Monday, 27 April 2015




Apple-ийн борлуулалт 27 хувиар өсчээ

Америкийн Apple компанийн борлуулалт оны эхний улиралд 27 хувиар өслөө хэмээн Reuters уламжлав. Компани гурван сарын дотор 61.2 сая iPhone утас борлуулсан нь 2014 оны мөн үеийнхээс 40 хувиар илүү үзүүлэлт юм. Харин 12.6 сая iPad зарагдсан нь тийм ч сайн үзүүлэлт биш хэмээн Apple компани мэдэгдэлдээ онцолсон байна. Хөрөнгийн бирж дээр Америкийн компанийн хувьцаа  1.6 хувиар өсч, нэгж хувьцаа 134.5 доллараар зарагдаж байлаа. Apple компанийн ухаалаг цагны борлуулалт тун сайн байгааг мэдээлж байна. Ухаалаг цагны борлуулалтын талаарх мэдээллийг зургадугаар сард нэгтгэн дүгнэхээр болжээ.

В.Янукович яагаад тэтгэвэр авахгүй байгааг тайлбарлав

Украины Нийгмийн бодлогын сайд Павел Розенко экс Ерөнхийлөгч Виктор Янукович, Ерөнхий сайд асан Николай Азаров нар яагаад тэтгэвэр авахгүй байгааг тайлбарлажээ. “Виктор Янукович, Николай Азаров нар өнөөдөр тэтгэвэр авахгүй байгаа. Тэд зохих тэтгэвэр, тэтгэмж авах асуудлаар Тэтгэврийн санд хүсэлт гаргаагүй тул Украины газар нутаг дээр тэдэнд тэдэнд тэтгэвэр олгохгүй байгаа” хэмээн Розенко ярьжээ. Экс удирдагчид Киевийн эрх баригчдад хандан хүсэлт гаргавал тэтгэвэр олгох асуудлыг судлана хэмээн мэдэгдлээ. В.Янукович Украинаас зугтан гарахдаа их хэмжээний мөнгийг бэлнээр авч гарсан хэмээн Украины Прокурорын газар үзэж байгаа юм.

 Аушвицын “Үсчин-хоригдол” өөд болов

Польшийн Краков хотод нацистын Аушвиц хорих лагерийн хоригдол асан Йозеф Пацзинский 95 насандаа өөд болов. Тэрээр 1940 онд нацистын бөөнөөр хорих лагерьт орсон анхны польш хүмүүсийн нэг юм. Пацзинский тэнд болж байсан бүх аймшигт үйл явдал, тэр тусмаа хийн камер дахь цаазлалтын гэрч байсан билээ. Тэрээр хорих лагерийн үсчнээр томилогдсоноор аврагдаж чадсан аж. Пацзинский тэнд хоригдож байхдаа Аушвицын комендант Рудольф Хессийн үсийг засдаг байжээ. Хожим нь түүнээс “Хессийг алахыг хүсдэг байсан уу” хэмээн асуухад “Түүнийг алчихвал алчихаар л байсан. Тэгвэл хоригдлуудын талыг нь хийн камерт цаазлах байсан даа” хэмээн хариулж байв. Саяхан Германд Аушвицын хамгаалагч байсан Оскар Гренингийг шүүх хурал эхэлсэн юм. Тэрээр 300 мянган хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагдаж байна.

Ливид алга болсон сэтгүүлчдийн цогцсыг олжээ

Ливид найман сарын өмнө сураггүй алга болсон телевизийн таван сэтгүүлчийн цогцсыг олжээ. “Исламын улс” бүлгийнхэн тэднийг хөнөөсөн хэмээн үзэж байна. Хоолойг нь хэрчсэн сэтгүүлчдийн цогцсыг Ливийн зүүн хэсгийн Байда хотоос холгүй газраас олжээ. Тэд Тобрук хотод орон нутгийн парламентын нээлтийн ажиллагааг сурвалжлахаар яваад сураггүй болсон юм. Сэтгүүлчид жихад дайчдын хяналтад байдаг Дерна хотоор дайраад Бенгази руу явж байсан аж. “Исламын улс” бүлгийн дайчид энэ оны нэгдүгээр сард Японы сэтгүүлч Кенжи Готог зэрлэгээр хөнөөсөн билээ. Японы эрх баригчид золиосны мөнгө өгөхөөс татгалзсаны дараа түүнийг цаазалжээ.

Хятадууд усан үзмийн тариалалтаар Францыг гүйцлээ

Хятад улс дарс үйлдвэрлэх зориулалтын усан үзмийн тариалалтаар Францыг гүйцэж хоёрдугаарт байрт орж ирлээ хэмээн Усан үзэм, дарсны олон улсын байгууллагаас (IOVW) мэдэгдэв. 2014 онд Хятадад 799 мянган га талбайд усан үзэм тариалжээ. Испани 1.02 сая га үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. Франц улс дарсны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг ч тариалалтаараа (793 мянган га) гуравт орж байна. Цаашдаа Хятад улс дарсны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. 2000 оноос хойш Хятад дахь усан үзмийн тариалангийн талбай жил бүр нэмэгдсээр иржээ.

No comments:

Post a Comment