103 насандаа
дунд сургуулиа төгсчээ
АНУ-д нэгэн
эмэгтэй 103 насандаа дунд сургуулиа дүүргэлээ хэмээн New York Daily News
мэдээлэв. Висконсин мужийн 103 настай оршин суугч Мэри Хант 90 жилийн өмнө
найман дүүгээ харахын тулд сургуулиа хаяжээ. “Би сургуулиа төгсөхийг үргэлж
хүсдэг байсан. Тийм боломж байсангүй. 100 жилийн дараа дунд сургуулиа төгсдөг
юм байж” хэмээн Хант ярилаа. Мэри Хант хар хүрэм, төгсөлтийн малгайтай ирж сургууль
төгссөн гэрчилгээгээ ёслол төгөлдөр хүлээж авчээ. Тэрээр одоо коллежид орох
талаар бодож байгаа хэмээн хэвлэлд бичжээ.
Виктор Харагийн
үхэлд холбоотой хүнийг шүүнэ
1973 онд дуучин
Виктор Харагийн аллагад холбогдсон Чилийн армийн экс албан хаагчийг шүүх хурал
АНУ-д болох гэж байна. Чили гаралтай АНУ-ын иргэн Педро Барриентосыг
Флоридагийн шүүхээс дууджээ. Дуучны бэлэвсэн эхнэр Жоан болон охин Амандагийн
гомдол дээр үндэслэн Барриентосын эсрэг хэрэг үүсгэсэн аж. Улстөрийн идэвхтэн,
дуучин Виктор Хара 1973 онд Чилийн нийслэл Сантьяго хотод төрийн эргэлт болсны
дараа баривчлагдсан байна. Сантьяго хотын цэнгэлдэхэд олон мянган хүнийг
баривчлахад Хара тэнд байсан аж. Дараа нь түүнийг тамлан зовоож, буудан
хороосон билээ. Виктор Хара тухайн үеийнхээ эрх чөлөө, энх тайвны билэгдэл болж
байсан юм.
Йеменд эм тариа
хүргэж чадахгүй байна
Олон улсын
улаан загалмайн нийгэмлэг Йемений төв хэсэгт хүмүүнлэгийн тусламж хүргэх гэсэн
ч чадсангүй. Тус байгууллагын ажилтнууд ширүүн тулаан болж байгаа Маареб хотын
эмнэлэгт эм тариа хүргэх гэж оролдсон ч чадаагүй аж. Хусит босогчид хүмүүнлэгийн
цувааг нэвтрүүлэхээс татгалзсан байна. Улаан загалмайн нийгэмлэг байлдаж буй
талуудад хандан галаа ядаж 24 цагаар зогсоохыг санал болголоо. Энэ хугацаанд
шархадсан хүмүүст эм бэлдмэл хүргэж, чадвал тэднийг байлдааны бүсээс авч гарна
хэмээн үзэж байгаа аж.
Д.Руссефийн
намын санхүүчийг баривчилжээ
Бразилд эрх
баригч Хөдөлмөрийн намын ерөнхий санхүүч Жоау Вакарийг төрийн мэдлийн Petrobras
компанийг тойрсон авлигын хэрэгтэй холбогдуулан баривчилжээ. Ваккарийг сарын
өмнөөс мөнгө угаасан хэрэгт буруутгасан бөгөөд тэрээр гэм буруугүй хэмээн
мэдэгдэж байсан юм.
Ерөнхийлөгч
Дилма Руссеф 2003-2010 онд Petrobras компанийн Удирдах зөвлөлийн даргаар
ажиллаж байжээ. Бразилийн эрх баригчид Petrobras компанид гэрээ, тендерийн
давуу эрх олгож олон мянган долларыг шагнал, хахуульд авсан хэмээн Прокурорын
газар үзэж байгаа аж. Руссеф олон түүний нам авлигын хэрэгт оролцоогүй хэмээн
мэдэгдсээр байна.


No comments:
Post a Comment