Испанийн
гүнж мөнгө угаасан хэрэгт буруутгагдлаа
-Хаан
Хуан Карлосын бага охин мөнгө луйвардсан хэргээр зургаан жилийн ял авч магадгүй-
Испанийн
хаан Хуан Карлосын бага охин, гүнж Кристина татвар төлөөгүй, мөнгө угаасан
хэрэгт буруутгагдаад байна. 48 настай Кристина гуравдугаар сарын 8-нд шүүхийн
өмнө тайлбар өгөхөөр дуудагдлаа хэмээн “The Guardian” сонин мэдээлэв.
Испанийн
гүнжийн нөхөр, бэйс Иньяки Урдангарин буяны сангаараа дамжуулан мөнгө угаасан,
луйвар хийсэн хэрэгт татагдан, шүүхийн хаалга татах болсноор хоёр жил болж
байгаа билээ. Кристина нөхрийнхөө тэргүүлдэг байсан буяны санг ашиглан төсвийн
мөнгөнөөс нэг сая еврог өөрийн хамтран эзэмшдэг Aizoon компани руу шилжүүлсэн
хэрэгт унаад байна.
И.Урдангарин
хамтран зүтгэгч Диего Торресийн хамтаар өөр эрүүгийн хэрэгт татагдаад байгаа.
Тэд 5.8 сая евро залилсан хэрэгт хардагдаж, энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд
явж байгаа билээ. Урдангарин, Торрес нар Испанийн нэгэн хотын засаг захиргаанд
үзүүлдэг үйлчилгээнийхээ үнийг зохиомлоор нэмж тэр мөнгөө өөрсдийн сангийн
хяналтад байдаг өөр компанийн данс руу оруулж байсан нь ил болсон юм. Урдангарин
“Би ямар ч буруугүй. Сангийн хамаг гүйлгээ, санхүүг Диего Торрес хариуцдаг
байсан. Би мөнгө, санхүүд хутгалддаггүй байсан” хэмээн мэдэгдсэн ч мань Торрес “Би
зөвхөн Урдангаринтай зөвшилцсөний үндсэн дээр мөнгөний шилжүүлэг хийдэг байсан”
хэмээн шүүх дээр мэдэгджээ. Эдүгээ энэ хэрэг сунжирсаар хоёр дахь жилийнхээ
нүүрийг үзэж байгаа аж.
Испанийн хааны ордон гүнж
Кристинагийн нэр дээр ирсэн шүүхийн буруутгалын талаар байр сууриа илэрхийлжээ.
Хааны гэр бүл “Шүүхийн шийдвэрт гүн хүндэтгэлтэй хандаж байна” хэмээн
мэдэгдэлдээ онцолсон байна. Испанийн хааны бага охин Кристина гэм буруутай нь
шүүхээр батлагдвал зургаа хүртэл жил шоронд хоригдох, хууль бусаар өөрийн
болгосон мөнгөө гурав дахин нугалж төлөх торгуульд унаж магадгүй байна. Гүнж
Кристина 1997 онд гандболын тамирчин Иньяки Урдангаринтай гэрлэжээ. Испанийн
хааны гэр бүл охин Кристинагаа нөхрөөсөө салахыг шаардаж байгаа гэсэн мэдээлэл
хэвлэлд гарчээ.


No comments:
Post a Comment