Tuesday, 14 January 2014





Энэтхэгт гурван хүний аминд хүрсэн барыг хайж байна

Энэтхэгийн өмнөд хэсгийн нутагт зэрлэг бар айдас түгшүүр төрүүлэх болжээ. Буутай 50 орчим эр гурван ч хүний аминд хүрээд байгаа тэрхүү араатныг авлахаар мөрдөж байгаа ч үр дүн гарахгүй байна. Аймшигтай барын улмаас тэр мужийн 50 орчим сургуулийг хаагаад байгаа аж. Муурын төрлийн энэ араатан нэгдүгээр сарын 4-нд Тамил Наду мужийн цайны тариалангийн талбай дээр нэгэн эмэгтэй рүү дайрч аминд нь хүрчээ. Үүний өмнө бар хоёр ч хүнийг “зооглоод” байсан аж.
Тамил Наду мужийн захиргаа Нилгирис дүүргийн 45 сургууль болон Доддабетта дахь аялал жуулчлалын цогцолборыг хаах шийдвэр гаргасан байна. Олон тооны иргэд, цагдаа нар заан, мөр хөөгч нохой ашиглан хүний маханд амташсан барыг хайсаар байна. Эл бар тариалангийн талбай орчмаар байнга эргэж байгаа ч барьж авлаж чадахгүй байгаа аж. Тус улсын хойд талын өөр нэг мужид (Уттар Прадеш) бас нэг бар дөрвөн хүнийг тасчиж хаяжээ. Энэтхэг улс 1700 орчим бартай. Дэлхий дээрх зэрлэг барын тал хувь нь тус улсад байдаг.

Momentum Machines робот цагт 400 гамбургер хийнэ

Автомашин жолооддог, дөрвөн хөлөөрөө амьд амьтан шиг гүйдэг, хүн шиг сэтгэдэг гээд янз бүрийн авъяастай робот байдаг. Тэгвэл бараг ганцаараа бие дааж нэг цагт 400 хачиртай талх хийдэг Momentum Machines хэмээх робот төржээ. Түүнийг зөвхөн хэрэгцээт орц, материалаар цэнэглээд л гүйцээ. Тэр цагт 400 ширхэг (10 секундэд нэг ) гамбургер үйлдвэрлэн идэхэд бэлэн болгоно. Энэ нь түргэн хоолны ямар ч газрын “оргил цаг” дахь үйлдвэрлэлээс хэд дахин илүү хурдтай гэсэн үг. “Макдоналдс, Бургер Кинг зэрэг түргэн хоолны газруудад ажил горилж байгаа залуусыг Momentum Machines ажилгүй болголоо” хэмээн “Telegraph”-т хошигнож бичжээ.

П.Маккартни, Р.Старр нар хамт дуулна

“Битлз” хамтлагийн экс гишүүн Пол Маккартни, Ринго Старр нар Лос-Анжелес хотноо нэгдүгээр сарын 26-нд болох “Грэмми” дээр хамт дуулахаар болжээ. Хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал “Грэмми”-ийг 16 удаа авч байсан Маккартни энэ удаа Nirvana хамтлагийн экс гишүүдтэй хамтран бичсэн “Cut Me Some Slack” дуугаараа “Шилдэг рок дуу”, “Live Kisses кино-концертоороо “Шилдэг хөгжмийн кино” ангилалд өрсөлдөж байна.
Маккартни, Старр нар хөгжмийн бичлэгийн ертөнцөд хувь нэмрийнхээ төлөө энэ онд хамтдаа “Lifetime Achievement Award” шагналын эзэн болж байгаа юм. Энэ шагналыг мөн The Isley Brothers хамтлаг, Америкийн язгуур урлагийн дуучин Крис Кристоферсон, Мексикийн хөгжмийн зохиолч Армандо Мансанеро, Америкийн хийлч Мод Пауэлл, креол хөгжмийн хаан гэгддэг Клифтон Шенье нар авч байгаа ажээ.

Францын Ерөнхийлөгч бизнесийн татварыг бууруулна хэмээн амлав

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Елисейн ордонд хэвлэлийнхэнд зориулж мэдээлэл хийхдээ, бизнесийн татварыг бууруулна хэмээн амлав. Тэрээр үйлдвэрлэл явуулж буй бизнесмэнүүдээс авах татварыг бууруулж, хүнд суртлын шат дамжлагыг цөөрүүлж, хялбарчилна хэмээн ярилаа. Татвар бууруулсны хариуд бизнесмэнүүд ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн Францын лидер онцлов.
Европын холбооны орнууд өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн тулд олон шинэчлэл хийж, зохих арга хэмжээ авч байхад Франц улс энэ тал дээр тун хойрго байна хэмээн тоймч, ажиглагчид шүүмжилж байгаа юм.

Орос, Энэтхэг нефтийн хоолой барих талаар ярилцаж байна

Энэтхэгийн тал бохир нефть дамжуулах хоолой барих асуудлаар ОХУ-ын талтай хэлэлцээ хийж байна хэмээн Financial Express сонин Делигийн Гадаад хэргийн яамны эх сурвалжийг иш татан мэдээлэв. Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх өнгөрсөн оны аравдугаар сард Москвад айлчлахдаа дээрх асуудлаар санал солилцсон аж. Нефть дамжуулах хоолойн нийт өртөг 30 тэрбум долларт эргэлдэх бололтой. Эдүгээ Энэтхэг улс Оросоос бага хэмжээний түүхий нефть авч байгаа бөгөөд үүнийгээ мэдэгдэхүйц нэмэх хүсэлтэй байгаа ажээ. 2012 онд энэтхэгүүд ОХУ-аас 176 сая долларын нефть импортлосон байна.

Үер 20 хүний аминд хүрчээ

Филиппинд аадар борооны улмаас үер бууж 20 орчим хүн амь насаа алдаад байна. 13 хүн ор сураггүй алга болжээ. Зүүн хэсгийн Валли, Давао муж хамгийн их хохирол амсаад байна. Одоогоор арван мужид 130 мянган хүнийг ннүлгэн шилжүүлж, үерийн аюулаас зайлуулаад байна. Үүнээс өөр найман мянга орчим хүн сайн дураараа гэрээ орхиж явжээ.

2013 онд Филиппиныг нөмөрсөн “Хайян” хар шуурганы улмаас зургаан мянга гаруй хүн амь насаа алдсан юм. Тус улсын түүхэнд тохиосон хамгийн хүчтэй шуурга нь энэ байсан аж.

No comments:

Post a Comment