварчээ. Газар хөдлөх үед Сунита хэмээх эмэгтэй Катманду дахь таван давхар байранд гэртээ байжээ. “Нурангид дарагдсаны дараа өөр ертөнцөд очсон мэт санагдаж байлаа” хэмээн тэрээр ярьжээ. Түүний нөхөр хоёр хүүхэд нь байшин нурахаас өмнө зугтан гарч амжсан юм.
Дөрөвдүгээр сарын 25-нд Балбад 7.9 магнитудын хүчтэй газар хөдөлж, олон зуун байшин барилга нурсан. Чичирхийллийн төв нийслэл Катманду хотоос баруун хойд зүгт 82 км-т байжээ. Үүний дараа газар доор 100 орчим түлхэлт болсон юм. Одоогоор таван мянга орчим хүн амь насаа алдаад байна. Эрх баригчдын мэдээлж буйгаар, газар хөдлөлтөд нас барсан хүний тоо арван мянгад хүрч болзошгүй байгаа аж. Америк, Израиль, Франц, Их Британи, Швейцарь, Польш, Арабын нэгдсэн эмирт улс аврах, эрж хайх ажиллагаанд тусалж байна. НҮБ газар хөдлөлтөд өртсөн хүмүүст зориулж 15 сая доллар гаргахаар боллоо.

“Боко Харам”-тай хийсэн тулалдаанд 230 хүн амь үрэгджээ

Нигерийн Чад нууран дээр Засгийн газрын цэргүүд болон лалын “Боко Харам” бүлгийн хооронд ширүүн тулалдаан боллоо хэмээн Reuters мэдээлэв. Босогчид Чад нууран дээрх Карамга арал руу 26-ны үүрээр дайрч Нигерийн зэвсэгт хүчний 46 цэргийн аминд хүрсэн байна. Өөр 32 цэрэг сураггүй болжээ. Босогчдын тал 156 хүнээ алдав. Арлын 28 оршин суугч тулааны хөлд үрэгджээ. Хэд хоногийн өмнө Нигерийн арми “Боко Харам” бүлэгт хулгайлагдаад байсан 200 охин, 93 эмэгтэйг сулласан юм.

Гүржийн баг дэлхийн аварга болов

Хятадын Чэнду хотод болсон шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Гүржийн эмэгтэйчүүдийн баг 17 оноогоор түрүүллээ. Сүүлчийн тойрогт АНУ-ыг 3,5:0,5 харьцаагаар ялсан оросууд 15 оноогоор хоёрдугаар байрт орлоо. Хятадын баг 11 оноогоор гуравт орсон байна. Тэмцээнд 10 орны баг оролцож тойргоор тогложээ. Дэлхийн аварга Мария Музычукийг багтаасан Украины баг 10 оноогоор тавдугаар байр эзэллээ.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хязгаарлалт хийлээ


Шри-Ланкийн парламентын гишүүдийн олонхи Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хоёроос илүүгүй байлгахын төлөө саналаа өгчээ. Мөн Ерөнхийлөгч 4.5 жил ажилласны дараа парламентыг тараах эрхтэй хэмээн тогтоов. Өмнө нь төрийн тэргүүн нэг жил ажилласны дараа парламентыг тараах эрхтэй байсан юм. 2010 онд хоёр дахь удаагаа сонгогдсон Ерөнхийлөгч Махинда Ражапаксе эрх мэдлээ өргөтгөж цагдаа, шүүх, төрийн албан хаагчдыг өөрийн мэдэлд авч байсан билээ. Шинэ парламент энэ энэ хуулийг цуцалсан байна. Нэгдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Майтрипала Сирисена ялалт байгуулсан юм. 


Индонезид гадаадын долоон хоригдлыг цаазалжээ

Индонезийн эрх баригчид Бразил, Австрали зэрэг дэлхийн улс орнуудын дипломат хүсэлт, шаардлагыг үл тоон хар тамхи наймаалсан хэргээр ялын дээд хэмжээ сонсоод байсан гадаадын долоон хоригдлыг буудан цаазаллаа. Тэднийг өршөөн хэлтрүүлэхийг гадаадын Засгийн газрууд, элчин сайдын яамд, өмгөөлөгчид, хүний эрхийн олон улсын байгууллагууд олон удаа хүссэн ч нэг бразил, хоёр австрали, гурван нигер, нэг гана хоригдлыг уржигдар шөнө цаазалсан байна.
Цаазын ялыг Жакартагийн Засгийн газраас баталсан нарийн чанд хяналт дор гүйцэтгэжээ. Индонезид цаазын ялыг таван жилийн турш түдгэлзүүлсний дараа 2013 онд сэргээсэн юм. Хар тамхины хэрэгтэй гадаадын долоон иргэнийг сүүлийн хэдэн цагийн турш тусгайлан хорьсны дараа дээд зэргийн харуул хамгаалалттай Нусакамбанган арал дээр аваачиж задгай талбайд буудан цааш харуулжээ. Аль цэрэг үхлийн буудалт хийж байгааг мэдэгдүүлэхгүйн тулд цаазлагчдын зөвхөн гурван бууг жинхэнэ сумаар цэнэглэдэг аж. Хоригдлуудын хөл, гарыг нь хүлээд суугаагаар, өвдөглөж, эсвэл босоогоор сум зоолгохыг нь асуудаг. Мөн нүдээ боолгох эсэхийг нь асуудаг байна. Сүүлчийн хүслийг нь хэлүүлсний дараа цаазлагчдын тэргүүн зүрхэн тус газар нь хар тэмдэг тавиад сэлмээрээ дохио өгөхөд бууддаг ажээ.
Жакартагийн шийдвэр дэлхийн улс орнуудын зэвүүцэл, жигшлийг төрүүлээд байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеф, Австралийн Ерөнхий сайд Тони Аббот нар Индонезийн хууль цаазын эрх мэдлийг буруутган хатуу шүүмжлэв. Индонезид хоёр австрали иргэнийг цаазалсны дараа Австрали улс Индонези дахь элчин сайдаа эргүүлэн татлаа хэмээн France-Presse агентлаг уламжлав. “Бид Индонезийн бүрэн эрхт байдлыг хүндэтгэж байна. Гэвч ийм явдал болсонд харамсаж байна” хэмээн Австралийн Ерөнхий сайд Тони Аббот мэдэгджээ. Тэрээр элчин сайдтайгаа зөвлөлдөхөөр дуудсан хэмээн ярилаа.
Гэсэн хэдий ч хар тамхины хэрэгт холбогдсон гадаад иргэдийг хатуу яллахыг Индонезийн иргэд хүчтэй дэмжсэн аж. Өнгөрсөн сард Indo Barometer фирмээс явуулсан судалгаагаар, индонези иргэдийн 84 хувь нь хар тамхины хэрэгтнүүдэд цаазын ял оноохыг дэмжсэн байна. Улс орны Ерөнхийлөгч Жоко Видодо ч энэ төрлийн гэмт хэрэгт ямар ч өршөөл үзүүлэхгүй хэмээн мэдэгдсэн аж.
Гадаад хоригдлууд дотроос бразил үндэстэн Рикардо Гулартегийн тохиолдол ихээхэн маргаан дагуулж байна. Тэрээр зургаан кг кокаин авч яваад баригдсан юм. Рикардо сэтгэцийн өвчтэй хэмээн гэр бүлийнхэн нь баталж байна. Өмгөөлөгчийнх нь хэлж буйгаар, Рикардо Гуларте буудуулж үхнэ гэдгээ ч ойлгоогүй аж. Энэ хэргээр Мари Жейн Велосо хэмээх филиппин эмэгтэй бас цаазын ялаар шийтгүүлсэн ч эцсийн мөчид өршөөгджээ. Велосо хар тамхи зөөвөрлөснийх нь төлөө ажил олж өгнө гэсэн гэмт хэргийн сүлжээний золиос болсон хэмээн өмгөөлөгчид нь заргалдсан юм. Түүнийг хар тамхи зөөлгөхөөр хөлсөлсөн гэдгийг нэг эмэгтэй шүүх дээр гэрчилсэн нь амийг нь аврах гол түлхүүр болжээ.

Monday, 27 April 2015




Apple-ийн борлуулалт 27 хувиар өсчээ

Америкийн Apple компанийн борлуулалт оны эхний улиралд 27 хувиар өслөө хэмээн Reuters уламжлав. Компани гурван сарын дотор 61.2 сая iPhone утас борлуулсан нь 2014 оны мөн үеийнхээс 40 хувиар илүү үзүүлэлт юм. Харин 12.6 сая iPad зарагдсан нь тийм ч сайн үзүүлэлт биш хэмээн Apple компани мэдэгдэлдээ онцолсон байна. Хөрөнгийн бирж дээр Америкийн компанийн хувьцаа  1.6 хувиар өсч, нэгж хувьцаа 134.5 доллараар зарагдаж байлаа. Apple компанийн ухаалаг цагны борлуулалт тун сайн байгааг мэдээлж байна. Ухаалаг цагны борлуулалтын талаарх мэдээллийг зургадугаар сард нэгтгэн дүгнэхээр болжээ.

В.Янукович яагаад тэтгэвэр авахгүй байгааг тайлбарлав

Украины Нийгмийн бодлогын сайд Павел Розенко экс Ерөнхийлөгч Виктор Янукович, Ерөнхий сайд асан Николай Азаров нар яагаад тэтгэвэр авахгүй байгааг тайлбарлажээ. “Виктор Янукович, Николай Азаров нар өнөөдөр тэтгэвэр авахгүй байгаа. Тэд зохих тэтгэвэр, тэтгэмж авах асуудлаар Тэтгэврийн санд хүсэлт гаргаагүй тул Украины газар нутаг дээр тэдэнд тэдэнд тэтгэвэр олгохгүй байгаа” хэмээн Розенко ярьжээ. Экс удирдагчид Киевийн эрх баригчдад хандан хүсэлт гаргавал тэтгэвэр олгох асуудлыг судлана хэмээн мэдэгдлээ. В.Янукович Украинаас зугтан гарахдаа их хэмжээний мөнгийг бэлнээр авч гарсан хэмээн Украины Прокурорын газар үзэж байгаа юм.

 Аушвицын “Үсчин-хоригдол” өөд болов

Польшийн Краков хотод нацистын Аушвиц хорих лагерийн хоригдол асан Йозеф Пацзинский 95 насандаа өөд болов. Тэрээр 1940 онд нацистын бөөнөөр хорих лагерьт орсон анхны польш хүмүүсийн нэг юм. Пацзинский тэнд болж байсан бүх аймшигт үйл явдал, тэр тусмаа хийн камер дахь цаазлалтын гэрч байсан билээ. Тэрээр хорих лагерийн үсчнээр томилогдсоноор аврагдаж чадсан аж. Пацзинский тэнд хоригдож байхдаа Аушвицын комендант Рудольф Хессийн үсийг засдаг байжээ. Хожим нь түүнээс “Хессийг алахыг хүсдэг байсан уу” хэмээн асуухад “Түүнийг алчихвал алчихаар л байсан. Тэгвэл хоригдлуудын талыг нь хийн камерт цаазлах байсан даа” хэмээн хариулж байв. Саяхан Германд Аушвицын хамгаалагч байсан Оскар Гренингийг шүүх хурал эхэлсэн юм. Тэрээр 300 мянган хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагдаж байна.

Ливид алга болсон сэтгүүлчдийн цогцсыг олжээ

Ливид найман сарын өмнө сураггүй алга болсон телевизийн таван сэтгүүлчийн цогцсыг олжээ. “Исламын улс” бүлгийнхэн тэднийг хөнөөсөн хэмээн үзэж байна. Хоолойг нь хэрчсэн сэтгүүлчдийн цогцсыг Ливийн зүүн хэсгийн Байда хотоос холгүй газраас олжээ. Тэд Тобрук хотод орон нутгийн парламентын нээлтийн ажиллагааг сурвалжлахаар яваад сураггүй болсон юм. Сэтгүүлчид жихад дайчдын хяналтад байдаг Дерна хотоор дайраад Бенгази руу явж байсан аж. “Исламын улс” бүлгийн дайчид энэ оны нэгдүгээр сард Японы сэтгүүлч Кенжи Готог зэрлэгээр хөнөөсөн билээ. Японы эрх баригчид золиосны мөнгө өгөхөөс татгалзсаны дараа түүнийг цаазалжээ.

Хятадууд усан үзмийн тариалалтаар Францыг гүйцлээ

Хятад улс дарс үйлдвэрлэх зориулалтын усан үзмийн тариалалтаар Францыг гүйцэж хоёрдугаарт байрт орж ирлээ хэмээн Усан үзэм, дарсны олон улсын байгууллагаас (IOVW) мэдэгдэв. 2014 онд Хятадад 799 мянган га талбайд усан үзэм тариалжээ. Испани 1.02 сая га үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. Франц улс дарсны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг ч тариалалтаараа (793 мянган га) гуравт орж байна. Цаашдаа Хятад улс дарсны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. 2000 оноос хойш Хятад дахь усан үзмийн тариалангийн талбай жил бүр нэмэгдсээр иржээ.


Ерөнхийлөгч рүүгээ манго шидээд байртай болжээ

Венесуэльд насаараа ажиллаад, нийгмийн хөтөлбөрийн урт жагсаалтад ороод аз таарвал байртай болдог. Бас нэг арга байдаг нь Ерөнхийлөгч Николас Мадурогийн ивээл хишиг юм. Улс орны удирдагчтай таараад “сэтгэлийг нь хөдөлгөж” чадвал шууд байртай болж болдгийг Марлени Оливо хэмээх венесуэль бүсгүйн жишээ баталж байна.
Долоо хоногийн өмнө Арагуа мужийн нэгэн жижиг хотод Ерөнхийлөгч Мадуро зочилжээ. Туслахууд нь ард иргэдээс төрийн тэргүүнд хандсан захидлыг цуглуулж явахад гартаа нэг мангоноос өөр юмгүй зогсож байсан Марлени “Чадвал над руу залгаарай” гэж жимсэн дээр бичээд захидал хураах сагс руу шидчихжээ. Гурав хоногийн дараа Н.Мадуро телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Тэр өдөр надад хэдэн захидал ирсэн гэж бодож байна? Дөрвөн мянга гаруй захидал, бичиг ирсэн. Би бүгдийг нь үзсэн. Нэг манго хүртэл байсан” хэмээн ярьжээ. Тэрээр өөрт захидал хэлбэрээр ирсэн манго жимсийг “Чадвал над руу залгаарай” гэсэн бичигтэй нь хамт телевизийн дуранд харуулаад “Замд таарсан манго аз авчирдаг. Энэ мангог илгээсэн иргэн та байртай боллоо. Хэдхэн цагийн дараа байрыг тань гардуулах болно. Өнөө орой энэ мангог би зооглочихно” хэмээн Ерөнхийлөгч хэлжээ.
54 настай Марлени хоёр хүү, нэг үеэл, нэг ачтайгаа ээжийнхээ байранд амьдардаг байсан аж. Удалгүй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кармен Мелендес  Марлени руу утасдаж байр олгож байгааг дуулгасан байна.
Марленийн азтай явдал олон хүнийг урамшуулж, иргэд жимсэн дээр утсаа бичин Ерөнхийлөгч рүүгээ илгээх болжээ. Дараагийн нэгэн арга хэмжээн дээр иргэд Ерөнхийлөгч  манго шидэхээс сэргийлэхийн тулд Мадурогийн сууж явсан автобусны цонхыг хаахаас өөр аргагүй болсон аж.

Уго Чавесийн дараа улс орны жолоог атгасан Николас Мадуро ганц удаа хишгээ хайрласан нь энэ биш юм. Хагас сарын өмнө тарж унах дөхсөн хуучин автомашинаар гэр бүлээрээ явж байсан нэгэн эмэгтэй Каракас орох зам дээр Ерөнхийлөгчийн цуваатай таарчээ. Н.Мадуро зогсч уг автомашинд дөхөж очоод цувааныхаа нэгэн автомашиныг бэлэглэчихээд яваад өгсөн байна.

Sunday, 26 April 2015

Спортын нүүрт ...




“Челси” Эден Азар Премьер лигийн шилдэг тоглогч болжээ

“Челси” клубын тоглогч Эден Азар Английн Премьер лигийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорлоо. Бельги довтлогч энэ улиралд 33 тоглолтод оролцож 13 гоол оруулж, есөн гоолын дамжуулалт өгөөд байна. Тэрээр мөн улирлын билэгдлийн шигшээ багт орсон юм.
Премьер лигийг “Челси” 77 оноотой тэргүүлж байна. “Манчестер Сити”, “Арсенал” арван оноогоор хоцорч байгаа юм. Жозе Моуриньогийн баг үлдсэн дөрвөн тоглолтод таван оноо авахад л аварга болно.

“Байерн” Бундеслигийн аварга боллоо

Мюнхений “Байерн” клуб Германы Бундеслигийн аваргаар 25 дахь удаагаа тодорлоо. Тэдний араас нэхэж буй “Вольфсбург” “Боруссиа Мюнхенгладбах”-т хожигдсоноор Пеп Гуардиолагийн удирдсан баг аварга болох болзлоо хангажээ. Ийнхүү Мюнхений супер клуб дөрвөн тойргийн өмнө аварга болж, сүүлийн гурван жилд босоо хэвээрээ үлдэв. Хоёрдугаар байрт яваа “Вольфсбург” 15 оноогоор хоцорч байна. “Байерн” клуб Аваргуудын лигийн хагас шигшээд Испанийн “Барселона”-тай таараад байгаа билээ. 


Аль Пачино 75 хүрлээ

“Загалмайлсан эцэг”, “Сорвитой нүүр”, “Чөтгөрийн өмгөөлөгч”, “Эмэгтэй хүний үнэр” (Оскарын шагнал хүртсэн) киноны дүрээр алдаршсан Холливудын нэрт жүжигчин Аль Пачино 75 насныхаа ойтой золгож байна.

-Тэрээр Сицилийн цагаачдын гэр бүлд төрж, Нью-Йоркийн гэмт хэрэг бугшсан ядуу дүүрэгт өсчээ. Аль Пачино өсвөр залуудаа зодоон хийж, танхайрч, архи ууж, тамхи татаж, сургуулиа хаяж байжээ. 17 настайдаа бараг бүх шалгалтдаа бүдэрч сургуулиас хөөгдөөд гэрээ орхин явжээ. Гудамжинд хонож, зарлага, зөөгч, цэвэрлэгч, шууданч хийж талхныхаа мөнгийг олж байв. Гэвч тэрээр жүжигчний ажил мэргэжил рүү тэмүүлсээр байлаа. Олон удаа бүтэлгүйтсэний эцэст 1966 онд жүжигчний сургуульд элсчээ. Өнөөдөр тэрээр сургуулийнхаа нэг удирдагч нь билээ.
-Аль Пачино кино урлагт хөл тавиад хүнд бэрх, амаргүй замыг туулжээ. Тэрээр найман оролдлогын эцэст л Оскар авсан юм. Замналынхаа дунд үед уналтад орсон ч дахин сэргэж чадсан байна. Аль Пачино “Загалмайлсан эцэг”-т тоглоод таван сая доллар авч байжээ. Харин анхныхаа томоохон киноноос 35 мянган долларын шагнал авч байв. 2002 онд “Симон” кинонд тоглоод 11 сая долларын цалин авчээ.
-Тэрээр 2011 онд 188 мянган долларын татвар төлөөгүй хэрэгт уналаа. Луйварчин нягтлан нь түүнийг энэ хэрэгт хутгаж орхисон юм. Аль Пачино шийтгэл амсалгүй өнгөрчээ.
-Аль Пачино хэзээ ч гэрлэж байгаагүй ч гурван хүүхдийн эцэг болжээ. Жүжигчин Беверли д’Анжело ихэр хүүхэд төрүүлж өгчээ. д’Анжело жүжиглэх урлагийн багш Ян Террантын охин ажээ. Аль Пачино саяхан гоонь амьдралдаа цэг тавихаар шийдэж телевизийн цуврал киноны од, 35 настай Люсила Солатай ханилах болжээ.

Йемений эрх баригчид хэлэлцээний нөхцөлийг тулгав

Нутгаасаа хөөгдсөн Йемений эрх баригчид улс орны ихэнх хэсгийг хяналтдаа оруулсан хусит босогчидтой хэлэлцээ хийх нөхцөлөө зарлажээ. Босогчдын довтолгооны улмаас Ерөнхийлөгч Мансур Хади зугтаж Саудын Арабт очоод байгаа юм. Яриа хэлэлцээг эхлүүлэхийн тулд босогчид хүнд зэвсэглэлээ хураалгаж, улс төрийн хүчин маягаар хөдлөх ёстой хэмээн Саудын Арабт зугтан гарсан Йемений Засгийн газрын төлөөлөгч Рияд Ясин ярьжээ. Тэрээр хусит босогчдын лидер Абдул Малик аль-Хуси болон экс Ерөнхийлөгч Али Абдала Салехтай хэлэлцээ хийхгүй хэмээн мэдэгдсэн байна.

Н.Назарбаев талархал илэрхийлэв

Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин үнэмлэхүй ялалт байгуулсан Нурсултан Назарбаев дэмжлэг үзүүлсэн ард иргэддээ хандан талархал илэрхийлжээ. “Тусгаар тогтносон энэ он жилүүдэд надад итгэл хүлээлгэж ирсэн иргэн бүртээ, гэр бүл бүхэнд талархаж байна. Ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгууль явуулах нь Казахстаны ард түмний сонголт байсан” хэмээн Назарбаев ярьжээ. Тэрээр Казахстаны Ерөнхийлөгчөөр зургаа дахь удаагаа сонгогдохдоо 97.5 хувийн санал авчээ.

Балтиморт эсэргүүцлийн жагсаал болжээ

АНУ-ын Балтимор хотод хар арьст залуу цагдаагийн гарт амь үрэгдсэний дараа эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Өчигдөр болсон жагсаалын үеэр зургаан цагдаа гэмтжээ. 34 хүнийг баривчлан саатуулаад байна. Жагсагчид зогсоол дээр байсан автомашинуудын цонхыг хагалж танхайрчээ. Эсэргүүцлийн цуглаанд 1200 орчим хүн оролцсон аж.
Дөрөвдүгээр сарын 12-нд 25 настай Фредди Грей хэмээн залуу гудамжинд цагдаа нартай таараад зугтжээ. Цагдаа нар түүнийг баривчилж машинд суулгасны дараа тэрээр түрэмгий аашилсан тул гар хөлийг нь гавласан аж. Фредди Грей долоо хоногийн дараа хүзүү, толгойдоо авсан шархны улмаас нас барсан юм.


Израилийн нисэх хүчин Сирид цохилт өгчээ

Израилийн нисэх хүчин Сирийн хилийн Голаны өндөрлөг дахь босогчдын байрлалд цохилт өглөө хэмээн Associated Press агентлаг уламжлав. Зэвсэглэсэн хэсэг террорист израильчуудын эсрэг ашиглахаар зорилгоор дэлбэрэх бодис ачаад хил рүү ойртож байгааг Израилийн цэргүүд илрүүлсэн тул довтолгооноос урьдчилан сэргийлэхийн тулд агаараас цохилт өгөхөөр шийдсэн хэмээн Тель-Авивын цэргийн яамнаас мэдэгджээ. Агаарын довтолгоо ямар хохирол учруулсан нь тодорхойгүй байна. Голаны өндөрлөгт болсон хэрэг явдлын хариуцлагыг Сири дахь бүлгүүд хүлээсэнгүй.
Дамаск, Тель-Авивын харилцаа олон жилийн турш хурцадмал, маргаантай явж иржээ. Тэр тусмаа Голаны өндөрлөгийн газар нутгийн маргааны улмаас хоёр тал бие биедээ дайсагнасаар ирсэн юм. Израиль улс 1967 оны Зургаан өдрийн дайны эцэст Голаны өндөрлөгийн эзлэн авсан билээ. Сирийн эрх баригчид энэ өндөрлөгийг өөрсдийн газар нутаг хэмээн үзэж, даруй буцааж өгөхийг шаардсаар байна.
Израилийн арми Сирийн нутаг дэвсгэр рүү үе үе гал нээж довтолсоор байна. 2014 оны арванхоёрдугаар сард Израилийн байлдааны нисэх онгоцууд Дамаскийн олон улсын нисэх буудлыг пуужингаар бөмбөгдсөн юм. Мөн Ад-Димас хотод агаараас цохилт өгчээ. Сирийн Засгийн газар энэ довтолгоог “Түрэмгийн гэмт хэрэг” хэмээн үзэж, НҮБ-д хандаж Израилийн эсрэг хориг арга хэмжээ авахыг шаардсан байна.
Үүний хажуугаар, өрнөдийн талыг баримталдаг Сирийн босогчдын “Сирийн чөлөөлөх арми” бүлэг Тель-Авивтай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж саяхан Израиль улс байгуулагдсаны 67 жилийн ойд зориулж мэндчилгээ дэвшүүлжээ.

2011 оноос хойш үргэлжилж буй Сирийн иргэний дайн “Исламын улс” террорист бүлэг үлэмж газар нутгийг эзлэх нөхцөлийн бүрдүүлсэн юм. 2014 оны наймдугаар сард АНУ тэргүүтэй олон улсын цэргийн хүчин “Исламын улс”-ын эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлжээ. Ажиллагааны эхний найман сард лалын босогчид Ирак дахь 13-17 мянган км кв нутаг дээрх хяналтаа алдсан хэмээн Пентагон мэдээлж байна. Гэвч Сири дахь “Исламын улс” бүлгийн байр суурь огтхон ч сулраагүй ажээ.

Зургийн тайлбар: Голаны өндөрлөг

Wednesday, 22 April 2015




Аваргуудын лигийн хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн хагас шигшээд өрсөлдөх багууд тодорчээ. Өчигдөр “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд Реал-Атлетико хариу тоглолтоо хийлээ. Эхний тоглолт 0:0-ээр өндөрлөсөн юм. Хариу тоглолтод эзэн хааны клубын мексик довтлогч Хавьер Эрнандес цорын ганц гоолыг оруулжээ. Ийнхүү хагас шигшээд Испанийн Барселона, Реал Мадрид, Германы Байерн, Италийн Ювентус шалгарлаа. Хагас шигшээгийн сугалаа өнөөдөр Швейцарийн Ньон хотод болно.

ОХУ-ыг босогчдод зэвсэг нийлүүлж байна хэмээн буруутгав

АНУ-ын Төрийн департамент ОХУ-ыг Украины зүүн хэсгийн босогчдод агаараас эсэргүүцэн хамгаалах систем нийлүүлж байна хэмээн буруутгалаа. “Украины зүүн нутагт өнгөрсөн наймдугаар сараас хойш Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах систем маш олон болсныг бид олж мэдлээ. Орос улс үүнд оролцсонд ямар ч эргэлзээ алга” хэмээн АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Мари Харф мэдэгджээ. Мөн ОХУ-ыг босогчдыг сургаж, бэлтгэж байна хэмээн буруутгасан байна. “М.Харфын хэлж буйгаар, оросууд Украины зүүн хилийн дагуу цэргийн хүчээ нэмэгдүүлсээр байгаа аж. ОХУ-ын арми аравдугаар сараас хойш Украины хил дээрх цэргийнхээ тоог ихээхэн нэмэгдүүлсэн хэмээн үзэж байна.

Америк эмэгтэй McDonald's-т гал нээжээ

АНУ-ын Мичиган хотод нэгэн эмэгтэй McDonald's хоолны газраар үйлчлүүлж байхдаа бургер дээр гахайн мах тавихаа мартлаа хэмээн уурлаж буугаар буудаж танхайрчээ. Тэрээр энэ үйлдлийнхээ төлөө гурваас долоон жилийн ял сонсож магадгүй болов. 30 настай Шанека хэмээх бүсгүй бургер захиалжээ. Гахайн махыг нь тавьсангүй хэмээн гомдоллож дахин бургер өгөхийг шаарджээ. Гэвч дахин гахайн махыг нь мартсан байсан тул цухалдаж буу гарган гал нээсэн байна. Золоор хүн гэмтэж бэртсэнгүй. Цагдаа нар эмэгтэйг авч явжээ. Долоо хоногийн дараа шүүх хурал болно хэмээн орон нутгийн хэвлэл мэдээлэв.

Йеменд нөхцөл байдал дордсоор байна

Йемен дахь хүмүүнлэгийн нөхцөл байдал гамшигт хэмжээнд хүрээд байна хэмээн Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс мэдэгдлээ. Нийслэл Сана хотод гэрэл цахилгаан тасраад ес хонож байгаа бол, усны нийлүүлэлт ихээхэн доголдох болжээ. Боомт хот Адений гудамжинд олон арван цогцос хэвтэж байна хэмээн орон нутгийн улаан загалмайн нийгэмлэгийн дарга Робер Мардини хэллээ. Эмнэлгийн тусламж, эм тариа хүргэх ажил саатаад байгаа аж.
Саудын Арабаар толгойлуулсан цэргийн эвсэл Йемен дахь босогчдын байрлалыг бөмбөгдсөөр байх болно хэмээн сануулав. Нийслэл Сана болон томоохон боомт хот Аденийг хяналтдаа аваад байгаа хусит босогчид яриа хэлэлцээг сэргээхийн тулд агаарын бөмбөгдөлтийг зогсоохыг шаардаж байна.

Франц дахь сүмд халдлага үйлдэхээр зэхэж байжээ

Хэт даврагчид Францын христос, каолик шашинтай хүмүүс рүү халдахаар зэхэж байсан хэмээн Ерөнхий сайд Мануэль Валс мэдэгдлээ. “Сүм дугана нь Францын мөн чанар, билэгдэл. Тэд Францын билэгдлийг довтлохоор зэхэж байсан” хэмээн Валс хэлжээ. Хэд хоногийн өмнө Францын цагдаа алжир гаралтай оюутныг баривчилсан юм. Тэрээр бүтэн сайны мөргөлд ирдэг хүмүүс рүү гал нээхээр төлөвлөж байсан хэмээн мэдээлж байна. 24 настай оюутны гэр, автомашиныг нэгжихэд олон сумтай хэд хэдэн буу гарч ирсэн аж. Тэрээр хэд хэдэн сүмийн эсрэг халдлага үйлдэхээр зэхэж байсан бололтой. Өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Парис дахь Charlie Hebdo сэтгүүлийн газар руу алан хядагчид нэвтэрч 12 хүнийг буудаж алсан юм. Мөн супермаркетэд хоёр этгээд гал нээж дөрвөн хүний аминд хүрсэн нь Франц орныг сандралд оруулж байсан билээ.


Пакистаны 10 мянган цэрэг хятад ажилчдыг хамгаална

Пакистаны арми хятад ажилчдыг хамгаалахын тулд тусгай хүчин байгуулах болсноо зарлалаа. Бээжингийн дэглэм Пакистанд эдийн засаг, хөгжлийн шинэ төслүүд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ихээхэн хэмжээний ажиллах хүч нийлүүлэхээр болсон юм. Хятадын лидер Си Зиньпин Исламабадад албаны айлчлал хийж Пакистаны Ерөнхийлөгч Мамнун Хуссейнтэй уулсаны дараа ийм тохиролцоонд хүрлээ хэмээн Пакистаны “Dawn” сонин мэдээлэв.
Хятад, Пакистаны удирдагчид эдийн засгийн томоохон төслүүдэд гарын үсэг зурсныг хэвлэлүүд онцолж байна. Бээжингийн тал хоёр улсын хоорондох эдийн засгийн төсөлд 46 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Энэ төслийн хүрээнд 28 тэрбумын өртөгтэй дэд бүтэц байгуулах 51 гэрээ, тохиролцоонд гарын үсэг зураад байна. Исламабад үүний хариуд Пакистанд ажиллах хятад ажилчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангана хэмээн амлав. Тус улс дахь хятад ажилчид лалын радикал бүлгийнхны довтолгоонд нэг бус удаа өртөж байсан билээ.

Пакистаны арми 10 мянган цэргээс бүрдсэн тусгай хүчнийг байгуулж хятад ажилчдыг хамгаална хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Энэхүү тусгай хүчин нь аюулгүй байдлаар мэргэшсэн хэд хэдэн батальоноос бүрдэх аж. Пакистаны зарим улстөрч, тоймчид энэ мэдээг таагүй хүлээж авчээ. Учир нь сүүлийн үед радикал бүлгүүд Пакистаны үндэсний цөөнх рүү довтлох нь нэмэгдэж байгаа ч эрх баригчид үүний эсрэг олигтой арга хэмжээ авч чадахгүй байгаа аж. Өнгөрсөн сард Лахоре хотын хамгийн ядуу дүүргийн нэгд байдаг хоёр христос сүмд амиа золиослогч этгээд халдлага үйлдэж олон хүний аминд хүрсэн юм. Үндэстний, шашны цөөнхөө хамгаалж чадахгүй байж гадаадын ажилчдыг хамгаалахаар олон зуун саяын зардал гаргаж байна хэмээн тэд Засгийн газраа шүүмжилж байна. Пакистанд үндэстний цөөнх, лал бус шашинтай иргэдийг хамгаалах ажил ихээхэн доголдолтой байдаг. Дээр нь тэдний эсрэг аллага үйлдсэн хүмүүс ямар ч ял шийтгэлгүй хоцрох нь жирийн үзэгдэл болсон ажээ.

Tuesday, 21 April 2015

Мухикаг гол болгоорой


Эрлийз мисс Японыг хоёр хуваажээ

Ариана Мияамото Японд төрсөн, япон хэлээр төгс ярьдаг. Тэрээр Японы гоо бүсгүйгээр тодорч “Дэлхийн мисс”-д энэ улсыг төлөөлөхөөр болов. Гэвч олон япон иргэн түүнийг ийм нэр төртэй байх ёсгүй хэмээн үзэж байна. Ариана бүсгүйн бараан арьс Японы дүр төрхийг илтгэдэг уламжлалт гоо төрхийг илэрхийлэхгүй байгаа нь үүний шалтгаан ажээ. Гейша маягаар нүүрээ будсан цав цагаахан нүүр япон бүсгүйг илтгэдэг байсан бол, өнөөдөр хүүхэлдэйн киноны баатруудтай адилхан дүр төрх давамгайлах болсон юм.
Энэ бүх онцлогийг эвдэн гарч ирсэн Ариана Мияамото “Дэлхийн мисс”-т Японыг төлөөлөх гэж байна. Гэвч түүний хафу буюу эрлийз арьсны өнгө арлын нийгмийг хувааж орхив. Ариана 20 жилийн өмнө япон ээж, афроамерик эцгээс мэндэлжээ. 173 см нуруутай, хүрэн бор царайтай Мияамото эхэндээ гоо бүсгүйн тэмцээнд орорлцохоос татгалзаж байжээ. Гэвч өөр шиг нь эрлийз дотны найз нь Японы нийгэмд гадуурхагдан амиа хорлосны дараа уралдаанд оролцохоор шийдсэн юм.
Тэрс үзэлтнүүд депутат болж чадсангүй

Кубын хараат бус сэтгүүлч Хильдебрандо Чавиано, хориотой Ардчилсан намын гишүүн Юниель Лопес нар мужийн сонгуулийн хоёрдугаар шатанд ялагдал хүлээжээ. Тэд гар өргөж санал хураадаг эхний шатанд ялалт байгуулсан нь дуулиан дэгдээсэн юм. Гэвч дараагийн шатанд эрх баригч намын нэр дэвшигчдийг барсангүй. Хэрвээ тэрс үзэлтнүүд орон нутгийн парламентад сонгогдсон бол нэг намын системтэй Кубын хувьд түүхэн үйл явдал болох байв. Мужийн парламент мужийн усны хангамж, зам засвар, эрүүл ахуйн асуудлыг хариуцаж шийдвэрлэдэг. Ерөнхийлөгч Рауль Кастро сонгуулийн системд өөрчлөлт оруулна хэмээн амлаж байсан билээ.

Чавганы хэмжээтэй алмааз 22 сая долларын үнэ хүрчээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсаас олборлосон ямар ч өө сэвгүй 100 каратын алмааз эрдэнэ Нью-Йоркийн Sotheby's дуудлага худалдаан дээр 22 сая доллараар зарагджээ. Гурван минутын дотор үнэт эрдэнийн чулууг худалдаж авсан эр нэрээ нууцлахыг хүссэн байна. De Beers компанийн олборлосон ийм хэмжээ, чанартай таван алмааз дуудлага худалдаагаар орж байсан юм. Өчигдөр зарагдсан алмааз нь мөс шиг тунгалаг байжээ. 2013 онд “Ягаан од” хэмээн нэрлэгдсэн ягаан өнгөтэй алмааз эрдэнэ дуудлагаг худалдаагаар 83 сая долларын үнэ хүрч байжээ.

Сибирийн ойн түймрийн утаа АНУ-д хүрчээ

Сибирийн ойд гуравдугаар сараас асч эхэлсэн түймрийн утаа АНУ-ын баруун эрэгт хүрчээ. Weather Channel мэдээлж буйгаар, дөрөвдүгээр сарын 18-нд Вашингтонд утаа ажиглагдаж, дараа нь Орегон, Калифорнийн газар нутагт хүрсэн байна. Хиймэл дагуулын зургаас утаа тод харагдаж байгаа аж. Баруун зүгийн хүчтэй салхи түймрийн утааг Америкт хүргэсэн бололтой.
Хакасийн бүгд найрамдах улсад гарсан түймрийн улмаас 34 хүн амиа алдаж, 600 орчим хүн гэтэж бэртээд байна. Забайкальскийн хязгаарт гуравдугаар сарын дундаас түймэр дэгджээ. Мөн Буриадын бүгд найрамдах улсад хэд хэдэн ойн түймэр асч байна. 



Киргизид хувьсгал гарах гэж байна уу

Саяхан Киргизийн нийслэл Бишкек хотод Украины авиакомпани 12 чингэлэг, нийтдээ 152 тн ачааг хоёр өдөрт тээвэрлэн авчирчээ. Дипломат статустай ачаа Киргиз дахь АНУ-ын Элчин сайдын яаманд хаяглагдсан байсан тул хэн ч шалгаж нягталсангүй.
2013 оны арваннэгдүгээр сард Киев дахь Америкийн Элчин сайдын яаманд мөн ийм ачаа ирж байжээ. Тэдгээр чингэлэгт жижиг дэвсгэртээр 60 сая доллар байсан гэдэг. Тэр мөнгөөр Майдан дахь хувьсгалыг “санхүүжүүлсэн” гэж үзэх хүмүүс олон байдаг. Засгийн газрыг эсэргүүцэгчдийг “Ногоон”-оор “угжиж” өнгөт хувьсгалыг гүйцэлдүүлсэн байж ч болох. Энэ тухай Киргизийн хэд хэдэн хэвлэлд бичжээ. Бишкек дахь АНУ-ын Элчин сайдын яам уламжлал ёсоор ямар нэг тайлбар хийсэнгүй.

Рики Мартин хайр хүсч байна

Дуучин Рики Мартин Австралид ирээд “Kiis FM” радиод илэн далангүй ярилцлага өгчээ. Тэрээр хувийн амьдралынхаа талаар нэлээд ярьсан аж. Ижил хүйстэн дуучин санхүүч Карлос Гонсалес хэмээх залуутай гурван жил хамт амьдарч, түрээсийн эхээс төрсөн ихэр хөвгүүдээ хамтдаа өсгөж, бүр гэрлэхээр зэхэж байсан юм. Гэвч тэд 2014 оны нэгдүгээр сард салжээ.

Энэ салалт хүнд цохилт болж, удаан мартагдсан ч эдүгээ шарх нь анисан хэмээн Рики өгүүлж байна. Өрх толгойлсон эцэг Рики Мартин одоо шинэ хайрыг хүсч буйгаа ярьжээ. “Хүүхдүүдийнхээ дураараа занг яаж засах вэ гэж боддог юм. Тэд охин дүүтэй болчихвол дүүгээ асарч, эрхлүүлж, тоглож зан ааш нь зөөлрөх байх. Би ч чадахаараа үлгэр үзүүлнэ” хэмээн пуэрто-рико гаралтай дуучин сэтгэлээ уудалжээ. Тэрээр шинэ найз залуутай болж, дахин түрээсийн эхийн тусламжтайгаар охинтой болохыг хүсч байгаа аж. Р.Мартин One World Tour концертоо Австрали, Шинэ Зеландад тоглож дуусаад шинэ амьдралаа эхлүүлэхээр төлөвлөжээ. 


Хосе Мухика ингэж хариулав

Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе Мухика (79 настай) ВВС агентлаг-ийн уншигчдын асуултад ингэж хариулжээ. Асуулт Иран, Индонез, Тайланд, Азербайжан зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс, мэдээж Латин Америкийн орнуудаас ирсэн байна. Зарим сонирхолтой хариултыг тоймлоё.
Тэрээр энгийн даруу байдлынхаа талаар “Даруу байдал бол хэнд ч тулгахыг эрмэлздэггүй гүн ухаан юм. Гэвч даруу, энгийн байснаараа бууж өгч, найр тавьж буй хэрэг биш” гэжээ. “Бид өөрсдөө амьдарч буй дэлхийн соёл уламжлалыг би өөрчилж чадахгүй. Гэхдээ би өөрийнхөө амьдралаар амьдарч, аливааг хэрхэн харж буйгаа хэлж, илэрхийлж болно” хэмээн нэмж хэлэв.
Хосе Мухика мөнгө, улс төр хоёр хутгалдаж болохгүй гэсэн байр сууриа дахин хамгаалав. “Мөнгөнд дуртай хүмүүс байвал түүнийгээ үйлдвэрлэл, худалдаанд оруул. Улс төрд бүү ойрт”.
Дахин Ерөнхийлөгч болох сонирхолтой байгаа эсэхийг олон хүн асуужээ. “Өнөөдрийнх шиг эрүүл саруул байвал дахин Ерөнхийлөгч болоход ямар ч асуудал алга. Гэхдээ л би хэтэрхий хөгширчээ” гэв.
Хамгийн жаргалтай мөчөө хуваалцахыг хүсэхэд “Шоронд олон жил хоригдож байгаад эрх чөлөөтэй болоход жинхэнэ аз жаргалыг мэдэрч байлаа. Ерөнхийлөгч болоод аз жаргалтай болсон гэвэл тэрэн шиг тэнэг зүйл байхгүй. Энэ хоёрыг харьцуулах ч юм биш” хэмээн хариулав.
Одоо юунд санаа зовниж буйг асуухад “Ядуурал байсаар байгаа нь хамгийн их сэтгэл зовоож байна. Би яагаад үүнийг өөрчлөөгүй юм бэ гэж үү? Яагаад гэвэл бодит байдал их зөрүүд юм байна лээ” хэмээн ярилаа. 

Monday, 20 April 2015

дөрвөн мэдээ хийлээ.. Өчигдрийн гол материалтай хамт оруулчаарай



Жеб Буш Европт айлчилна

Флорида мужийн экс захирагч, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай байгаа Жеб Буш ирэх зургадугаар сард Европт ажил хэргийн айлчлал хийхээр зэхэж байна хэмээн Associated Press мэдээлэв. Бушийн гэр бүлийн хамгийн идэвхтэй төлөөлөгч болоод байгаа тэрээр Германд эдийн засгийн чуулганд оролцож, Эстони, Польшид очиж Засгийн газрын лидерүүд, бизнесийн төлөөлөлтэй уулзах юм. Ж.Буш эдийн засгийн сэдвээс гадна Зүүн Европ дахь аюулгүй байдлын талаар ярилцах бололтой. Жеб Буш АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд дэлхий нийтийн анхааралд өртөхийг хүсч байна хэмээн зарим тоймч, ажиглагч үзэж байна. Түүний аав Жорж Буш АНУ-ын 41 дэх (1989-1993), ах Жорж Буш 43 дахь (2001-2009) Ерөнхийлөгч билээ.

Оросууд 3.5 тэрбум долларын барааг Хятадаас захиалж авчээ

ОХУ-ын иргэд 2014 онд интернэт дэлгүүрээс таван тэрбум долларын бараа худалдаж авчээ. Үүний 70 хувь нь буюу 3.5 тэрбум долларын барааг зөвхөн Хятадын онлайн дэлгүүрээс авсан байна хэмээн “Новости” агентлаг уламжлав. Оросууд өнгөрсөн онд Хятадын интернэт дэлгүүрээс 50 сая орчим захиалга хийсэн нь 2013 оныхоос 40 хувиар илүү байгаа юм. Оросуудын хамгийн их худалдаа хийдэг хятад дэлгүүр нь AliExpress. Мөн TaoBao, Tmall, DX.com, DangDang, LightInTheBox.com зэрэг онлайн дэлгүүрээс бараа захиалах нь элбэг байна.

35 жилийн дараа дүрвэгсдийн тоо тэрбумыг давна

2050 онд янз бүрийн шалтгаанаар орон гэр, эх орноо орхин дүрвэгсдийн тоо нэг тэрбумд хүрч болзошгүй хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдлээ. Хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй болоод байгаа хүмүүсийн тоо сүүлийн арван жилд хоёр дахин өссөнийг тэрээр онцоллоо.
Ливийн эрэг орчимд олон зуун дүрвэгч амиа алдсан нь томоохон сургамж болж, дэлхий нийт энэ асуудлаар дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон хэмээн үзэж байна. Дөрөвдүгээр сарын 19-нд Газар дундын тэнгист 700 орчим цагаачтай хөлөг онгоц хөмөрч бараг бүгд амь үрэгдсэн юм. 28 хүнийг л аварч чаджээ.

“Нарны цирк”-ийг хятад, америкуудад худалджээ


Дэлхийд алдартай “Нарны цирк” (Cirque du Soleil)-ийн хяналтын хувьцааг Америк, Хятадын хувийн хөрөнгө оруулалтын TPG Capital LP, Fosun Capital Group компаниуд худалдаж авчээ. “Нарны цирк”-ийг үндэслэгч Ги Лалиберт хувьцааны нэг хэсгийг хадгалж үлджээ. 1984 онд байгуулагдсан дэлхийн хамгийн алдартай нүүдлийн цирк 58 улс оронд 160 сая хүнд тоглолтоо сонирхуулаад байна. “Нарны цирк”-ийн төв байр Монреаль хотод хэвээрээ үлдэх юм. 

Sunday, 19 April 2015

Тэрс үзэлтнүүд депутат болж чадсангүй

Кубын хараат бус сэтгүүлч Хильдебрандо Чавиано, хориотой Ардчилсан намын гишүүн Юниель Лопес нар мужийн сонгуулийн хоёрдугаар шатанд ялагдал хүлээжээ. Тэд гар өргөж санал хураадаг эхний шатанд ялалт байгуулсан нь дуулиан дэгдээсэн юм. Гэвч дараагийн шатанд эрх баригч намын нэр дэвшигчдийг барсангүй. Хэрвээ тэрс үзэлтнүүд орон нутгийн парламентад сонгогдсон бол нэг намын системтэй Кубын хувьд түүхэн үйл явдал болох байв. Мужийн парламент мужийн усны хангамж, зам засвар, эрүүл ахуйн асуудлыг хариуцаж шийдвэрлэдэг. Ерөнхийлөгч Рауль Кастро сонгуулийн системд өөрчлөлт оруулна хэмээн амлаж байсан билээ.

Бөөнөөр хорих лагерийг чөлөөлсний ойг тэмдэглэж байна

Германд дэлхийн II дайны сүүлчийн өдрүүдэд бөөнөөр хорих лагерийг чөлөөлсний 70 жилийн ойг тэмдэглэж байна. Равенсбрюк дахь бөөнөөр хорих лагерийг чөлөөлсний ойн баярт Польшийн Ерөнхийлөгчийн гэргий Анна Комаровска оролцжээ. Тэнд хоригдож байсан хүмүүсийн ихэнх нь польшууд байсан юм. Мөн Берлины ойролцоох Заксенхаузений концлагерь байсан газарт дурсгалын арга хэмжээ болжээ. Заксенхаузенд 50 мянган хүн амь үрэгдсэн юм. Нацизмыг эсэргүүцсэн еврей, польш, оросууд тэнд хоригдож байв. Заксенхаузенийг 1945 оны дөрөвдүгээр сарын 22-нд, Равенсбрюкийг дөрөвдүгээр сарын 30-нд чөлөөлжээ.

Япон, Америк мухардлаас гарахаар чармайж байна

Японы Эдийн засгийн сайд Акира Амари АНУ-тай хийж буй худалдааны гэрээ хэлцэл дээрх ялгаа, үл ойлголцлыг багасгахын тулд боломжтой бүхнийг хийнэ хэмээн амлалаа. Хэлэлцээний хоёр дахь өдөр эхлэхийн өмнө Амари “Хэлэлцээ тун амаргүй явагдаж байна” хэмээн мэдэгджээ. Эхний өдрийн дараа Япон,  Америкийн худалдааны хэлэлцээ мухардалд орсон юм. Токио, Вашингтон хоёр Ази, Номхон далайн бүс нутагт 12 улс орон оролцсон худалдааны чөлөөт бүс байгуулах талаар тохиролцоонд хүрэхээр чармайж байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Ази, Номхон далайн бүс нутагт худалдааны чөлөөт бүс байгуулах нь стратегийн чухал зорилтын нэг хэмээн мэдэгджээ. 


Бээжинд газар доор нэг сая хүн амьдарч байна

Гудамжны шон дээр наасан цаасан дээр “Цэвэрхэн, гар утас, интернэтийн сүлжээтэй, 977, 366 чиглэлийн автобус очдог, халуун ус, гэрэл цахилгаантай, агаар ордог нэг өрөө байр түрээслэнэ” гэсэн зар байх аж. “Агаар ордог” хэмээх хачирхалтай тодотгол нь газар доорх байр гэсэн үг. Гэвч Жао Менгюн зэргийн оршин суугчдыг түрээсийн үнэ соронз мэт татдаг ажээ. “Эхэндээ унтаж байхад агааргүйдээд их тарчилдаг байлаа. Зургаан сарын дараа үүндээ дасаад тоохоо больдог” хэмээн тэрээр өгүүлж байна. Түүний өрөө хорооллын дөрөвдүгээр байранд байдаг. Гэхдээ газраас дээш боссон олон байрны нэг биш, харин газар доор 10-12 метрийн гүнд ажээ. Эндээс хэдхэн алхмын зайд буюу Хятадын нийслэл хотын баруун өмнөд Фэнгтай дүүрэгт таван одтой тансаг зэрэглэлийн Gran Hotel Shanxi зочид буудал байдаг. Shanxi зочид буудал дахь тансаглал болон Жаогийн амьдарч буй нөхцөл нь өнөөгийн Хятад орныг хөдөлгөж буй хоёр туйл болж байна. Худалдагчийн ажил хийдэг залуухан бүсгүй Жао Менгюн Бээжингийн хөгжилд татагдан ирээд газар доор амьдарч байгаа хэдэн зуун мянган хөдөөгийн цагаачдын нэг юм. Газар доор амьдардаг хүмүүсийг орон нутгийн хэвлэлүүд “Шүжү” буюу “Хүн харх” хэмээн нэрлэдэг аж.
“Биднийг юу гэж нэрлэх нь хамаа алга. Надад олон мөрөөдөл бий. Би том хотод амьдрахыг хүссэн учир тосгоноо орхиж ирсэн” хэмээн Хэнань мужийн уугуул бүсгүй ярьж байна. Тэрээр агаарын довтолгооноос хамгаалах оромжийг орон байр болгон хувиргасан байрандаа орохын тулд олон шатаар уруудах хэрэгтэй болдог. Газар доорх байр руу уруудан явж байхад агаар, чийгшилтийн өөрчлөлтийн улмаас бие арзайж, хотын их дуу чимээ шилэн хоолойн гэрэлтүүлгээс гарах байнгын дүнгэнэсэн чимээгээр солигдох аж. Бат бөх төмөр хаалганы цаана урт хонгил байх бөгөөд байрны оршин суугчид Будда болон эд хөрөнгийн хятад бурханд зориулсан жижиг тахил залжээ.
Шүжү буюу хүн хархнуудын ертөнц эндээс эхэлнэ. Урт хонгил,  сувгийн дагуух жижиг өрөөндөө амьдрах хүмүүс жижигхэн гал тогоо, нэг угаалгын өрөө, хоёр жорлонг дундаа хэрэглэдэг. Жорлон гэдэг нь ялгадсаа унагадаг жижиг нүхийг хэлж байгаа бөгөөд зарим үед шүршүүр болгон усанд ордог. “Газар руу хог хаяж болохгүй” гэсэн бичиг ханан дээр байх аж. Гэвч үүнийг мөрдөж буй хүн алга, тэр хавийн газар хогондоо хөглөрч байх ажээ. Жао Менгюний хоног төөрүүлдэг байр нь таван метр кв-аас илүүгүй. Ор нь л өрөөнийх нь гуравны нэгийг эзэлжээ. Тэгээд хоёр жижиг ширээ, нэг хатаагч, хоол хийхэд ашигладаг ширэм байна. Хэд хэдэн хайрцагт гутал хувцсаа хийж давхарлан өржээ.
“Бид 60 юань төлөх юм бол интернэт холбуулж болно. Халуун устай байя гэвэл дахиад 60 юань. Харин өрөөний түрээс нь 700 юань” хэмээн Жао ярилаа. Хөршүүд нь хувцсаа хатаахын тулд өрөөнөөсөө гарч хонгил дахь кабель утас дээр өлгөдөг аж. “Хувцас бараг хатахгүй. Үргэлж чийгтэй байдаг” хэмээн Жаогийн хөрш Ванг Сяошин өгүүлэв. Тэрээр газар доорх сувагт байдаг 40 өрөөний нэгд нь амьдагдаг. Зочид буудлын чиглэлээр сурдаг Ванг ийм нөхцөлд амьдрах аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. “Би азтай л даа. Зочид буудлын чиглэлээр сурч, энд ойрхон зочид буудалд дадлага хийдэг болохоор тэндээ усанд орчихдог” хэмээн нэмж хэллээ. Хайнань арлаас ирсэн 21 настай бүсгүй өрөөгөө Hello Kitty-ийн дүрсээр унтлагын өрөөгөө чимжээ. Сантехникийн хоолойн дээр өлгүүр, утас татаж өөрийн “хувцасны шүүгээ”-г хийсэн байна. “Газар доор амьдрах их хэцүү дарамттай” хэмээн тэрээр хүлээн зөвшөөрч байна.

Хятад улс 1969 онд ЗХУ-тай үзэл суртлын дайн өрнүүлж байхдаа Мао Зедун Бээжингийн хүн амд зориулж газар доорх оромж, хоргодох байр барих тушаал гаргасан юм. Дэн Сяопины эхлүүлсэн нээлттэй бодпогын ачаар хөдөөгийн олон сая тариачин хот руу нүүж ирсэн билээ. Бээжин хот 1995 онд есөн сая хүнтэй байсан бол, өнөөдөр 21 сая хүн амтай. Эрх баригчид нийслэл хот 2020 онд 18 сая хүнтэй байх ёстой хэмээн тооцоолж байсан юм. 1980-аад оноос хойш Бээжинд найман сая орчим хөдөөний иргэд орж иржээ. Үүний улмаас Бээжин дахь дундаж орон сууцны үнэ дундаж цалингаас 13.3 дахин их болсон байна. Нийслэлийн хэдэн зуун мянган оршин суугч газар доорх байрыг сонгохоос аргагүй болсон юм. Эрх баригчид 280 мянган шүжү байдаг гэж байгаа бол бодит байдал дээр энэ тоо нэг саяд хүрдэг ажээ.