Босогчидтой нөхөрсөг тоглолт хийх санал гаргалаа
Колумбын нийслэл Богота хотын захиргаа Колумбын хувьсгалт
зэвсэгт хүчин (FARC)
болон Колумбын Засгийн газрын хэлэлцээ хийгчдийн хооронд
Кубын Гавана хотноо хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт зохион байгуулах санал
дэвшүүлжээ. Хагас зууны турш дайсагнасан харилцааг төгсгөл болгох тохиролцоонд
хүргэх яриа хэлэлцээний найрсаг уур амьсгалыг улам бэхжүүлэх зорилгоор дээрх
саналыг гаргажээ. Энх тайвны долоо хоногийн хүрээнд Богота хотод домогт Диего
Армандо Марадона ирж оролцсон Энх тайвны төлөөх хөлбөмбөгийн тоглолт зохион
байгуулсны дараа эрх баригчдад ийм санаа төржээ. Колумбын газар нутгийн 30
хувийг хянаж, хар тамхи тариалан гадаадад гаргадаг FARC эрх баригчидтай энхийн тохиролцоонд хүрэхээр Гавана хотноо
хэлэлцээ хийж байгаа юм.
“Их-7”-гийн уулзалтыг 3500 цагдаа хамгаална
Германы Любек хотод болох “Их-7”-гийн дээд хэмжээний
уулзалтын аюулгүй байдлыг сахиулах цагдаагийн 3500 гаруй ажилтан бэлэн байдалд
ороод байна хэмээн LN Online уламжлав. Өчигдрийн байдлаар эхний баривчилгаа явагдаж,
эмх замбараагүй байдалд турхирсан гурван хүнийг саатуулжээ. Харин “Occupy”
хөдөлгөөн 11 идэвхтэн саатуулагдсан тухай мэдээлж байна.
Любек хотод хоёр мянга орчим жагсагч цугларч их
гүрнүүдийн бодлогыг эсэргүүцэхээр бэлтгээд байгаа аж. Олон дэлгүүр, зоогийн
газрын эзэд Франкфурт дахь эсэргүүцлийн хөдөлгөөн, эмх замбараагүй байдал
давтагдахаас сэргийлж хаалгаа барьжээ.
Кубыг терроризмыг дэмждэг орнуудын жагсаалтаас хасна
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Конгресст хандаж Куба
улсыг терроризмыг дэмжигч орнуудын жагсаалтаас хасахыг хүслээ. “Кубын талаарх
олон талын мэдээлэл, дүгнэлт болон Гаваны Засгийн газраас өгсөн баталгааг
нухацтай судалсны эцэст Төрийн нарийн бичгийн дарга Куба улс терроризмыг
дэмжигч орнуудын жагсаалтаас хасагдах болзлоо биелүүлсэн гэж үзлээ” хэмээн
Обама мэдэгдэлдээ онцолжээ. Кубын тал мөн ийм шаардлага тавьж байгаа билээ.
Хоёр орны хоорондох дипломат харилцааг сэргээж, харилцан Элчин сайдын яамаа
нээхэд дээрх “Хар жагсаалт” гол саад болж байгаа юм. Конгресс дээрх хүсэлтийн
талаарх шийдвэрийг 45 хоногт багтаан гаргах ёстой.
Куба улсыг 1982 онд терроризмыг дэмжигч орнуудын
жагсаалтад оруулжээ. Дөрөвдүгээр сарын 11-нд Панамд болсон Америкийн дээд
хэмжээний уулзалт дээр Барак Обама Кубын лидер Рауль Кастротой биечлэн уулзсан
нь ихээхэн үр дүнтэй болсон юм. Эбола вирустэй тэмцэх, сэргээгдэх эрчим хүчийг
хөгжүүлэх зэрэг олон салбарт хамтран ажиллана гэдэг найдаж буйгаа Америкийн
лидер илэрхийлсэн байна.
АНУ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнууд хэрэгт
татагджээ
АНУ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн (DEA) ажилтнууд 2001
оноос хойш Колумбид садар цэнгүүнд оролцож байсан нь илрээд байна хэмээн Ройтерс
агентлаг Засгийн газрын үйл ажиллагааг мөрдөн шалгах үүрэг хүлээсэн АНУ-ын
Конгрессын хорооны дүгнэлтээс иш татан мэдээллээ. Конгрессын гишүүн Элайжи Каммингс мэдээлж буйгаар, DEA-ийн ажилтнууд
биеэ үнэлэгчидтэй арваад үдэшлэг зохион байгуулсан байна. Хэлтсийн арван ажилтан Колумб
улсад АНУ-ын Засгийн газар хөлсөлсөн байранд татвар үнэлэгчдийн мөнгөөр биеэ
үнэлэгчдийг урьж наргисныг тогтоожээ. Тэдний гурав нь хар тамхины мафиас бэлэг,
мөнгө, зэвсэг бэлгэнд авсан байна. Шалгалтын дараа DEA-ийн долоон ажилтан
хэргээ хүлээж, албан тушаалаасаа хөөгджээ.
Жастин Бибер Coachella цэнгүүнээс хөөгдөв
Канадын дуучин Жастин Бибер Калифорнид болсон Coachella
хөгжмийн наадамд ирээд хөөгдөөд гарчээ. 21 настай дуучин рэпчин Дрейкийн дуулж
байсан танхимд орох гэсэн ч VIP хэсэгт сул суудал
байгаагүй тул хамгаалалтынхан түүнийг нэвтрүүлээгүй аж. Бибер “Дрейк өөрөө
намайг урьсан тул суудал байх ёстой” хэмээн зүтгэсэн ч хамгаалагч нар түүнийг
чирж гулдран гаргасан байна. Канад залуу хүч хэрэглэсэн хамгаалалтын албыг
шүүхэд өгнө хэмээн мэдэгдэв. Жастин Бибер уран бүтээлийнхээ хажуугаар зодоон,
хар тамхи, хууль зөрчих зэргээр алдаршсан нэгэн билээ.



No comments:
Post a Comment