Батлан
хамгаалахын сайдыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэв
Египетийн
зэвсэгт хүчний дээд зөвлөл Батлан хамгаалахын сайд, фельдмаршал Абдель Фаттах
Аль-Сисиг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж буйгаар зарлав. Фельдмаршал энэ
саналыг хүлээн авч, төрийн тэргүүнд өрсөлдөх эсэхээ ойрын үед зарлах бололтой.
Сонгуулийн
ерөнхий хороо хоёрдугаар сарын 18 хүртэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн
өргөдлийг хүлээн авах юм. Сонгууль дөрөвдүгээр сард болно. Аль-Сиси нь Египетийн
хамгийн алдартай улстөрч боловч Египет орныг цэргийнхний томилсон түр
Ерөнхийлөгч Адли Мансур удирдаж байгаа билээ. Батлан хамгаалахын генералууд
Аль-Сисиг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээсээ хэдэн цагийн өмнө түүнд
цэргийн дээд фельдмаршал цолыг олгожээ.
Борооны
улмаас онц байдал зарлав
Боливт
хэдэн сарын турш үргэлжлэн орсоор байгаа борооны улмаас онц байдал зарлаад
байна. Үерт цөөнгүй хүн амь насаа алдаад байгаа юм. Байгалийн гамшгийн улмаас хэдэн
мянган хүн орон гэргүй болжээ. Засгийн газраас онц байдал зарласнаар төрийн
сангаас тусламжийн хөрөнгө мөнгө гаргах боломжтой болж байгаа юм. Тэр тусмаа
үерт хамгийн их нэрвэгдсэн бүс нутагт багагүй мөнгө гаргахаар болжээ. Өнгөрсөн
оны аравдугаар сараас эхлэн орж байгаа борооны улмаас хэдэн арван хотод үер
бууж, газрын хөрсны нуралт үүсээд байна.
АНУ
Иракт байлдааны нисдэг тэрэг худалдана
Иракийн
Засгийн газар АНУ-д үйлдвэрлэсэн Apache байлдааны нисдэг тэрэг худалдан авахаар
зэхэж байна. Иракт пахин сэргээд байгаа аллага, хядлагын эсрэг тэмцэлд орчин
үеийн нисдэг тэрэг ашиглах бололтой. Тохиролцооны дагуу иракууд энэ онд зургаан
Apache нисдэг тэргийг түрээсээр авах бөгөөд дараагийн гурван жилд 20 орчим
байлдааны нисдэг тэрэг худалдаж авахаар болжээ.
Энэ
наймааны өртөг 1.37 тэрбум долларт хүрч байгаа аж. Мөн Иракийн тал өндөр ончтой
152 Hellfire пуужин, харвах төхөөрөмж, шөнийн хараатай нүдний шил болон бусад сэлбэг хэрэгсэл авах гэрээ
байгуулсан байна. АНУ-ын мэргэжилтнүүд Иордан дахь ирак цэргүүдэд сургалт явуулахаар болсон аж.
TataMotors-ийн захирал
22 давхраас үсэрчээ
Энэтхэгийн
автомашин үйлдвэрлэлийн томоохон компани TataMotors удирдлагаа шинээр
томилохоос өөр аргагүй байдалд орлоо. Тус компанийн 51 настай захирал, Английн
иргэн Карл Слим Бангкок хотын таван одтой “Шангри-Ла” зочид буудлын 22 давхраас
үсэрч амиа алджээ. Тэрээр Тайландын нийслэлд эхнэр Саллигийн хамт TataMotors-ийн
салбарын хуралд ирээд байсан юм. Тэд өнөөдөр Дели хот руу буцах ёстой байжээ.
Цагдаагийн
газар тайлбар хийхээс татгалзаж байна. Харин орон нутгийн хэвлэлүүд, Карл Слим тэнцвэр
алдаж санамсаргүй тохиолдлоор тагтан дээрээс унасан хэмээн бичжээ. 2012 оноос
хойш автомашин үйлдвэрлэгч Энэтхэгийн хамгийн том компанийг удирдаж байгаа
Слимийн үхлийн шалтгаан тодорхойгүй хэвээр байна. Англи эр Tata-гийн
бүтээгдэхүүнийг сайжруулахаар дорвитой шинэчлэл хийж байжээ. Хоёр долоо
хоногийн дараа Дели хотод нээгдэх олон улсын AutoExpo дээр тэрээр компанийхаа
ирээдүйн төлөвлөгөөний тухай ярихаар бэлтгэж байсан аж. TataMotors 60 мянган
ажилтантай, жилийн орлого нь 35 тэрбум доллар. Энэтхэгийн компани сүүлийн үед
TataNano хэмээх хямдхан,
хэмнэлттэй автомашин үйлдвэрлэж ихээхэн амжилт олоод байгаа билээ. Энэ автомашин ердөө л
хоёр мянган долларын үнэтэй юм.
Бан
Ги Мун, Рауль Кастро нар уулзжээ
Гавана
хотод Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын нийгэмлэгийн дээд хэмжээний
уулзалтад ирээд байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Кубын
лидер Рауль Кастротой уулзжээ. Арлын удирдагч, НҮБ-ын тэргүүний хэлэлцээ
Хувьсгалын ордонд болсон байна. Кофи Аннан 2006 онд Эвсэлд үл нэгдэх орнуудын
уулзалтад Гавана хотод ирж байжээ.
“Кубад
болж буй өөрчлөлт их сонирхолтой санагдаж байна” хэмээн Бан Ги Мун ярилаа. Тэрээр
мөн Куба дахь өөрчлөлт, шинэчлэлийн үйл явцыг удирдаж байгаа Сайд нарын
зөвлөлийн орлогч дарга Марино Мурильотой уулзаж ярилцсан аж. Үүний дараа НҮБ-ын
тэргүүн Хуучин Гавана хотын төвтэй танилцаж, куба иргэдтэй ярилцан, гудамжны
үсчинд орж үсээ засуулжээ.















