Wednesday, 1 January 2014





 

 

Ариэль Шароны бие сайжирчээ

 

2006 оноос хойш ухаангүй байгаа Израилийн Ерөнхий сайд асан Ариэль Шароны бие дээрджээ. Хэд хоногийн өмнөөс түүний бөөрний ажиллагаа муудаж эрүүл мэнд нь муудсан юм. Мөн сарын өмнө түүнд ямар нэг мэс засал хийжээ. Эдүгээ Шарон Тель-а-Шомер дахь Хаим Шибагийн эмнэлэгт байгаа юм. 85 настай Ариэль Шарон 2006 онд цус харваж хагалгаанд орсноосоо хойш ухаангүй комын байдалд байгаа. Хэдийгээр тэр ухаангүй байгаа ч тархи нь ажиллаж, гэр бүлийнхнийхээ дуу хоолойг таниж байгаа ажээ. А.Шарон 2001 оноос хойш Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд түүний халааг Эхуд Барак авсан юм.

 

В.Путин Волгоградад ирлээ

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оны эхний өдөр Волгоградад иржээ. Тэрээр терроризмийн эсрэг тэмцлийн талаар зөвлөгөөн хийж, арванхоёрдугаар сарын 30-ны алан хядах ажиллагаанд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэв. Кремлийн тэргүүн “Иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд улс орон даяар шаардлагатай бүхнийг хийж байна. Волгоград хотод аллага үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг лдж илрүүлэх болно” хэмээн мэдэгдлээ. Үүний өмнө В.Путин Хабаровск хотоор орж 2013 оны намрын үеэрт нэрвэгдсэн хүмүүстэй уулзсан юм. Тэрээр шинэ жилийн мэндчилгээг анх удаа Москвагаас өөр хотоос хүргэсэн байна.

ОХУ-ын Волгоград хотод 2013 оны арванхоёрдугаар сарын 29, 30-нд (24 цагийн зайтай) хоёр дэлбэрэлт болж нийт 34 хүний аминд хүрсэн юм. Дэлбэрэлтийг амиа золиослогчид зохион байгуулжээ.

 

М.Шумахерийн байдал сайжирчээ

 

“Формула-1” авто уралдааны долоон удаагийн аварга Михаэль Шумахерт хоёр дахь мэс засал хийсний дараа биеийн байдал нь үл ялиг сайжирлаа хэмээн Гренобль хотын эмнэлгийн ерөнхий эмч Жан-Франсуа Пайен мэдэгдлээ. Гэвч түүнийг хиймэл ухаангүй байдлаас хэзээ гаргах нь тодорхойгүй байна. Шумахер цанаар гулгаж байгаад толгойгоороо хад мөргөн хүнд гэмтэж, нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдсэн юм. Түүний биеийн байдал тогтвортой ч сайнгүй байгаа ажээ. Михаэльд тархины цус алдалт гэсэн онош тавьжээ. Хад мөргөхөд Шумахерийн дуулга хоёр хуваагдсан аж. Дуулгагүй байсан бол шууд нас барах магадлалтай байсан хэмээн эмч нар ярьсан байна.

 

Лондонд Жими Хендриксийн музейг байгуулна

 

Бүх цаг үеийн хамгийн шилдэг гитарчин гэгддэг Жими Хендриксийн Лондонд хөлслөн амьдарч байсан байрыг түүний музей болгохоор шийдвэрлэжээ. Хендриксийн дурлалт бүсгүйн хамт амьдарч байсан дээврийн байрыг хананд нь тэр үеийн зурагт хуудсыг байрлуулж, 1968 оны хэв маягт нь оруулж, нэрт хөгжимчний амьдралыг дэлгэн харуулах аж. Эдүгээ энэ байшинд Георг Фридрих Генделийн музейн албан өргөө байрлаж байгаа аж. Бүх цаг үе, ард түмний шилдэг гитарчин Жими Хендрикс 1970 оны есдүгээр сард Лондоны “Самарканд” зочид буудалд нас барсан байхад нь олсон юм.

 

Суданы дүрвэгчид тун хүнд нөхцөлд амьдарч байна

 

Нил мөрний эрэг дээрх хуаранд Өмнөд Суданы хэдэн арван мянган дүрвэгч эрүүл ахуйн тун хүнд нөхцөлд амьдарч байна хэмээн олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд мэдэгдлээ. Олон гэр бүл үр хүүхдийн хамтаар модон доор толгой хоргодож байна. Тэнд ундны ус байхгүй тул дүрвэгсэд Нил мөрний бохир усыг уухаас өөр аргагүй байдалд оржээ. Мөн нийтийн бие засах газар байхгүйн улмаас гүйлгэх өвчин газар авч байна. НҮБ-аас Өмнөд Судан дахь сөргөлдөгч талуудыг нэн даруй галаа зогсоохыг уриалжээ.  Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур мөргөлдөөн эхэлснээс хойш 200 мянганхүн орон гэрээ орхин дүрвээд байгаа юм.

No comments:

Post a Comment