Wednesday, 29 April 2015



Сенатч Б.Сандерс Ерөнхийлөгчийн сунгаанд нэгдлээ

Вермонт мужийн бие даасан сенатч Бернард Сандерс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарлалаа. 73 настай Сандерс сонгуулийн өмнөх кампанит ажлаа Вермонт мужаас эхэлж байгаа аж. Өөрийгөө ардчилсан социалист хэмээн нэрлэсэн сенатч Скандинавын социал-демократ бодлогыг дэмжлэгээ илэрхийлэв. Хэд хоногийн өмнө Техас мужийн Бүгд найрамдах намын сенатч Тед Круз Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо мэдэгдсэн билээ. Ардчилсан намаас экс тэргүүн хатагтай Хиллари Клинтон өрсөлдөхөөр болсон. Одоогоор Ардчилсан намаас түүнтэй эн зэрэгцэх нэр дэвшигч алга байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Х.Клинтоныг дэмжиж байгаа юм.

Таван тн зааны соёог шатаажээ

Чадын Ерөнхийлөгч Идрис Деби, Конгын лидер Дени Сассу-Нгессо нар хууль бус наймаачдаас хураасан таван тн зааны соёог шатаах ажиллагаанд оролцжээ. Браззавиль хотод зэрлэг байгалийг хамгаалах асуудлаар уулзалт болсон юм. Төв Африкийн хоёр улсын лидер хууль бус ан агнууртай тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлжээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдэгдэж буйгаар, дээрх хоёр улс Африк тивийн амьтны аймгийг хууль бус ан агнуураас хамгаалах нэгдсэн стратеги боловсруулахаар ажиллаж байгаа аж. Сүүлийн 30 жилд Африк дахь зааны тоо толгой нэг саяаас 500 мянга болж буурчээ.

Samsung Apple-ийг гүйцлээ


Samsung корпорац ухаалаг гар утасны борлуулалтаар гол өрсөлдөгч Apple-ийг гүйцэж тэргүүлэх боллоо хэмээн аналитик шинжилгээний Strategy Analytics компани мэдэгдлээ. Өмнөд Солонгосын компани энэ оны эхний улиралд 83.2 сая ухаалаг гар утас борлуулжээ. Харин Apple 61.2 сая iPhone борлуулсан байна. Lenovo-Motorola компани 18.8 сая ухаалаг гар утас худалдаж гуравдугаарт оржээ. Хятадын Huawei 17.3 сая борлуулалтаар дөрөвдүгээрт орлоо. 2015 оны эхний гурван сард дэлхий даяар 345 сая ухаалаг гар утас борлогдсон нь өнгөрсөн оны мөн үеээс 21 хувиар илүү үзүүлэлт юм. 

No comments:

Post a Comment