Tuesday, 7 April 2015



Оросууд америк тахианы махыг оруулсангүй

ОХУ-ын Эрүүл ахуйн хяналтын газар Америкийн 175 тн тахианы махыг оруулсангүй. “Латвитай залгаа хил дээрх төмөр замын Пыталово шалган нэвтрүүлэх боомт дээр таван чингэлэг хөлдөөсөн тахианы махыг  саатуулан зогсоолоо” хэмээн Оросын тал мэдэгдэв. Эдгээр тахианы мах нь Оросоор дамжин Казахстанд очих ёстой байжээ. АНУ-ын Эрүүл ахуйн хяналтын батламжийг ОХУ-д урьдчилан хүргүүлээгүй тул Гаалийн холбооны эрүүл ахуйн журмын дагуу дамжин өнгөрөх барааг саатуулан зогсоожээ. 175 тн америк тахианы махыг Латви руу буцаасан байна.

Лейбористууд санал асуулгыг тэргүүлж байна

Их Британид тавдугаар сарын 7-нд парламентын сонгууль болно. Олон нийтийн санал асууулгаар сөрөг хүчний Лейборист нам эрх баригч Консерватив намыг хоёр хувийн саналаар давамгайлж байна хэмээн Reuters уламжлав. Эд Милибанд тэргүүтэй Лейборист намын төлөө сонгогчдын 35 хувь нь саналаа өгөхөөр байгаа бол, Ерөнхий сайд Дэвид Кэмероны нам 33 хувийн санал авахаар байна. Их Британийн Тусгаар тогтнолын нам 14 хувийн санал авч магадгүй байгаа нь судалгаагаар харагдав. Либерал нам найм, Ногоон нам таван хувийн санал авах дүн гарчээ.

15 цагдаа мафийн отолтод оржээ

Мексикийн баруун хэсгийн Халиско мужид хар тамхины мафийнхан 15 цагдааг отолтод оруулж хөнөөлөө хэмээн эрх баригчид мэдэгдэв. Таван цагдаа шархдаж эмнэлэгт хүргэгджээ. Нэг сарын дотор цагдаа нарыг аймшгаар хөнөөсөн хэрэг ийнхүү хоёр дахь удаагаа гарч байна. Халиско муж дахь хар тамхины урсгалыг хянахын төлөө тэмцэл явуулдаг “Халиско-Шинэ үе” мафийн гишүүд цагдаа нарыг гэнэдүүлэн довтолсон бололтой. Энрике Нието 2012 онд Ерөнхийлөгч болсноос хойш улс орны аюулгүй байдлыг эрс сайжруулна хэмээн амлаж, хар тамхины мафиудын эсрэг ширүүн тэмцэл өрнүүлэх болсон юм. Үүнд хорссон мафийнхан ч цагдаа нар руу дайрах нь ихэссэн байна.

Эмэгтэйчүүд АНУ-ын баялгийн 50 хувийг эзэмшиж байна

Америк эмэгтэйчүүдийн гарт 14 их наяд доллар байгаа нь АНУ-ын нийт баялгийн 51 хувь болж байна хэмээн хадгаламжийн хэмжээгээр Канадад тэргүүлдэг Bank of Montreal банк үзэж байна. Америк бүсгүйчүүд эрчүүдээ хэдэн салбарт гүйцэж түрүүлжээ. 1940 онд АНУ-д эмэгтэйчүүд ажиллах хүчний дөнгөж 27 хувийг бүрдүүлж байсан юм. Өнөөдөр эмэгтэйчүүд нягтлан бодохын талбарт 60, эм зүйд 54, менежментийн салбарт 52 хувийг эзлэх болжээ. 2020 онд америк эмэгтэйчүүдийн эзэмших мөнгөний хэмжээ 22 их наяд доллар болно гэсэн тооцоо гарчээ. 

No comments:

Post a Comment