Wednesday, 29 April 2015



Балбыг сэргээн босгоход таван тэрбум доллар хэрэгтэй

Өнгөрсөн хагас сайн өдрийн хүчтэй газар хөдлөлт, араас нь дараалсан олон сэгсрэлтэд сүйрсэн Балба улсыг сэргээн босгох эдийн засгийн анхны тооцоо гарчээ. Байгалийн гамшгийн хохирлыг арилгахад дор хаяж таван тэрбум доллар шаардлагатай хэмээн улс төр, санхүүгийн эрсдэлийг судалдаг IHS фирм үзэж байна. “Аврах, эрэн хайх ажиллагаанд олон улсын дорвитой тусламж дэмжлэг яаралтай хэрэгтэй байна. Хохирсон, гэмтсэн хүмүүс болон эдийн засгийн урт хугацааны сэргээн босголтод санхүү, техникийн томоохон тусламж хэрэгтэй боллоо” хэмээн тус фирмийн Ази, Номхон далайн салбарын захирал Ражив Бишваш хэллээ.
Балбад барилгын чанар тун муу тул газар хөдлөлтийн төвийн бүсэд  асар их хохирол учирчээ. Тус улс энэхүү газар хөдлөлтийн хор хохирлыг арилгах, сэргээн босголтыг эхлүүлэх боломж, чадвар тун хязгаарлагдмал байгаа аж. Дэлхийн хамгийн ядуу буурай орны нэг Балбын дотоодын нийт бүтээгдэхүүн жилд 20 тэрбум доллар байдаг ба сэргээн босголтын зардал нийт эдийн засгийнх нь 25 хувьтай тэнцэхээр байна. Балбад нэг иргэнд ногдох жилийн орлого мянган доллар. Гадаадад ажилладаг гэр бүлийнхээ орлого, гуйвуулгаар амьдардаг олон гэр бүл байдаг. Улс орны цөөхөн орлогын эх үүсвэрийн нэг нь аялал жуулчлал юм. Хүн амын 70  хувь нь газар тариалан, маж ахуйгаар амьдардаг.

Өчигдрийн байдлаар газар хөдлөлтийн улмаас таван мянга 57 хүн амь насаа алдаад байна. Шархдаж гэмтсэн хүний тоо 11 мянгад хүрчээ. 450 мянган хүн орон гэргүй болоод байна. Балбын нийт хүн ам 28 сая. Засгийн газрын тэргүүний хэлж буйгаар, байгалийн гамшигт амь үрэгдсэн хүний тоо арван мянгад хүрч болзошгүй байгаа аж. Эрх баригчид дэд бүтцийг сэргээн босгож, түүхэн барилга байгууламжуудыг сэргээн засварлана хэмээн амлажээ.

No comments:

Post a Comment