Sunday, 19 January 2014




Ливид Өмнөд Солонгосын түшмэлийг хулгайлжээ

Ливийн нийслэл Триполи хотод ажиллаж байсан Өмнөд Солонгосын иргэн Хан Сок Ву хулгайлагдлаа хэмээн “Ренхап” агентлаг мэдээлэв. Тэрээр Солонгосын худалдааны хөрөнгө оруулалтын Ливи дахь салбарын даргаар ажиллаж байсан юм. Түүнийг Триполи хотод зэвсэглэсэн дөрвөн этгээд барьцаалан авч явжээ.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам энэ мэдээллийг баталсан ч өөр дэлгэрэнгүй зүйл ярьсангүй. Солонгос түшмэлийг хэн, ямар зорилгоор хулгайлсан нь тодорхойгүй байна.
Босогчид, орон нутгийн зэвсэгт отряд болон Засгийн газрын хүчний хооронд байлдаан, мөргөлдөөн үргэлжилсээр байгаа Ливид албаны хүмүүсийг хулгайлах явдал тасрахгүй байна. 2013 оны арваннэгдүгээр сард Ливийн Тагнуулын албаны орлогч дарга Триполи хотын нисэх буудал дээр хулгайлагдаж байв. Мөн Ерөнхий сайд Али Зейдан нэлээд хэд хоног барьцаалагдаж байжээ.

Аmazon захиалга хийхээс өмнө барааг хүргэнэ

Жижиглэн худалдааны хамгийн том онлайн дэлгүүр Amazon бараа бүтээгдэхүүнийг захиалга хийгдэхээс нь өмнө савлаж, ачиж, хүргэх шинэ үйлчилгээндээ зохиогчийн эрхийн гэрчилгээ авлаа хэмээн The Wall Street Journal мэдээлэв. “Урьдчилсан хүргэлт” хэмээн нэрлэж байгаа энэ арга, технологи нь барааг хүргэх хугацааг богиносгож, дэлгүүрт биеэрээ очиж худалдаа хийдгийг улам багасгах ажээ.
Өмнөх захиалгууд, барааны хайлт, хүссэн барааны жагсаалт болон бусад хүчин зүйл дээр үндэслэн үйлчлүүлэгч ямар бараа захиалах гэж байгааг урьдчилж мэдэх боломжтой гэж байна. Amazon олон сая хэрэглэгчийн мэдээлэл дээр үндэслэж, захиалгыг нь урьдчилан таах аргаг хэрэглэж байна хэмээн Forrester Research фирмийн шинжээчид үзэж байна.

Пакистанд 20 цэрэг амь эрсдэв

Пакистаны баруун хойд хэсгийн Банну хотод цэргийн цувааны дэргэд бөмбөг дэлбэрчээ. Халдлагыг амиа золиослогч үйлдсэн үү, эсвэл алсын удирдлагатай бөмбөг дэлбэлсэн үү гэдэг нь тодорхойгүй байна хэмээн Пакистаны Аюулгүйн албаны төлөөлөгчид мэдэгдэв. 20 цэрэг амь алдсанаас гадна 30 орчим хүн шархаджээ.
“Талибан” хөдөлгөөн энэ халдлагыг зохион байгуулснаа мэдэгдээд, цаашид ч ийм довтолгоо хийнэ хэмээн сүрдүүлсэн байна. Пакистаны баруун хойд нутаг нь “Талибан” болон “Аль-Кайда”-гийн гол түшиц газар юм. Төвийн Засгийн газар энэ бүс нутгийг хяналтаасаа алдсан гэхэд болно. Лалын дайчид энэ нутгаар дамжин Афганистан руу нэвтэрдэг ажээ.

Сирид франц залуус тулалдсаар байна

Сирид дайн байлдаанд хөлсөөр оролцож байгаа франц залуусын талаар Францын Гадаад хэргийн сайд Манюэль Валс ярьжээ. Түүний баталж буйгаар, Сирид Францын 700 орчим иргэн байлдаж байгаа бөгөөд тэдний ихэнх нь 25-аас доош настай аж. Француудыг дайн байлдааны үйл ажиллагаанд оролцуулахгүйн тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг тэрээр онцоллоо. Сирид тулалдаж буй франц жихадистуудын дийлэнх нь араб гаралтай Францын иргэд ажээ.

Б.Асад сөрөг хүчнийхнийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг уриалав

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад сөрөг хүчнийхэнд хандаж төрийн тэргүүний сонгуульд оролцохыг уриалжээ. “Би сайн дураараа эрх мэдлээ шилжүүлж өгөхгүй. Намайг огцрох эсэх асуудлыг Сирийн ард түмэн шийднэ” хэмээн мэдэгдсэн байна. Сөрөг хүчний лидерүүдээс улс төрийн шууд тэмцэлд оролцох хүсэлтээ илэрхийлсэн хүн алга хэмээн Асад онцоллоо.
Сөрөг хүчний томоохон бүлгийн нэг нь “Женев-2” энхийн бага хуралд оролцоно гэдгээ илэрхийлсэн юм. Швейцарьт болох бага хурлаар Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг албан тушаалаас нь буулгах тохиролцоонд хүрч чадна гэдэгт сөрөг хүчний төлөөлөгчид найдаж байгаа ажээ.

No comments:

Post a Comment