Sunday, 26 April 2015



Аль Пачино 75 хүрлээ

“Загалмайлсан эцэг”, “Сорвитой нүүр”, “Чөтгөрийн өмгөөлөгч”, “Эмэгтэй хүний үнэр” (Оскарын шагнал хүртсэн) киноны дүрээр алдаршсан Холливудын нэрт жүжигчин Аль Пачино 75 насныхаа ойтой золгож байна.

-Тэрээр Сицилийн цагаачдын гэр бүлд төрж, Нью-Йоркийн гэмт хэрэг бугшсан ядуу дүүрэгт өсчээ. Аль Пачино өсвөр залуудаа зодоон хийж, танхайрч, архи ууж, тамхи татаж, сургуулиа хаяж байжээ. 17 настайдаа бараг бүх шалгалтдаа бүдэрч сургуулиас хөөгдөөд гэрээ орхин явжээ. Гудамжинд хонож, зарлага, зөөгч, цэвэрлэгч, шууданч хийж талхныхаа мөнгийг олж байв. Гэвч тэрээр жүжигчний ажил мэргэжил рүү тэмүүлсээр байлаа. Олон удаа бүтэлгүйтсэний эцэст 1966 онд жүжигчний сургуульд элсчээ. Өнөөдөр тэрээр сургуулийнхаа нэг удирдагч нь билээ.
-Аль Пачино кино урлагт хөл тавиад хүнд бэрх, амаргүй замыг туулжээ. Тэрээр найман оролдлогын эцэст л Оскар авсан юм. Замналынхаа дунд үед уналтад орсон ч дахин сэргэж чадсан байна. Аль Пачино “Загалмайлсан эцэг”-т тоглоод таван сая доллар авч байжээ. Харин анхныхаа томоохон киноноос 35 мянган долларын шагнал авч байв. 2002 онд “Симон” кинонд тоглоод 11 сая долларын цалин авчээ.
-Тэрээр 2011 онд 188 мянган долларын татвар төлөөгүй хэрэгт уналаа. Луйварчин нягтлан нь түүнийг энэ хэрэгт хутгаж орхисон юм. Аль Пачино шийтгэл амсалгүй өнгөрчээ.
-Аль Пачино хэзээ ч гэрлэж байгаагүй ч гурван хүүхдийн эцэг болжээ. Жүжигчин Беверли д’Анжело ихэр хүүхэд төрүүлж өгчээ. д’Анжело жүжиглэх урлагийн багш Ян Террантын охин ажээ. Аль Пачино саяхан гоонь амьдралдаа цэг тавихаар шийдэж телевизийн цуврал киноны од, 35 настай Люсила Солатай ханилах болжээ.

Йемений эрх баригчид хэлэлцээний нөхцөлийг тулгав

Нутгаасаа хөөгдсөн Йемений эрх баригчид улс орны ихэнх хэсгийг хяналтдаа оруулсан хусит босогчидтой хэлэлцээ хийх нөхцөлөө зарлажээ. Босогчдын довтолгооны улмаас Ерөнхийлөгч Мансур Хади зугтаж Саудын Арабт очоод байгаа юм. Яриа хэлэлцээг эхлүүлэхийн тулд босогчид хүнд зэвсэглэлээ хураалгаж, улс төрийн хүчин маягаар хөдлөх ёстой хэмээн Саудын Арабт зугтан гарсан Йемений Засгийн газрын төлөөлөгч Рияд Ясин ярьжээ. Тэрээр хусит босогчдын лидер Абдул Малик аль-Хуси болон экс Ерөнхийлөгч Али Абдала Салехтай хэлэлцээ хийхгүй хэмээн мэдэгдсэн байна.

Н.Назарбаев талархал илэрхийлэв

Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин үнэмлэхүй ялалт байгуулсан Нурсултан Назарбаев дэмжлэг үзүүлсэн ард иргэддээ хандан талархал илэрхийлжээ. “Тусгаар тогтносон энэ он жилүүдэд надад итгэл хүлээлгэж ирсэн иргэн бүртээ, гэр бүл бүхэнд талархаж байна. Ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгууль явуулах нь Казахстаны ард түмний сонголт байсан” хэмээн Назарбаев ярьжээ. Тэрээр Казахстаны Ерөнхийлөгчөөр зургаа дахь удаагаа сонгогдохдоо 97.5 хувийн санал авчээ.

Балтиморт эсэргүүцлийн жагсаал болжээ

АНУ-ын Балтимор хотод хар арьст залуу цагдаагийн гарт амь үрэгдсэний дараа эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Өчигдөр болсон жагсаалын үеэр зургаан цагдаа гэмтжээ. 34 хүнийг баривчлан саатуулаад байна. Жагсагчид зогсоол дээр байсан автомашинуудын цонхыг хагалж танхайрчээ. Эсэргүүцлийн цуглаанд 1200 орчим хүн оролцсон аж.
Дөрөвдүгээр сарын 12-нд 25 настай Фредди Грей хэмээн залуу гудамжинд цагдаа нартай таараад зугтжээ. Цагдаа нар түүнийг баривчилж машинд суулгасны дараа тэрээр түрэмгий аашилсан тул гар хөлийг нь гавласан аж. Фредди Грей долоо хоногийн дараа хүзүү, толгойдоо авсан шархны улмаас нас барсан юм.

No comments:

Post a Comment