skip to main |
skip to sidebar
Барьцаалагчид гурван сая
доллар нэхэж байна
Йеменд Өмнөд Африкийн иргэн
Пьер Коркийг барьцаалсан хүмүүс гурван сая долларын золиосны мөнгө шаардаж
байна. Коркийн гэр бүлийнхэн энэ гурван сая долларыг олохоор хандивын аян
зарлаад байгаа аж. Барьцаалагчид ч хандивын аян хэрхэн дуусахыг хүлээж, өмнөдафрик
эрийг цаазлахаа хойшлуулсан аж. Нэгдүгээр сард түүнийг цаазлана хэмээн Йемений
лалын босогчид сүрдүүлж байжээ.
2013 оны эхээр Пьер Коркитэй
хамт барьцаалагдсан гэргий Иоландыг өнгөрсөн арванхоёрдугаар сард суллаж
явуулжээ. Засгийн газрын бус Gift of the
Givers байгууллага
босогчидтэй хэлэлцээ хийж түүнийг сулласан юм. Йемен нь Арабын хойгийн хамгийн
аюултай улс болоод байна. Тэнд лалын дайчид, салан тусгаарлагчид болон “Аль-Кайда”-тай
холбоотой террорист бүлгүүд үйл ажиллагаа явуулсаар байгаа ажээ.
Ж.Кеннедийн охин японуудыг
шүүмжилжээ
АНУ-аас Японд суугаа Элчин
сайд Кэролайн Кеннеди (АНУ-ын Ерөнхийлөгч Жон
Кеннедийн охин) далайн гахайг бөөнөөр хөөж
авладаг япон уламжлалыг эсэргүүцжээ. Тэрээр АНУ-ын Засгийн газар ийм ан авын
эсрэг байгаа гээд өөрөө ч энэхүү зэрлэг уламжлалыг таашаахгүй байгаагаа
илэрхийлжээ.
Үүний дараа Японы Вакаяма
мужийн захирагч Ёшинобу Нисака дээрх уламжлалыг хамгаалсан мэдэгдэл хийжээ. “Бид
халим, далай гахайг бага тоогоор агнадаг. Ангийн ийм хэлбэрийг олон улсын
хуулиар хориглоогүй. Улс орон бүр идэш уушаа бэлтгэх арга, уламжлалтай. Энэ
уламжлал байгалийн баялаг устахад хүргэхгүй л хүндэтгэх хэрэгтэй” хэмээн Нисака
ярьсан байна.
Хятад, Японы лидерүүд Сочид
уулзахгүй
Хятадын лидер Си Жинпин, Японы
Ерөнхий сайд Шинзо Абэ нар Сочи дахь өвлийн олимпийн нээлтэд оролцохдоо тусдаа
уулзалт хийнэ гэсэн мэдээллийг Хятадын Гадаад хэргий яамнаас няцаалаа. Хятадын
Гадаад хэргийн сайдын орлогч Чэн Гопин “Си Жинпин даргад Сочигийн олимпийн үеэр
Японы удирдлагаас хэн нэгэнтэй нь уулзах төлөвлөгөө байхгүй” хэмээн мэдэгдээд
өнгөрсөн сард Ясукуни сүмд зочилсон Шинзо Абэг дахин шүүмжилсэн байна.
Харин Сочид Си Жинпин Оросын
Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, зарим асуудлаар санал солилцох ажээ.
В.Путин,
Б.Обама олимпийн бэлтгэлийн талаар ярилцжээ
Кремлийн
лидер Владимир Путин, Цагаан ордны эзэн Барак Обама нар Сочийн өвлийн олимпийн
бэлтгэл ажлын талаар утсаар ярилцлаа хэмээн “Новости” агентлаг мэдээлэв. Хоёр
орны лидер Орос-Америкийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэр тусмаа Сочигийн
олимпийн тоглолтыг аюулгүй зохион байгуулах талаар ярилцсан аж. Энэ тал дээр
АНУ бүрэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн билээ. Тэд мөн Швейцарьт эхэлсэн Сирийн
энхийн хэлэлцээ болон Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар санал солилцсон
бололтой.
Бангкокт онц
байдал зарлав
Тайландын
Засгийн газар нийслэл Бангкок хот болон залгаа мужуудад онц байдал зарлажээ.
Онц байдлын дэглэм 60 хоног үргэлжлэх бөгөөд эрх баригчид хөл хорио тогтоох,
иргэдийг ямар нэг буруутгалгүйгээр баривчлах, хэвлэл мэдээлэлд хяналт тавих,
улс төрийн цуглааныг хориглох, үймээнтэй дүүрэг, бүсийн зам, гарцыг хаах эрхтэй
болж байна.
Засгийн
газар ард иргэдээ хамгаалахын тулд онц байдал зарласан хэмээн дэд Ерөнхий сайд
мэдэгджээ. Сөрөг хүчний лидерүүд болон дэмжигч, жагсагчид хэд хэдэн удаа
халдлагад өртсөний дараа эрх баригчид дээрх шийдвэрийг гаргасан юм. Тэдэнд
халдсан этгээдүүдийг олоогүй ч сөрөг хүчнийхэн үүнд эрх баригчдыг хардаж байгаа
ажээ.
No comments:
Post a Comment