Saturday, 4 April 2015




Фолклендийн арлын улмаас Аргентиныг тагнаж байжээ

Их Британийн Засгийн газар маргаантай Фолкдендийн арлын (Аргентинд Малвинас арал гэдэг) улмаас Аргентины эрх баригчдыг 2006-2011 онд тагнаж байсан хэмээн АНУ-ын Тагнуулын төв газар болон Үндэсний аюулгүй байдлын агентлагийн экс ажилтан Эдвард Сноудений задруулсан нууц баримтад өгүүлжээ. Энэ тухай ВВС агентлаг Аргентины хэвлэлээс иш татан мэдээлж байна. Дээрх баримт бичгээс үзэхэд, Аргентины тал арлыг дахин эзлэх гэж оролдох вий хэмээн Лондон эмээж байсан аж. Тиймээс Их Британийн тусгай албад Аргентины Засгийн газрыг тагнаж, компьютерийг нь вирусээр халдварлуулах, хуурамч суртал ухуулга хийх зэрэг ажиллагаа явуулж байжээ. Аргентин, Их Британийн эрх баригчид энэ мэдээллийн талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Британийн нефтийн компаниуд Фолкленд арал орчмоос нефть, хийн шинэ орд илрүүлсэн тухай зарлаж байсан билээ. Тэр газар нь Аргентинд хамаардаг тул эдгээр нөөц баялагийг олборлож ашиглах нь хууль бус хэмээн Аргентины Гадаад хэргийн сайд Эктор Тимерман мэдэгдэж байв. Британийн тал Фолкленд арал дахь цэргийн хүчээ нэмэгдүүлэх болсноо хэд хоногийн өмнө зарласан юм. Лондон энэ зорилгоор сүүлийн арван жилд 280 сая паунд (418 сая доллар) зарцуулсан хэмээн Их Британийн Батлан хамгаалахын сайд Майкл Фэллон мэдэгджээ. Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес Лондоны алхмыг хатуу шүүмжилж “Британичууд энэ мөнгөө өөрсдийн ард иргэдийн амьдралыг сайжруулахад зарцуулах хэрэгтэй. Бид хэнд ч ямар ч аюул заналхийлэл учруулаагүй” хэмээн мэдэгдсэн байна.
Аргентины өмнөд хэсэгт орших Фолкденд арлын төлөөх дайн 1982 оны дөрөвдүгээр сарын 2-ноос зургадугаар сарын 20 хүртэл үргэлжилсэн юм. Дайнд 655 аргентин, 255 британи цэрэг амиа алдаж Их Британийн ялалтаар өндөрлөжээ. Аргентин улс 1816 онд тусгаар тогтносон цагаасаа хойш арлыг өөрсдийн газар нутаг хэмээн үзэж байв. 1833 онд британи цэргүүд арлыг эзэлжээ.

Америкийн тагнуулын экс ажилтан Эдвард Сноуден Амеикийн нууц албаны үйл ажиллагааны талаарх маш нууц баримт материалыг сэтгүүлчдэд дамжуулж өгсөн билээ. Америкийн тагнуул, тусгай албад АНУ-ын иргэд болон дэлхийн улс орны лидерүүдийн  телефон утасны яриа, цахим шууданг хэрхэн тагнаж чагнадаг тухай мэдээлэл ийнхүү тархсан ажээ. Сонуден эдүгээ Орост амьдарч байгаа бөгөөд АНУ-д буцаж очвол нууц мэдээлэл задруулсан хэргээр 30 жилийн ял сонсож магадгүй байна. АНУ-ын эрх баригчид шүүхэд иргэний шүүхийн төлөөллийг багтааж шударга шүүх хурлын баталгаа өгч чадвал Сноуден эх орондоо буцаж очиход бэлэн хэмээн мэдэгджээ.

No comments:

Post a Comment