Wednesday, 1 April 2015




Филиппинд онц аюултай террористыг устгажээ

Филиппинд хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж байсан террорист Зулкифли бин Хирийг устгасан тухай АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос мэдэгдлээ. Америкийн эрх баригчид бин Хирийн төлөө таван сая долларын шагнал амлаж байсан юм. Филиппины цагдаагийн тусгай ажиллагааны явцад түүнийг илрүүлж устгажээ. 1966 онд Малайзид төрсөн Бин Хир Америкт инженерийн боловсрол эзэмшжээ. Тэрээр Kumpulan Mujahideen Malaysia террорист байгууллагын үүсгэн байгуулсан бөгөөд “Жемаа Исламия” бүлгийн төв командлалын гишүүн байв. 2003 оноос хойш Филиппинд байсан бин Хир “Абу Сайяф” террорист бүлгийн гишүүдэд тэсрэх бөмбөг хийх сургалт явуулдаг байжээ. “Жемаа Исламия” нь “Аль-Кайда”-гийн нэг салбар бөгөөд Филиппинд олон алан хядах ажиллагаа явуулсан юм.

Хамгийн хөгшин гэр бүл

12 ах дүүгээс бүрдсэн Твидийнхэн (Их Британи) дэлхийн хамгийн хөгшин гэр бүл хэмээн Гиннесийн номд бүртгэгдлээ. Тэд эцэг эхээс 15-уулаа байсан ч эдүгээ дөрөв нь мөнх бусыг үзүүлжээ. 11 ах дүүгийн насыг нэмбэл 1019 жил 336 өдөр болж байна. Тэд энэ аварга амжилтыг өнгөрсөн оны 25-нд тогтоосон ч Гиннесийн номны албан ёсны батламжаа энэ долоо хоногт л гардаж авчээ. Тэд нийтдээ 33 ач, 59 гуч, 17 жичтэй ажээ.

Нөхөн төлбөрийн хэмжээг тогтоожээ

Өмнөд Солонгосын Засгийн газар 2014 оны дөрөвдүгээр сард “Севол” хөлөг онгоцны ослоор амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт олнгох нөхөн төлбөрийн хэмжээг баталжээ. Тэр үеэр амь үрэгдсэн сурагчдын ар гэрийнхэн тус бүр 380 мянган доллар авахаар болов. Сурагчидтайгаа хамт үлдэж амь насаа алдсан багш нарын төрөл төрөгсөд үүнээс илүү хэмжээний нөхөн төлбөр авах юм. Үүний зэрэгцээ хөлөг онгоцны сүйрлийг шалгах ажлыг дуусгаж, шалтгааныг тогтоохыг ар гэрийнхэн нь шаардаж байна.
Сургуулийн сурагч голдуу 476 зорчигчтой “Севол” хөлөг онгоц Чэжү арал руу явж байгаад сүйрч живсэн юм. 300 орчим хүн амь насаа алдсаны ихэнх нь сургуулийн сурагч байжээ. Хөлөг онгоцны ахмад Ли Чун Сок 36 жилийн ялаар шийтгүүлжээ.

“Макдоналдс” цалингаа нэмнэ

Түргэн хоолны хамгийн том сүлжээ “Макдоналдс” АНУ дахь 90 мянган ажилтнуудынхаа цалинг нэмэхээр болжээ. АНУ дахь “Макдоналдс”-ын ажилтнууд эдүгээ цагийн 7.2 долларын цалин авч байгаа бол ирэх оноос эхлэн цагийн 10 долларын хөлс авахаар болж байна. Зарим мужид орон нутгийн хууль дүрмийн дагуу энэ хэмжээ дээш доош хэлбэлзэж болох аж. Гэвч энэхүү цалингийн нэмэгдэл франчайзын эрхээр ажиллаж буй газруудад хамаагүй ажээ. АНУ дахь “Макдоналдс”-ын 90 хувь нь франчайз буюу тухайн компанийн нэрийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг байна.

“Дэлхийн цом-2018”-ын эрхийг Оросоос буцаахыг уриалав


АНУ-ын 13 сенатч Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Зепп Блаттерт хандаж 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг Оросоос буцаан авч, энэ тэмцээнийг зохион байгуулах шинэ орныг санал хураалтаар тодруулахыг хүсчээ. “Украин дахь хямралыг төгсгөл болгож, 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулахын тулд Путиний дэглэмийн “Дэлхийн цом-2018” тэмцээний эрхийг нь хураах хэрэгтэй. Орос улсад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох эрхийг өгсөн нь Путиний дэглэмийн нэр хүндийг бататгаж байна. Түүнийг шүүхээр оруулах ёстой” хэмээн сенатчид захидалдаа дурджээ. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-нд ОХУ-д болох юм. 

No comments:

Post a Comment