Tuesday, 21 April 2015

Тэрс үзэлтнүүд депутат болж чадсангүй

Кубын хараат бус сэтгүүлч Хильдебрандо Чавиано, хориотой Ардчилсан намын гишүүн Юниель Лопес нар мужийн сонгуулийн хоёрдугаар шатанд ялагдал хүлээжээ. Тэд гар өргөж санал хураадаг эхний шатанд ялалт байгуулсан нь дуулиан дэгдээсэн юм. Гэвч дараагийн шатанд эрх баригч намын нэр дэвшигчдийг барсангүй. Хэрвээ тэрс үзэлтнүүд орон нутгийн парламентад сонгогдсон бол нэг намын системтэй Кубын хувьд түүхэн үйл явдал болох байв. Мужийн парламент мужийн усны хангамж, зам засвар, эрүүл ахуйн асуудлыг хариуцаж шийдвэрлэдэг. Ерөнхийлөгч Рауль Кастро сонгуулийн системд өөрчлөлт оруулна хэмээн амлаж байсан билээ.

Чавганы хэмжээтэй алмааз 22 сая долларын үнэ хүрчээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсаас олборлосон ямар ч өө сэвгүй 100 каратын алмааз эрдэнэ Нью-Йоркийн Sotheby's дуудлага худалдаан дээр 22 сая доллараар зарагджээ. Гурван минутын дотор үнэт эрдэнийн чулууг худалдаж авсан эр нэрээ нууцлахыг хүссэн байна. De Beers компанийн олборлосон ийм хэмжээ, чанартай таван алмааз дуудлага худалдаагаар орж байсан юм. Өчигдөр зарагдсан алмааз нь мөс шиг тунгалаг байжээ. 2013 онд “Ягаан од” хэмээн нэрлэгдсэн ягаан өнгөтэй алмааз эрдэнэ дуудлагаг худалдаагаар 83 сая долларын үнэ хүрч байжээ.

Сибирийн ойн түймрийн утаа АНУ-д хүрчээ

Сибирийн ойд гуравдугаар сараас асч эхэлсэн түймрийн утаа АНУ-ын баруун эрэгт хүрчээ. Weather Channel мэдээлж буйгаар, дөрөвдүгээр сарын 18-нд Вашингтонд утаа ажиглагдаж, дараа нь Орегон, Калифорнийн газар нутагт хүрсэн байна. Хиймэл дагуулын зургаас утаа тод харагдаж байгаа аж. Баруун зүгийн хүчтэй салхи түймрийн утааг Америкт хүргэсэн бололтой.
Хакасийн бүгд найрамдах улсад гарсан түймрийн улмаас 34 хүн амиа алдаж, 600 орчим хүн гэтэж бэртээд байна. Забайкальскийн хязгаарт гуравдугаар сарын дундаас түймэр дэгджээ. Мөн Буриадын бүгд найрамдах улсад хэд хэдэн ойн түймэр асч байна. 

No comments:

Post a Comment