Tuesday, 14 January 2014




Хойд Солонгосын мөнгө, санхүүг Ким Чен Уны дүү хариуцна

Хойд Солонгосын лидер Ким Чен Ун улс орны мөнгө, санхүүгийн удирдлагыг эмэгтэй дүү Ким Е Жонд шилжүүллээ хэмээн “Чосон Илбо” сонин мэдээлэв. Энэ албыг өмнө нь Пхеньяны залуу удирдагчийн хүргэн ах Чан Сон Тэк хашиж байсан билээ. Чан Сон Тэк эрх мэдлийг булаахыг санаархсан, буруу амьдралын хэв маягийг нэвтрүүлсэн хэргээр арванхоёрдугаар сарын дундуур цаазлуулсан билээ.
Ким Чен Уны дүү Хөдөлмөрийн намын 54-р салбарыг тэргүүлнэ. Тус салбар нь нүүрс, түлш шатахуун, цахилгаан эрчим хүч, хувцас, хоол хүнс зэрэг Солонгосын ардын армид нэн түрүүнд шаардлагатай зүйлсийн нийлүүлэлт, хуваарилалтыг хариуцдаг ажээ. Үүнээс гадна, Ким Е Жон Taesong банк, Нэгдэл, хөгжлийн банк болон өмнө нь Ким Чен Уны авга эгч Ким Ген Хигийн толгойлж байсан хэд хэдэн алба, товчоог хариуцах ажээ.

Зүрхийг нь идэхийн тулд спортын өрсөлдөгчөө хороожээ

Ирландад нэгэн аймшигтай аллага гарсан тухай Independent сонин мэдээлж байна. Тус улсын Кастлнок хотод тамлуулж, зэрэмдэглүүлсэн 39 настай улс төр судлаачийн цогцос олджээ. Цагдаа нар хэргийн мөрөөр орж, аллагыг уг байрыг түрээслэж байсан Италийн 34 настай иргэн үйлдсэн болохыг тогтоосон байна. Мань хоёр шатар тоглож байжээ. Юунаас болсон юм, маргалдаж хэрэлдэн түрээслэгч нь байрны эзнийг хутгалан алсан байна. Тэрээр цагдаад мэдүүлэхдээ, зүрхийг нь идэхийн тулд энэ аллагыг үйлдсэн гэсэн аж. Шатар тоглож байгаад нэг нь нүүдлээ буцаж маргалдсанаас энэ аллага үүдсэн бололтой. Алуурчин улсаас үнэгүй олгодог өмгөөллийн үйлчилгээнээс татгалзаж, буруугаа хүлээн зөвшөөрчээ. Эдүгээ түүний сэтгэц өөрчлөлттэй эсэхийг шалгаж байна.

Орос, Ираны хэлэлцээнд америкууд санаа зовнив

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Орос-Ираны хооронд хийгдсэн байж болзошгүй бараа-нефтийн хэлэлцээний талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровоос асууж лавлалаа хэмээн Британийн The Telegraph сонин уламжлав. Иранууд Орост нефть нийлүүлж оронд нь бараа, материал авах болсон тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм.
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Кейтлин Хэйден “Зургаан улсын Ирантай хийсэн гэрээний нөхцөлтэй дээрх тохиролцоо зөрчилдөж байгаа тул бидний сэтгэлийг зовоож байна. Улмаар АНУ-ын зүгээс хориг арга хэмжээ авахад ч хүргэж болзошгүй” хэмээн мэдэгджээ. Ираны тал дэлхийн тэргүүлэх зургаан гүрэнтэй хэлэлцээ хийж, нэгдүгээр сарын 20-ноос цөмийн хөтөлбөрөө зогсоох тохиролцоонд хүрсэн билээ.

“Майн Кампф” Амазон-ы бестселлер болжээ

Интернэтийн 100 мянган хэрэглэгч Адольф Гитлерийн “Майн Кампф” номыг Амазон дэлгүүрээс худалдаж авчээ. Англид уг ном “Суртал ухуулга, улс төрийн сэтгэл зүй” ангиллын бестселлер номын жагсаалтыг тэргүүлж байгаа аж. Гитлерийн “Миний тэмцэл” номын цахим хувилбарыг 50 гаруй центээр татаж авч (худалдан авч) байна. Орчин үеийн технологи ашиглан номыг эргэн тойрны хүмүүсээс нууцаар унших боломжтой болсон нь Гитлерийн ном бестселлерийн жагсаалтад ороход нөлөөлжээ.
“Энэ номыг номын тавиур дээрээ, гэртээ, эсвэл метронд бариад хүмүүсийн нүдэн дээр уншихгүй нь ойлгомжтой” хэмээн сэтгүүлч Крис Фараоне хэлсэн байна. Адольф Гитлер өөрийн гараар амьдрал, үзэл бодлоо бичсэн нь Амазоны хэрэглэгчдэд сонин байна хэмээн нэгэн уншигч санал бодлоо илэрхийлжээ.

Роналдо хоёр дахь Алтан бөмбөгөө авлаа

2013 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг шалгаруулах FIFA Balon d’Or гала үдэшлэг Швейцарийн Цюрих хотноо боллоо. Энэ удаагийн Алтан бөмбөгийн эзнээр Португалын шигшээ болон Испанийн “Реал Мадрид” багийн Криштанио Роналдо тодорсон юм. Тэрээр 2008 онд энэ шагналыг авч байв. Роналдо 27.99 хувийн саналаар тэргүүлж, Лионель Месси 24.72, Франк Рибери 23.36 хувийн саналаар удаалжээ. Аргентины шигшээгийн довтлогч Месси 2009, 2010, 2011, 2012 онд Алтан бөмбөгийн эзнээр тодорч өвөрмөц амжилт тогтоож байв. 

No comments:

Post a Comment