Жеб Буш Европт
айлчилна
Флорида мужийн
экс захирагч, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай байгаа Жеб
Буш ирэх зургадугаар сард Европт ажил хэргийн айлчлал хийхээр зэхэж байна
хэмээн Associated Press мэдээлэв. Бушийн гэр бүлийн хамгийн идэвхтэй төлөөлөгч
болоод байгаа тэрээр Германд эдийн засгийн чуулганд оролцож, Эстони, Польшид
очиж Засгийн газрын лидерүүд, бизнесийн төлөөлөлтэй уулзах юм. Ж.Буш эдийн
засгийн сэдвээс гадна Зүүн Европ дахь аюулгүй байдлын талаар ярилцах бололтой. Жеб
Буш АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд дэлхий нийтийн анхааралд
өртөхийг хүсч байна хэмээн зарим тоймч, ажиглагч үзэж байна. Түүний аав Жорж
Буш АНУ-ын 41 дэх (1989-1993), ах Жорж Буш 43 дахь (2001-2009) Ерөнхийлөгч
билээ.
Оросууд 3.5
тэрбум долларын барааг Хятадаас захиалж авчээ
ОХУ-ын иргэд
2014 онд интернэт дэлгүүрээс таван тэрбум долларын бараа худалдаж авчээ. Үүний
70 хувь нь буюу 3.5 тэрбум долларын барааг зөвхөн Хятадын онлайн дэлгүүрээс
авсан байна хэмээн “Новости” агентлаг уламжлав. Оросууд өнгөрсөн онд Хятадын
интернэт дэлгүүрээс 50 сая орчим захиалга хийсэн нь 2013 оныхоос 40 хувиар илүү
байгаа юм. Оросуудын хамгийн их худалдаа хийдэг хятад дэлгүүр нь AliExpress.
Мөн TaoBao, Tmall, DX.com, DangDang, LightInTheBox.com зэрэг онлайн дэлгүүрээс
бараа захиалах нь элбэг байна.
35 жилийн дараа
дүрвэгсдийн тоо тэрбумыг давна
2050 онд янз
бүрийн шалтгаанаар орон гэр, эх орноо орхин дүрвэгсдийн тоо нэг тэрбумд хүрч
болзошгүй хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдлээ.
Хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй болоод байгаа хүмүүсийн тоо сүүлийн арван жилд
хоёр дахин өссөнийг тэрээр онцоллоо.
Ливийн эрэг
орчимд олон зуун дүрвэгч амиа алдсан нь томоохон сургамж болж, дэлхий нийт энэ
асуудлаар дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон хэмээн үзэж байна. Дөрөвдүгээр
сарын 19-нд Газар дундын тэнгист 700 орчим цагаачтай хөлөг онгоц хөмөрч бараг
бүгд амь үрэгдсэн юм. 28 хүнийг л аварч чаджээ.
“Нарны цирк”-ийг
хятад, америкуудад худалджээ
Дэлхийд
алдартай “Нарны цирк” (Cirque du Soleil)-ийн хяналтын хувьцааг Америк, Хятадын
хувийн хөрөнгө оруулалтын TPG Capital LP, Fosun Capital Group компаниуд худалдаж
авчээ. “Нарны цирк”-ийг үндэслэгч Ги Лалиберт хувьцааны нэг хэсгийг хадгалж
үлджээ. 1984 онд байгуулагдсан дэлхийн хамгийн алдартай нүүдлийн цирк 58 улс оронд
160 сая хүнд тоглолтоо сонирхуулаад байна. “Нарны цирк”-ийн төв байр Монреаль
хотод хэвээрээ үлдэх юм.


No comments:
Post a Comment