Sunday, 5 April 2015



Филиппинд онц аюултай террористыг устгажээ

Филиппинд хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж байсан террорист Зулкифли бин Хирийг устгасан тухай АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос мэдэгдлээ. Америкийн эрх баригчид бин Хирийн төлөө таван сая долларын шагнал амлаж байсан юм. Филиппины цагдаагийн тусгай ажиллагааны явцад түүнийг илрүүлж устгажээ. 1966 онд Малайзид төрсөн Бин Хир Америкт инженерийн боловсрол эзэмшжээ. Тэрээр Kumpulan Mujahideen Malaysia террорист байгууллагын үүсгэн байгуулсан бөгөөд “Жемаа Исламия” бүлгийн төв командлалын гишүүн байв. 2003 оноос хойш Филиппинд байсан бин Хир “Абу Сайяф” террорист бүлгийн гишүүдэд тэсрэх бөмбөг хийх сургалт явуулдаг байжээ. “Жемаа Исламия” нь “Аль-Кайда”-гийн нэг салбар бөгөөд Филиппинд олон алан хядах ажиллагаа явуулсан юм.

Нөхөн төлбөрийн хэмжээг тогтоожээ

Өмнөд Солонгосын Засгийн газар 2014 оны дөрөвдүгээр сард “Севол” хөлөг онгоцны ослоор амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт олнгох нөхөн төлбөрийн хэмжээг баталжээ. Тэр үеэр амь үрэгдсэн сурагчдын ар гэрийнхэн тус бүр 380 мянган доллар авахаар болов. Сурагчидтайгаа хамт үлдэж амь насаа алдсан багш нарын төрөл төрөгсөд үүнээс илүү хэмжээний нөхөн төлбөр авах юм. Үүний зэрэгцээ хөлөг онгоцны сүйрлийг шалгах ажлыг дуусгаж, шалтгааныг тогтоохыг ар гэрийнхэн нь шаардаж байна.
Сургуулийн сурагч голдуу 476 зорчигчтой “Севол” хөлөг онгоц Чэжү арал руу явж байгаад сүйрч живсэн юм. 300 орчим хүн амь насаа алдсаны ихэнх нь сургуулийн сурагч байжээ. Хөлөг онгоцны ахмад Ли Чун Сок 36 жилийн ялаар шийтгүүлжээ.

“Макдоналдс” цалингаа нэмнэ

Түргэн хоолны хамгийн том сүлжээ “Макдоналдс” АНУ дахь 90 мянган ажилтнуудынхаа цалинг нэмэхээр болжээ. АНУ дахь “Макдоналдс”-ын ажилтнууд эдүгээ цагийн 7.2 долларын цалин авч байгаа бол ирэх оноос эхлэн цагийн 10 долларын хөлс авахаар болж байна. Зарим мужид орон нутгийн хууль дүрмийн дагуу энэ хэмжээ дээш доош хэлбэлзэж болох аж. Гэвч энэхүү цалингийн нэмэгдэл франчайзын эрхээр ажиллаж буй газруудад хамаагүй ажээ. АНУ дахь “Макдоналдс”-ын 90 хувь нь франчайз буюу тухайн компанийн нэрийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг байна.

“Дэлхийн цом-2018”-ыг Оросоос буцаахыг уриалав

АНУ-ын 13 сенатч Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Зепп Блаттерт хандаж 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг Оросоос буцаан авч, энэ тэмцээнийг зохион байгуулах шинэ орныг санал хураалтаар тодруулахыг хүсчээ. “Украин дахь хямралыг төгсгөл болгож, 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулахын тулд Путиний дэглэмийн “Дэлхийн цом-2018” тэмцээний эрхийг нь хураах хэрэгтэй. Орос улсад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох эрхийг өгсөн нь Путиний дэглэмийн нэр хүндийг бататгаж байна. Түүнийг шүүхээр оруулах ёстой” хэмээн сенатчид захидалдаа дурджээ. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-нд ОХУ-д болох юм.

Ирантай тохиролцоонд хүрснийг сайшаалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ирантай цөмийн асуудлаар хийсэн тохиролцоог “Амьдралд ганц олддог боломж” хэмээн нэрлэв. “Иран болон олон улсын зургаан зуучлагчдын хооронд хийсэн тохиролцоо Ойрхи Дорнодод цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх баталгааг олгож байна. Амьдралд ганц олддог боломжийг ашиглах л үлдлээ. Цөмийн зэвсгийн асуудлыг бид эцэслэн шийдэж чадах уу, үгүй юу гэдгийг харцгаая” хэмээн Обама ярьжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын лидер Иран болон бусад орнуудад хандаж “Хэрвээ Израиль ямар нэг улсын довтолгоонд өртөх юм бол бид тэдэнд туслах болно” хэмээн сануулсан байна.

Египетэд лалын дайчид халдлага үйлджээ

Египетийн Каир, Александриа хотод лалын дайчид халдлага үйлджээ. Нийслэл Каир хотод босогчид гадаад орнуудын элчин сайдын яам байдаг Замалек дүүрэг рүү хөтөлдөг гүүрэн дээр бөмбөг тавьж нэг цагдаагийн аминд хүрчээ. Хамгаалалтын хоёр цагдаа, нэг иргэн шархадсан байна. Александриа хотод зэвсэгт этгээдүүд Ариун Рафаэлийн сүм рүү буудчихаад зугтжээ. Довтолгооны улмаас нэг цагдаа, гурван мөргөлчин шархаджээ.

Италид хууль бус цагаачдыг аварчээ

Италийн эргийн харуул Газар дундын тэнгисийг гатлан Итали руу орох гэж явсан 1500 орчим хууль бус цагаачийг аварчээ. Цагаачдыг ачиж явсан гурван хөлөг онгоц аюулын дохио өгчээ. Эргийн харуулынхан ослын газар ирэхэд цагаачид сууж явсан нийтдээ таван хөлөг онгоц аюулд орсон байв. Тэд бүгд Ливи улсаас Италид хөл тавихаар явж байжээ. Өнгөрсөн онд арван мянга орчим хүн Газар дундын тэнгисийг гатлан Итали руу хууль бусаар нэвтрэх гэж оролдсон юм. Тэдний гурван мянга нь далай тэнгист амиа алдсан байна.

No comments:

Post a Comment