Tuesday, 28 April 2015




Нуранги дор 33 цаг байжээ

Балбад нуранги дор 33 цаг байсан эмэгтэйг эсэн мэнд аварчээ. Газар хөдлөх үед Сунита хэмээх эмэгтэй Катманду дахь таван давхар байранд гэртээ байжээ. “Нурангид дарагдсаны дараа өөр ертөнцөд очсон мэт санагдаж байлаа” хэмээн тэрээр ярьжээ. Түүний нөхөр хоёр хүүхэд нь байшин нурахаас өмнө зугтан гарч амжсан юм.
Дөрөвдүгээр сарын 25-нд Балбад 7.9 магнитудын хүчтэй газар хөдөлж, олон зуун байшин барилга нурсан. Чичирхийллийн төв нийслэл Катманду хотоос баруун хойд зүгт 82 км-т байжээ. Үүний дараа газар доор 100 орчим түлхэлт болсон юм. Одоогоор таван мянга орчим хүн амь насаа алдаад байна. Эрх баригчдын мэдээлж буйгаар, газар хөдлөлтөд нас барсан хүний тоо арван мянгад хүрч болзошгүй байгаа аж. Америк, Израиль, Франц, Их Британи, Швейцарь, Польш, Арабын нэгдсэн эмирт улс аврах, эрж хайх ажиллагаанд тусалж байна. НҮБ газар хөдлөлтөд өртсөн хүмүүст зориулж 15 сая доллар гаргахаар боллоо.

“Боко Харам”-тай хийсэн тулалдаанд 230 хүн амь үрэгджээ

Нигерийн Чад нууран дээр Засгийн газрын цэргүүд болон лалын “Боко Харам” бүлгийн хооронд ширүүн тулалдаан боллоо хэмээн Reuters мэдээлэв. Босогчид Чад нууран дээрх Карамга арал руу 26-ны үүрээр дайрч Нигерийн зэвсэгт хүчний 46 цэргийн аминд хүрсэн байна. Өөр 32 цэрэг сураггүй болжээ. Босогчдын тал 156 хүнээ алдав. Арлын 28 оршин суугч тулааны хөлд үрэгджээ. Хэд хоногийн өмнө Нигерийн арми “Боко Харам” бүлэгт хулгайлагдаад байсан 200 охин, 93 эмэгтэйг сулласан юм.

Гүржийн баг дэлхийн аварга болов

Хятадын Чэнду хотод болсон шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Гүржийн эмэгтэйчүүдийн баг 17 оноогоор түрүүллээ. Сүүлчийн тойрогт АНУ-ыг 3,5:0,5 харьцаагаар ялсан оросууд 15 оноогоор хоёрдугаар байрт орлоо. Хятадын баг 11 оноогоор гуравт орсон байна. Тэмцээнд 10 орны баг оролцож тойргоор тогложээ. Дэлхийн аварга Мария Музычукийг багтаасан Украины баг 10 оноогоор тавдугаар байр эзэллээ.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хязгаарлалт хийлээ


Шри-Ланкийн парламентын гишүүдийн олонхи Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хоёроос илүүгүй байлгахын төлөө саналаа өгчээ. Мөн Ерөнхийлөгч 4.5 жил ажилласны дараа парламентыг тараах эрхтэй хэмээн тогтоов. Өмнө нь төрийн тэргүүн нэг жил ажилласны дараа парламентыг тараах эрхтэй байсан юм. 2010 онд хоёр дахь удаагаа сонгогдсон Ерөнхийлөгч Махинда Ражапаксе эрх мэдлээ өргөтгөж цагдаа, шүүх, төрийн албан хаагчдыг өөрийн мэдэлд авч байсан билээ. Шинэ парламент энэ энэ хуулийг цуцалсан байна. Нэгдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Майтрипала Сирисена ялалт байгуулсан юм. 

No comments:

Post a Comment