Норвегийн Ерөнхий
сайд цыгануудаас уучлал гуйлаа
Норвегийн
Ерөнхий сайд Эрна Солберг дэлхийн II дайны өмнө болон дараа цыгануудыг
ялгаварлан гадуурхаж байсны төлөө уучлал гуйгаад тэдэнд нөхөн төлбөр олгоно
хэмээн амлав. 1930-аад онд Норвегийн иргэншилтэй байсан 150 орчим цыган
үндэстэн хил даван гарсан ч тэднийг буцаж орж ирэхийг хориглосон юм. Үүний
улмаас 62 цыган Норвегид буцаж очиж чадалгүй нацистын бөөнөөр хорих лагерьт нас
баржээ. Мөн дайны дараа хорих лагериас амьд үлдсэн цыгануудыг Норвегид буцаж
очихыг арван жилийн турш хориглож байсан ажээ. Эдүгээ Норвегид 500 орчим цыган
үндэстэн байдаг. Тэд 1990 оноос хойш нөхөн төлбөр авахаар хөөцөлдөж байгаа юм.
Альбиносуудыг хамгаалахыг
цагдаа нарт зөвшөөрчээ
Малави улсын
цагдаа нар альбинос хүмүүсийг хулгайч, довтлогчоос хамгаалахын тулд галт зэвсэг
хэрэглэх эрхтэй болов. “Альбинос хүмүүсийг бараг өдөр бүр амьтан мэт л алж
байна. Ийм зүйл хийдэг харгис, өршөөлгүй хүмүүстэй мөн ийм аргаар харьцах
хэрэгтэй” хэмээн Малавийн цагдаагийн газрын дарга Качама мэдэгдлээ. Танзани улс
2010 онд мөн альбинос иргэдийг хамгаалах шийдвэр гаргаж байв.
Сүүлийн хоёр
сард Малави улсад зургаан альбинос хүнийг хөнөөжээ. Домч, жатгач нар альбинос
хүний цогцсыг өндөр үнээр худалдаж авдаг байна. Альбинос хүний биеийн хэсгийг
эмийн ургамал, далайн устай холивол амжилт, эд баялаг авчирдаг гэсэн сүсэг
бишрэл байдаг аж. Меланины пигмент хэмээх бодисын дутагдлын улмаас шар цайвар
арьстай төрдөг альбинос хүмүүс Кени, Танзанид цөөнгүй байдаг. 20 мянган хүн
тутамд нэг альбинос хүн төрдөг ажээ.
Канад улс Сири
дахь агаарын довтолгоонд оролцлоо
Канадын нисэх
хүчин Сири дахь “Исламын улс” бүлгийн байрлалыг бөмбөгдөх ажиллагаанд анх удаа
оролцлоо. Канадын байлдааны онгоцууд зөвхөн Ирак дахь лал босогчдын эсрэг
ажиллагаанд оролцож байсан юм. Сирийн газар нутаг дээрх агаарын довтолгоонд ийнхүү
Америк, Иордан, Арабын нэгдсэн эмират, Канад улс нэгдээд байна. Канадын нисэх
хүчний F-18 байлдааны онгоцууд Сирийн Ракка хот орчмын босогчдын байрлалыг
бөмбөгджээ. Тагнуулын төв газрын мэдээллээр, Сири, Иракт хүчээ аваад байгаа “Исламын
улс” бүлэг одоогоор 30 мянган цэргийн хүчтэй болоод байна.
Афган цэрэг
америк цэргийг бууджээ
Афганистаны
зүүн хэсгийн Желалабад хотод Афганы армийн цэрэг америк цэргүүд рүү гал нээжээ.
Нэг америк цэрэг алагдаж, хоёр цэрэг шархадсан байна.
АНУ-ын Элчин
сайдын яамны төлөөлөгч Нангархар мужийн захирагчтай уулзаж байх үеэр энэ хэрэг
явдал болжээ. Цагдаагийн газраас мэдээлж буйгаар, гал нээсэн афган цэргийг
хариу галаар устгасан байна. 2015 он гарснаас хойш афган цэргүүд НАТО-гийн
цэргүүд рүү халдсан хоёр дахь тохиолдол нь энэ юм.
АНУ-ын
Ерөнхийлөгч 1982 оноос хойш анх удаа Ямайкад очлоо
АНУ-ын
Ерөнхийлөгч Барак Обама Карибын тэнгисийн орнуудын дээд хэмжээний уулзалтад
оролцохоор явахдаа Ямайка улсаар дайрчээ. 1982 онд Рональд Рейган энэ арал дээр
ирж байснаас хойш АНУ-ын Ерөнхийлөгч анх удаа хөл тавьж буй нь энэ. Б.Обамагийн
айлчлал 24 цаг үргэлжилжээ. Тэрээр эрчим хүч, аюулгүй байдал, худалдааны
асуудлаар уулзалт, хэлэлцээ хийсэн байна. Цагаан ордны тэргүүн Ямайкаас Панамд
очжээ. Тэнд Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, Кубын лидер Рауль Кастро
нартай уулзаж магадгүй байна.
Чех 2020 онд
еврод нэгдэж магадгүй
Чехийн
Ерөнхийлөгч Милош Земан, Ерөнхий сайд Богуслав Соботка нар улс орноо еврро
бүсэд нэгтгэх боломжийн талаар ярилцлаа хэмээн Prague Poss сонин мэдээлэв. “Чехийн
бүгд найрамдах улс еврод нэгдэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой. Европын
нэгдсэн валютад нэгдэх өдөр, хугацааг тодорхой болгох хэрэгтэй байна. Энэ
боломжийг бүрдүүлэхийн тулд шаргуу ажиллаж байна” хэмээн Ерөний сайд Соботка
хэлжээ. Чех улс 2020 онд еврод нэгдэх боломжтой хэмээн уулзалтын төгсгөлд
дүгнэсэн байна.
Кубуудын 97
хувь нь АНУ-тай харилцаагаа сэргээхийг дэмжжээ
Саяхан явуулсан
санал асуулгаар Кубын иргэдийн 80 хувь нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад
таатай хандаж байгаа нь харагджээ. Арлын иргэдийн 97 хувь нь АНУ-тай дипломат
харилцаагаа сэргээснээр Кубад ашиг тустай хэмээн үзсэн байна. Санал асуулгыг Univision
News сүлжээ, The Washington Post сониноос хамтран явуулжээ.
Вашингтоны
засаг захиргаа Кубыг терроризмийг дэмждэг орнуудын жагсаалтаас хасах гэж байгаа
тухай мэдээ цацагдсан юм. Гэвч ийм шийдвэр гаргахад яарахгүй байгаа хэмээн
Цагаан ордны төлөөлөгч Жон Эрнест мэдэгджээ.


No comments:
Post a Comment