Tuesday, 14 January 2014

Зургийн тайлбар: Шатам халуунд газар, талбай хайруулын таваг мэт болж байна

Ер бусын халуун Австралийг заналхийлж байна

Австралийн зүүн өмнөд нутагт ер бусын халуун болж байна. Зарим газар агаарын температур Цельсийн +40 градусыг давж байгаа аж. Хэт халууны улмаас ойн түймэр дэгдэх вий хэмээн эрх баригчид ихээхэн болгоомжилж байна. Викториа мужид гэхэд л шатам халууны улмаас 250 орчим түймрийн голомт идэвхжиж эхэлжээ.
Энэ өдрүүдэд Мельбурн хотод болж буй теннисийн Австралийн нээлттэй тэмцээний эхний тойргийн тоглолт дээр Канадын тамирчин Фрэнк Данцевич наранд цохиулан ухаан алдаж унажээ. Австралийн гал түймрийн эсрэг аюулгүй байдлын албаны тэргүүн Юэн Фергюсон “Ер бусын халуун цаг агаар ойрын гурав хоногт арилахгүй нь харагдаж байна. Тиймээс гал түймрийн эсрэг албаныхан болон бусад салбарынхан тун болгоомжтой байх хэрэгтэй” хэмээн мэдэгджээ. Өчигдөр Өмнөд Австрали мужийн нийслэл Аделаид хотод агаарын температур хэмжигч +45С-ийг зааж байв. Шатам халууны улмаас олон мянган айл, байрны цахилгаан тасалдаад байна. Тасмани арал дээр асфальтан зам хайлж байна гэсэн мэдээ иржээ.
Теннисийн “Их дуулга”-ын дөрвөн цувралын эхнийх нь болох Австралийн нээлттэй тэмцээний тамирчид болон үзэгчид ер бусын халуунтай тулахаас өөр аргагүй болжээ. Тоглолтын үеэр наранд цохиулан ухаан алдаж унасан теннисч Данцевич “Хэт халууны улмаас толгой эргэж, мангуурч ухаан алдсан” хэмээн сэтгүүлчдэд ярьсан юм. Мөн бөмбөгөнд гүйдэг нэг жаал тэмцээний үеэр ухаан алдан унаж, Хятадын теннисч Фэн Шуйн дотор муухайрсан тул тоглолтыг түр завсарлуулж байв. Хэт халууны улмаас Австралийн нээлттэй тэмцээнийг цуцлах, хойшлуулах яриа гарсан ч тэмцээнийг зохион байгуулагчид энэ мэдээллийг няцаажээ. 2013 онд Ногоон тив хэт халууны улмаас гарсан олон зуун ойн түймэрт нэрвэгдэж ихээхэн хохирол амссан юм. 

No comments:

Post a Comment