skip to main |
skip to sidebar
Чад Преграк: “Ганц хүн ч Миссисипи мөрнийг цэвэрлэж
чадна”
“CNN” агентлаг 2013 оны онцлох
хүнээр өөрийн санаачилгаар 15 жилийн турш АНУ-ын гол мөрнийг цэвэрлэж байгаа
Чад Прегракийг тодруулсан юм. Тэр болон түүний сайн дурынхны баг 19 мужийн 23
гол, мөрнийг цэвэрлэж, 3.3 тн хог хаягдал гаргаад байна. АНУ даяар 70 мянгад
хүрч байгаа сайн дурынхан уснаас 67 мянган хуучин дугуй, 351 хөргөгч, 233
жигнүүрэн зуух тэргүүтнийг гаргаж авчээ. “Амьд газар, амьд ус” төслийн
удирдагч, 38 настай Чад Преграк яагаад гол мөрөнг аврахаар шийдсэнээ ярьж
байна.
-Гол мөрөнг цэвэрлэх санаа яаж төрсөн бэ?
-Бидний гол мөрний ёроолд ямар их хог новш байгааг
харвал та бараг л галзуурна. Би Иллинойс мужид, Миссисипи мөрний эрэг дээр
өссөн. Хүүхэд байхдаа л гэрийн минь хажуугаар хөвж яваа их хогийг хараад уур
хүрдэг байлаа. Автомашины хуучин дугуй, торх, сургуулийн автобусны дээвэр гээд
янз бүрийн хог урсаж явдаг байлаа. Тэгээд л ажиллаж, хөдлөж эхлэх ёстой гэж
шийдсэн юм.
-Тэгвэл энэ хог хаягдал л таныг өдөөж сэргээсэн юм
байна. Тийм үү?
-Үнэндээ Миссисипи дээгүүр хөвж явдаг хог новш миний
үйл хэргийн санааг өгсөн юм. Үүнийг хараад суугаад байж чадаагүй, тэгээд л 17
наснаасаа эхлээд хог цэвэрлэх ажилдаа орсон. Эхлээд төрийн янз бүрийн
байгууллага руу ярьж, гол мөрний бохирдолд анхаарал хандуулахыг оролдсон. Гэвч
эрхтэн дархтнууд голын хувь заяаг нэг их ойшоохгүй байсан даа. Тэгээд л
Миссисипи мөрнийг цэвэрлэх ажлыг бие дааж эхлүүлсэн. Эхлээд ганцаараа ажиллаж,
дараа нь өөр хүмүүс нэгдэж хог татаж гаргахад шаардлагатай тоног төхөөрөмж олж
авчрах болсон.
-Мөнгөө хаанаас олдог байсан юм бэ?
-Зурагтаар автомашины уралдаан үзэж байгаад ивээн
тэтгэгчдийг нь харсан юм. Пүүс компаниуд зугаа цэнгээний нэвтрүүлгийг ивээн
тэтгэж байгаа юм чинь байгаль экологид мөнгө гаргахдаа дургүйцэхгүй биз гэсэн
санаа төрлөө. Би зөв бодсон байсан. Эхлээд орон нутгийн түммэд, үйлдвэрийн
эздэд хандсан ч дахиад л татгалзсан хариу сонссон. Тэгэхээр нь утасны
жагсаалттай номны А үсэгтэй хуудсыг нээж үзээд Alcoa компанийн утсыг
аваад ярьсан. Тэд надад 8400 доллар өгч билээ. Энэ мөнгөөр гол цэвэрлэх ажлаа
эхлүүлж байлаа.
-Та аль хэдийнэ 19 мужийн 23 гол мөрнийг цэвэрлэжээ.
Хүндрэл бэрхшээл гэвэл юу байсан бэ?
-Мэдээж хөрөнгө мөнгө. Эхлээд шаардлагатай багаж
төхөөрөмж авахад мөнгө дутагдаж байсан. Дараа нь нөгөө тоног төхөөрөмжүүд нь
эвдэрч, моторт завь маань ч эвдэрч шинэ бэрхшээл гарч ирж байв.
-Танд хэдэн хүн тусладаг вэ?
-АНУ даяар 70 мянган сайн дурынхан, мөн засаг
захиргааны 13 ажилтан тусладаг.
-Ийм олон сайн дурынхныг яаж цуглуулж чадав аа?
-Хүмүүс хийж буй зүйлийнхээ утга учрыг ойлгоосой гэдэг
дээр их анхаарал хандуулсан. Голоос нэг лонх гаргахад л утга учиртай үр дүн болж
байгаа юм. Тэр хүмүүст өөрт нь, үр хойчид нь сайн зүйл болно. Хүн ганцаараа ч олон
зүйлийг хийж чадна. Энэ бүгд биднийг хөтөлж, урамшуулдаг.
-Та үүнийхээ төлөө цалин хөлс авдаг уу?
-Засаг захиргааны ажилчид л цалин хөлсөө авна. Тэд
тухайн мужид гол цэвэрлэх ажлыг удирдаж, гол дээр ажиллаж буй хүмүүсийн аюулгүй
байдлыг хариуцдаг.
-Цаашдын төлөвлөгөө юу вэ. АНУ-ын бүх гол мөрөнг цэвэрлэх
үү?
-Надад нөөц бололцоо байсан цагт би гол мөрнийг
цэвэрлэсээр байх болно.
-Та “CNN”-ийн “2013 оны баатар”
шалгаруулалтад түрүүлээд 50 мянган доллараар шагнуулсан. Шагналын мөнгөө юунд
зарцуулах вэ?
-Бүгдийг энэ ажилдаа л зарцуулна. АНУ-д бохирдсон
гол мөрөн маш их байна.
No comments:
Post a Comment