Их Британид АНУ-ын
нисдэг тэрэг сүйрчээ
Их
Британийн зүүн хэсгийн Норфолк мужид АНУ-ын Агаарын хүчний Black Hawk нисдэг тэрэг сүйрчээ. Урьдчилсан
мэдээллээр, ослын улмаас дөрвөн хүн амь насаа алджээ. Онгоцонд хэдэн хүн явж
байсан нь тодорхойгүй байна. Daily
Telegraph
сонинд бичсэнээр, нисдэг тэрэг намгархаг газар унасан тул аврах ажиллагаанд
хүндрэл учирчээ.
АНУ-ын
Агаарын хүчин энэ мэдээллийг баталжээ. Осол болсон газраас 80 км-ийн зайд,
Саффолк гүнлэгт АНУ-ын Агаарын хүчний бааз байдаг аж. Нисдэг тэрэг сургуулилт
хийж яваад осолджээ.
Хойд Солонгост
парламентын сонгуулийн товыг зарлав
Хойд
Солонгост парламент буюу Ардын дээд чуулганы сонгуулийг гуравдугаар сарын 9-нд
явуулахаар тогтжээ. Энэ сонгуульд тус улсын 17-гоос дээш насны бүх иргэн
оролцох ёстой. Өнөөгийн лидер Ким Чен Ун эрх мэдлийг авснаас хойш болох анхны
сонгууль нь энэ юм. Тэрээр өөрийгөө парламентын гишүүнд дэвшүүлэх эсэх нь тодорхойгүй
байна.
Сүүлийн
үед Хойд Солонгост улс төрийн томоохон цэвэрлэгээ явагдаж буйг тоймчид онцолж
байгаа юм. Арванхоёрдугаар сарын 12-нд залуу лидер Ким Чен Ун хүргэн ах, улсын
хоёрдугаар хүн Чан Сон Тэкийг авлига, бусармаг амьдралтай хэмээн буруутган
таван туслахын хамт цаазалсан юм.
АНУ
цасанд дарагдаж, 40 градусын хүйтэн тачигнаж байна
АНУ-ын
төв болон хойд нутагт ихээхэн цас орж, эрс хүйтэрчээ. Сүүлийн 20 жилд тохиогоогүй
хүйтэн болж байна. Монтана, Хойд болон Өмнөд Дакота, Миннесота, Айова,
Висконсин, Мичиган, Небраска мужид их хүйтэн, их цас, мөсөн бороо, хөлдүү зам
бэрхшээл үүсгэж, агаарын температур ердийнхөөс 11-20 градусаар буурчээ. Зарим
хотод -40 градус хүртэл хүйтэрч байна. Нью-Йорк мужид онц байдал зарлаж,
иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Гэнэтийн их
хүйтрэлийн улмаас 16 хүн амь насаа алджээ. Ихэнх нь зам тээврийн ослоос болмон
аж. Хэдэн мянган нислэг хойшлоод байна.
Энэтхэг
дунд тусгалын пуужин туршжээ
Энэтхэг
улс цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай “Притхви” загварын баллистик пуужинг
амжилттай туршлаа. Туршилт зүүн хэсгийн Орисса мужийн “Чандипур” талбай дээр
болжээ. Пуужинг зохион бүтээсэн батлан хамгаалахын мэргэжилтнүүд туршилтыг
ажиглаад өндөр үнэлгээ өгсөн байна. “Газар-газар” ангиллын “Притхви” пуужин нь 500
кг-аас нэг тн хүртэл цэнэгт хошуу тээвэрлэж, 350 км-т тусах чадалтай юм.
Деннис
Родман хялбар олз хайж ирсэн үү
НБА-ийн
нэрт сагсан бөмбөгч Деннис Родман Хойд Солонгосын нийслэлээс “CNN” телевизийн
нэвтрүүлэгт оролцох үеэрээ тус нэвтрүүлгийн хөтлөгчтэй муудалцаж, үгээр
дайрчээ. Хөтлөгч “Та яагаад хүргэн ахыгаа цаазалсан удирдагчтай, хүний эрхийг
хүндэтгэдэггүй улсад очиж байгаа юм бэ. Энэ чинь зөв үү” хэмээн асуусан нь
сагсан бөмбөгчийг ихэд эгдүүцүүлсэн аж. Д.Родман “Би энд байхдаа улс төр
ярихгүй. Зөвхөн сагс тоглох гэж ирсэн. Зөвхөн сагс. Манай улс дэлхийн энд тэнд
олон бэрхшээл, асуудалтай байж яагаад олимпийн тоглолт зохион байгуулсныг хэн ч
асууж байгаагүй. Олимп болоход тэр бүх асуудал байхгүй болдог. Энэ бол спорт,
зөвхөн спорт. Бид ч зөвхөн спорт тоглох гэж л энд ирсэн ” гэсэн байна.
Үүний дараа НБА-гийн
тэргүүн Дэвид Стерн “Родман болон өөр хэд хэдэн тамирчин хялбар олз хайж Хойд
Солонгост очсон” хэмээн мэдэгдсэн нь бас л шуугиан дэгдээгээд байна. НБА-д
тоглож байсан нэртэй сагсан бөмбөгчид Пхеньянд очиж байгаа нь спортын дипломат
ажил хэмээн Родман мэдэгдсэн ч Д.Стерн “Тийм биш. Родман болон түүний нөхөд
Хойд Солонгост очих ёсгүй байсан юм” хэмээн хариу барьжээ.


No comments:
Post a Comment