Sunday, 5 April 2015



Куба арал интернэтээ хөгжүүлэхийг эрмэлзэж байна

Интернэтийн хэрэглээгээр ихээхэн хоцрогдолтой байдаг Куба улс 2020 оноос өмнө ард иргэдийнхээ тал хувийг дэлхийн цахим сүлжээнд холбож, 60 хувийг нь гар утастай болгохоор хичээж байна. Саяхнаас Куба арал АНУ-тай дипломат харилцаагаа сэргээж, ойртон нөхөрлөх болсон нь интернэт, харилцаа холбооны шинэчлэлийг шинэ шатанд гаргах боломж олгож байгаа юм. “Кубачууд интернэтээ хөгжүүлэх өндөр эрмэлзэлтэй байна. Тэд цахим ертөнцийн хөгжлөөс хоцорч, эдийн засаг, улс орноо хөгжүүлэх боломж, мэдлэгийг авч чадахгүй байгаагаа сайн олйгож байгаа” хэмээн хэд хоногийн өмнө Гавана хотод харилцаа холбооны асуудлаар хэлэлцээ хийсэн АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч ярьжээ.
Куба иргэдийн дөнгөж таван хувь нь гэртээ интернэттэй, 11 сая хүн амынх нь дөнгөж хоёр сая нь гар утас барьдаг аж. Куба арал НҮБ-ын дэргэдэх Харилцаа холбооны олон улсын холбооноос тавьсан зорилтод хүрэхийн тулд зөвхөн улс төрийн хүсэл зориг бус, мөн шаардлагатай дэд бүтцийг бий болгох чадал, боломжоос хамаарч байгаа юм. “Кубын талаас бодит хүсэл зориг байвал харилцаа холбоо хөгжих бүрэн боломжтой. Гаваны эрх баригчид нааштай орчин нөхцөлийг бий болговол интернэтийн үйлчилгээ арал дээр хүссэн хүсээгүй ирэх болно” хэмээн АНУ-ын төлөөлөгч онцоллоо.
Вашингтон Кубатай харилцаагаа шинэ шатанд гаргахдаа харилцаа холбоог ихээхэн чухалчилж байгаа юм. АНУ, Куба хоёр дипломат харилцаагаа сэргээх болсноо өнгөрсөн арванхоёрдугаар сард зарласны дараа хамгийн түрүүнд харилцаа холбооны тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээг худалдааны  хориг арга хэмжээнээс хассан билээ. Өнгөрсөн долоо хоногт Куба, Америкийн төлөөлөгчид Гаванад уулзаж хоёр улсын хоорондох харилцаа холбоог хөгжүүлэх асуудлаар ярилцжээ. Бараг 60-аад жил үргэлжилж буй Кубын эсрэг хориг арга хэмжээний улмаас арлын харилцаа холбооны салбар муу хөгжсөн хэмээн кубууд үзэж байна.
Харилцаа холбооны олон улсын холбоо дэлхийн улс орнуудыг интернэт, харилцаа холбооны хөгжлөөр жагсаахад Куба улс 166 орноос 125-д оржээ. Жирийн куба иргэд ажлын байр, сургууль дээр төрийн хяналттай интернэтэд орох эрхтэй байдаг. Эсвэл төрийн мэдлийн интернэт кафед өндөр үнэтэй интернэт хэрэглэж болно. Одоогоор Кубад нэг цаг интернэт ороход 3-4 долларын үнэтэй байгаа нь дэлхийд хамгийн үнэтэйд тооцогдож байна. Харилцаа холбооны дэд бүтэц муу хөгжсөн, дээр нь АНУ-ын хориг арга хэмжээний улмаас Куба руу болон Кубаас гадаад руу утсаар ярихад маш үнэтэй байсаар байна.

No comments:

Post a Comment