Х.Клинтон АНУ-ын
Ерөнхийлөгчид сонгуульд өрсөлдөхөөр шийджээ
Хиллари Клинтон
2016 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийджээ. Тэрээр энэ
тухай өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэв. Хиллари Ардчилсан намаас төрийн
тэргүүний сонгуульд нэр дэвших юм.
“Би Ерөнхийлөгчийн
сунгаанд орж байна. Америкуудад өдөр бүр ивээгч, хамгаалагч хэрэгтэй байдаг. Би
тэр хамгаалагч болохыг хүсч байна” хэмээн Хиллари мэдэгжээ. 67 настай хатагтай
Клинтон сонгуулийн кампанит ажлаа Айова, Нью-Хэмпшир мужаас эхлэхээр болжээ. Цагаан
ордны эзэн Барак Обама Хиллари Клинтоныг “АНУ-ын маш сайн Ерөнхийлөгч болно”
хэмээн санаа бодлоо илэрхийлсэн юм. Обамагийн үзэж буйгаар, тэрээр Төрийн
нарийн бичгийн даргын үүргийг онц сайн биелүүлсэн аж. Хиллари Ерөнхийлөгчийн
сонгуулийн кампаниа дорвитой эхлүүлж, веб сайт, мэдээллээ хүчтэй түгээхийн тулд
Google компанийн топ-тенежер Стефани Ханноныг техникийн захирлаар хөлсөлсөн
тухай Washington Post сонин дөрөвдүгээр сарын 8-нд мэдээлсэн билээ. Ханнон
Клинтоны Нью-Йорк дахь албан өргөөнд ажиллаж, сонгуулийн кампанийн инженер,
менежерүүдийг ахлахаар болжээ.
Одоогийн
байдлаар бүгднайрамдахчуудаас сенатч Тед Круз, Рэнд Пол нар намынхаа сунгаанд
өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд байна. Бүгд найрамдах намаас АНУ-ын
Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаанд Флорида мужийн захирагч асан
Жеб Буш (Ерөнхийлөгч асан бага Жорж Бушийн дүү), Нью-Жерси мужийн захирагч Крис
Кристи, Висконсин мужийн захирагч Скотт Уокер, сенатч Линдси Грэм, Марко Рубио
нар нэмэгдэх бололтой.
2013 онд АНУ-ын
Төрийн нарийн бичгийн даргын албанаас буусан Хиллари Клинтон Ардчилсан намын
хамгийн хүчтэй нэр дэвшигчдийн нэгд тооцогдож байсан ч төрийн тэргүүнд өрсөлдөх
санаархлаа саяхан болтол албан ёсоор зарлаагүй байсан юм. 2014 оны есдүгээр
сард Хиллари Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ битүүхэн ойлгуулахдаа “Ерөнхийлөгчийн
сонгуулийн кампанит ажил намайг ихэд догдлуулж байна” хэмээн мэдэгдэж байв.
Экс тэргүүн
хатагтай Хиллари Клинтон 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанид оролцож,
нам доторх сунгаанд Барак Обамагийн гол өрсөлдөгч байсан билээ. Гэсэн хэдий ч
Ардчилсан намынхан өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамаг намаасаа нэр дэвшүүлэхийг
дэмжсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2016 оны
арваннэгдүгээр сарын 8-нд болно. Төрөх эрхээр иргэншил авсан америк хүн энэ
сонгуульд нэрээ дэвшин өрсөлдөж болно. Нэр дэвшигч 35-аас дээш настай, АНУ-д
дор хаяж 14 жил амьдарсан байх ёстой. Одоогийн Ерөнхийлөгч Барак Обама Үндсэн
хуулийн 27-р заалтын дагуу гурав дахь удаагаа сонгогдож болохгүй ажээ.

No comments:
Post a Comment