Tuesday, 28 April 2015



Индонезид гадаадын долоон хоригдлыг цаазалжээ

Индонезийн эрх баригчид Бразил, Австрали зэрэг дэлхийн улс орнуудын дипломат хүсэлт, шаардлагыг үл тоон хар тамхи наймаалсан хэргээр ялын дээд хэмжээ сонсоод байсан гадаадын долоон хоригдлыг буудан цаазаллаа. Тэднийг өршөөн хэлтрүүлэхийг гадаадын Засгийн газрууд, элчин сайдын яамд, өмгөөлөгчид, хүний эрхийн олон улсын байгууллагууд олон удаа хүссэн ч нэг бразил, хоёр австрали, гурван нигер, нэг гана хоригдлыг уржигдар шөнө цаазалсан байна.
Цаазын ялыг Жакартагийн Засгийн газраас баталсан нарийн чанд хяналт дор гүйцэтгэжээ. Индонезид цаазын ялыг таван жилийн турш түдгэлзүүлсний дараа 2013 онд сэргээсэн юм. Хар тамхины хэрэгтэй гадаадын долоон иргэнийг сүүлийн хэдэн цагийн турш тусгайлан хорьсны дараа дээд зэргийн харуул хамгаалалттай Нусакамбанган арал дээр аваачиж задгай талбайд буудан цааш харуулжээ. Аль цэрэг үхлийн буудалт хийж байгааг мэдэгдүүлэхгүйн тулд цаазлагчдын зөвхөн гурван бууг жинхэнэ сумаар цэнэглэдэг аж. Хоригдлуудын хөл, гарыг нь хүлээд суугаагаар, өвдөглөж, эсвэл босоогоор сум зоолгохыг нь асуудаг. Мөн нүдээ боолгох эсэхийг нь асуудаг байна. Сүүлчийн хүслийг нь хэлүүлсний дараа цаазлагчдын тэргүүн зүрхэн тус газар нь хар тэмдэг тавиад сэлмээрээ дохио өгөхөд бууддаг ажээ.
Жакартагийн шийдвэр дэлхийн улс орнуудын зэвүүцэл, жигшлийг төрүүлээд байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеф, Австралийн Ерөнхий сайд Тони Аббот нар Индонезийн хууль цаазын эрх мэдлийг буруутган хатуу шүүмжлэв. Индонезид хоёр австрали иргэнийг цаазалсны дараа Австрали улс Индонези дахь элчин сайдаа эргүүлэн татлаа хэмээн France-Presse агентлаг уламжлав. “Бид Индонезийн бүрэн эрхт байдлыг хүндэтгэж байна. Гэвч ийм явдал болсонд харамсаж байна” хэмээн Австралийн Ерөнхий сайд Тони Аббот мэдэгджээ. Тэрээр элчин сайдтайгаа зөвлөлдөхөөр дуудсан хэмээн ярилаа.
Гэсэн хэдий ч хар тамхины хэрэгт холбогдсон гадаад иргэдийг хатуу яллахыг Индонезийн иргэд хүчтэй дэмжсэн аж. Өнгөрсөн сард Indo Barometer фирмээс явуулсан судалгаагаар, индонези иргэдийн 84 хувь нь хар тамхины хэрэгтнүүдэд цаазын ял оноохыг дэмжсэн байна. Улс орны Ерөнхийлөгч Жоко Видодо ч энэ төрлийн гэмт хэрэгт ямар ч өршөөл үзүүлэхгүй хэмээн мэдэгдсэн аж.
Гадаад хоригдлууд дотроос бразил үндэстэн Рикардо Гулартегийн тохиолдол ихээхэн маргаан дагуулж байна. Тэрээр зургаан кг кокаин авч яваад баригдсан юм. Рикардо сэтгэцийн өвчтэй хэмээн гэр бүлийнхэн нь баталж байна. Өмгөөлөгчийнх нь хэлж буйгаар, Рикардо Гуларте буудуулж үхнэ гэдгээ ч ойлгоогүй аж. Энэ хэргээр Мари Жейн Велосо хэмээх филиппин эмэгтэй бас цаазын ялаар шийтгүүлсэн ч эцсийн мөчид өршөөгджээ. Велосо хар тамхи зөөвөрлөснийх нь төлөө ажил олж өгнө гэсэн гэмт хэргийн сүлжээний золиос болсон хэмээн өмгөөлөгчид нь заргалдсан юм. Түүнийг хар тамхи зөөлгөхөөр хөлсөлсөн гэдгийг нэг эмэгтэй шүүх дээр гэрчилсэн нь амийг нь аврах гол түлхүүр болжээ.

No comments:

Post a Comment