Saturday, 4 April 2015




Фидель Кастро гарч ирэв

Кубын лидер асан Фидель Кастро өнгөрсөн хагас сайнд Венесуэлийн төлөөлөгчидтэй мэндлэхээр олон нийтийн өмнө гарч ирэв. 88 настай Кубын хувьсгалын удирдагч Гавана дахь нэгэн сургууль дээр зочлохдоо венесуэль иргэдтэй уулзаж гар барьжээ. Фидель хамгийн сүүлд 2014 оны нэгдүгээр сарын 8-нд Гавана дахь урлагийн студийн нээлт дээр ирж гэгээн дүрээ олонд харуулж байсан юм.
Ф.Кастрогийн эрүүл мэнд нь муудаж, бүр нас барсан гэх цуу яриа ч дэгдэж байлаа. Фидель Венесуэлийн төлөөлөгчидтэй уулзахдаа бейсболын хар малгай, судалтай цэнхэр цамц өмссөн байв. Куба, Америк хоёр дипломат харилцаагаа сэргээж, хагас зууны сөргөлдөөндөө цэг тавьсны дараа экс удирдагч ийнхүү анх удаа олон нийтийн өмнө гарч ирлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Кубын удирдагч  Руль Кастро нар 1959 оноос хойш тасарсан дипломат харилцаагаа сэргээж буйгаа өнгөрсөн арванхоёрдугаар сарын 17-нд зарласан билээ.

Сорос Украин дээр анхаарлаа хандуулахыг уриаллаа

Европын холбоо Украин дээр онцгой анхаарал хандуулах хэрэгтэй, ойрын гурваас таван сард авах арга хэмжээ энэ улсын ирээдүйн таван жилийн хувь заяаг тодорхойлно хэмээн санхүүч Жорж Сорос мэдэгдлээ. “Украинд байдал тодорхой байна. Владимир Путиний Орос бол түрэмгийлэгч. Украин нь Европын холбоо үндэслэгдсэн тэр үнэ цэнэт зүйлс, зарчмыг хамгаалж байна” хэмээн Сорос хэлжээ. Европын холбоо Грекийн асуудлаас илүүтэй Украины хямралыг шийдэхийн төлөө төвлөрөх хэрэгтэй хэмээн үзэж байна. “Грек бол бүх оролцогчид нь ялагдал хүлээх ямар ч хожилгүй тоглоом” хэмээн унгар гаралтай Жорж Сорос мэдэгдэж байжээ.

Хар тамхи ачиж явсан нисэх онгоц сүйрчээ

Венесуэлийн Кохедес мужид нэг тн хар тамхи ачиж явсан нисэх онгоц сүйрлээ хэмээн Ultimas Noticias агентлаг Дотоод хэрэг, хууль зүйн сайдын мэдэгдлээс иш татан дамжуулав. Нисэх онгоц сүйрсэн газраас гурван хүний цогцос, 999 кг мансууруулах бодис илрүүлсэн байна. Уг агаарын хөлгийг томоохон мафиудын хар тамхи, хууль бус бараа тээвэрлэхэд ашигладаг байсан хэмээн үзжээ. Цагдаа нар ослын шалтгаан болон нисэх онгоцны эзнийг тогтоохоор ажиллаж байна.

Кенид гурван өдрийн гашуудал эхэллээ

Гурав хоногийн өмнө Кенийн Гарисса хот дахь их сургуульд “Аш-Шабаб” террорист бүлгийн дайчид нэвтрэн орж 147 оюутныг буудан хөнөөж, 79 хүнийг шархдуулсан билээ. Эрх баригчид өчигдрөөс эхлэн улс орон даяар гурав хоногийн гашуудал зарлаад байна. Террористууд оюутнуудыг лал, христосоор нь ялгаж христосуудыг нь шууд буудан хороож байжээ. Кени улсын түүхэнд гарч байгаагүй аймшигт аллагатай холбоотойгоор таван хүнийг баривчлаад байгаа юм.

Франц дахь лалын сүмийн тоог хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардав

Франц дахь лал шашны зөвлөлийн удирдагч, Парис хотын лалын сүмийн ламтан Далиль Бубакер Франц дахь лалын сүмийн тоог хоёр жилийн дотор хоёр дахин нэмэгдүүлэхийг эрх баригчдаас шаардлаа. Лал шашны лидерийн хэлж буйгаар, эдүгээ Францад үйл ажиллагаа явуулж байгаа 2200 лалын сүм нь Францын лал хүн амын хувьд хэтэрхий бага байгаа аж. Далиль Бубакер Ле-Бурж хотноо болж буй Францын лал шашны байгууллагуудын хурал дээр ийнхүү мэдэгдсэн байна. Франц улс нь лал шашинтны тоогоороо Европтоо тэргүүлдэг. Тус улсад лал шашин шүтдэг зургаан сая хүн амьдарч байна. 

No comments:

Post a Comment