Tuesday, 21 April 2015



Хосе Мухика ингэж хариулав

Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе Мухика (79 настай) ВВС агентлаг-ийн уншигчдын асуултад ингэж хариулжээ. Асуулт Иран, Индонез, Тайланд, Азербайжан зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс, мэдээж Латин Америкийн орнуудаас ирсэн байна. Зарим сонирхолтой хариултыг тоймлоё.
Тэрээр энгийн даруу байдлынхаа талаар “Даруу байдал бол хэнд ч тулгахыг эрмэлздэггүй гүн ухаан юм. Гэвч даруу, энгийн байснаараа бууж өгч, найр тавьж буй хэрэг биш” гэжээ. “Бид өөрсдөө амьдарч буй дэлхийн соёл уламжлалыг би өөрчилж чадахгүй. Гэхдээ би өөрийнхөө амьдралаар амьдарч, аливааг хэрхэн харж буйгаа хэлж, илэрхийлж болно” хэмээн нэмж хэлэв.
Хосе Мухика мөнгө, улс төр хоёр хутгалдаж болохгүй гэсэн байр сууриа дахин хамгаалав. “Мөнгөнд дуртай хүмүүс байвал түүнийгээ үйлдвэрлэл, худалдаанд оруул. Улс төрд бүү ойрт”.
Дахин Ерөнхийлөгч болох сонирхолтой байгаа эсэхийг олон хүн асуужээ. “Өнөөдрийнх шиг эрүүл саруул байвал дахин Ерөнхийлөгч болоход ямар ч асуудал алга. Гэхдээ л би хэтэрхий хөгширчээ” гэв.
Хамгийн жаргалтай мөчөө хуваалцахыг хүсэхэд “Шоронд олон жил хоригдож байгаад эрх чөлөөтэй болоход жинхэнэ аз жаргалыг мэдэрч байлаа. Ерөнхийлөгч болоод аз жаргалтай болсон гэвэл тэрэн шиг тэнэг зүйл байхгүй. Энэ хоёрыг харьцуулах ч юм биш” хэмээн хариулав.
Одоо юунд санаа зовниж буйг асуухад “Ядуурал байсаар байгаа нь хамгийн их сэтгэл зовоож байна. Би яагаад үүнийг өөрчлөөгүй юм бэ гэж үү? Яагаад гэвэл бодит байдал их зөрүүд юм байна лээ” хэмээн ярилаа. 

No comments:

Post a Comment