Saturday, 11 January 2014







Ариэль Шарон бурхан болжээ

Израилийн Ерөнхий сайд асан Ариэль Шарон олон жилийн турш ухаангүй, комын байдалд байсны эцэст 85 насандаа өөд боллоо. Израилийн Засгийн газар оршуулгыг зохион байгуулахаар болж, А.Шаронтой хагацах ёслолд дэлхийн лидерүүдийг уриад байна. Тэрээр найман жилийн турш ухаангүй байсан юм.
Ариэль Шарон цэргийн хүч хэрэглэхийг ихээхэн дэмждэг улстөрч байсан билээ. Палестины алан хядагчын давалгааг зогсоохын тулд босгосон тусгаарлах хана хэрмийг гагцхүү тэр санаачилж байв. А.Шарон улс төрд орохоосоо өмнө Араб-Израилийн дөрвөн дайнд оролцож байжээ.

АНУ-ын цэргийг байлгахын тулд 860 сая доллар зарцуулна

Өмнөд Солонгосын эрх баригчид өөрийн газар нутаг дээр АНУ-ын цэргийг байлгаж байхын тулд 860 сая долларыг төсвөөс гаргахаар болжээ. Хоёр улсын хоорондох тохиролцооны дагуу, Сөүлийн Засгийн газар таван жилийн турш ийм хэмжээний мөнгийг Америкийн цэргийн баазад зарцуулах юм. Одоогоор Өмнөд Солонгост 20 мянга орчим америк цэрэг байрлаж, үүрэг гүйцэтгэж байна. Ирэх хоёрдугаар сард АНУ-ын зэвсэгт хүчин Өмнөд Солонгос руу нэмж 800 цэрэг илгээхээр зэхэж буй бололтой.

Сирийн арми Алеппод 40 орчим босогчийг утсгажээ

Сирийн Засгийн газрын арми тусгай ажиллагаа явуулсны эцэст 40 орчим босогчийг устгалаа хэмээн SANA агентлаг мэдээлэв. Тэдгээр босогчдын ихэнх нь гадаадын хөлсний этгээдүүд байсан хэмээн мэдээлж байна. Алеппо хоттой нийлдэг Ретьян сууринд тусгай ажиллагаа явуулсан аж.
Хэд хоногийн өмнө Алеппо хотод “Лалын Ирак улс” хэмээх хэт даврагч бүлгийн дайчид 50 орчим хүнийг цаазалсан билээ. Тэдгээрийн дотор сэтгүүлчид, хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд, энгийн иргэд байсан хэмээн мэдээлж байна.

Туркийн парламент дахь нанчилдаан

Туркийн парламентын хуралдааны үеэр хоёр депутат хоорондоо зодолджээ. Ерөнхий сайд Режеп Таип Эрдоганы санаачилсан хуулийг хэлэлцэж байх үеэр хоёр депутат маргалдан улмаар зодоон үүсчээ. Саяхан Туркт авлигын томоохон хэрэг дэгдэж, Засгийн газрын гурван сайд нэг дор огцорсон. Үүний дараа Эрдоган шүүгчдэд тавих хяналтыг чангатгахын хуулийн төслийг өргөн бариад байжээ. Нэг депутат хуулийн энэ төслийг “Шүүгчдийн эрхэнд халдлаа, Үндсэн хуулийг зөрчлөө” хэмээн өөр нэг депутаттай хэрэлдэж, савтай усаа чулуудсанаар зодоон үүсчээ.

Японууд бие сэтгэлээ ариусгав

Японд шинэ оны эхэнд бие, сэтгэлээ ариусгах уламжлал байдаг. Токиод болсон энэхүү уламжлалт баяр, цэнгүүнд 50 орчим хүн оролцжээ. Хага ташим хүйтэн ус бие дээрээ асгаж, булхаснаар бие, сэтгэл ариусч, эрүүл саруул байхын зэрэгцээ, муу муухай сэтгэлээс хамгаалдаг гэж үздэг ажээ.

No comments:

Post a Comment