Wednesday, 22 January 2014




Ливид хулгайлагдсан түшмэлийг суллажээ

Нэгдүгээр сарын 19-нд Ливийн Триполи хотод хулгайлагдсан Өмнөд Солонгосын түшмэл суллагджээ. Ливийн эрх баригчид түүнийг хүлээн авч Өмнөд Солонгосын дипломат төлөөлөгчийн газарт хүлээлгэн өгчээ. Солонгосын худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагийн Ливи дахь салбарын тэргүүнээр ажиллаж байсан Хан Сок У босогчдын жижигхэн бүлэгт хулгайлагдсан байв. Эх сурвалж мэдээлж буйгаар, Ливийн аюулгүйн албаны ажилтнууд чөлөөлөх ажиллагааг явуулж, гэмт хэрэгтнүүдийг баривчилсан аж. Дөрөв хоногийн өмнө Хан Сок Уг дөрвөн этгээд машинаас нь буулган өөр машинд суулган авч явсан ажээ.

Цуврал хүчирхийлэгч 290 жилийн ял авлаа

Зимбабвейн шүүх тус улсын иргэн Томас Чирембег 13 бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт буруутган 290 жилийн ял оноолоо. Шүүгч Саймон Качембе түүнийг “Зэрлэг араатнаас дор” хэмээн нэрлээд нийгмээс бүрэн тусгаарлах нь зүйд нийцнэ гэжээ. Хүчирхийлэгч эр шүүх хурал дээр гэм буруугаа хүлээж, олон жилийн ял оноохгүй байхыг хүсчээ. Гэвч шүүүгчид түүний үгэнд итгэсэнгүй, Зимбабвейн түүхэн дэх хамгийн том ялаар шийтгэсэн байна. Цуврал хүчирхийлэгчийн хэрэг тус улсад шуугиан дэгдээж, ийм гэмт хэрэгтнүүдийг химийн аргаар тайган болгох тухай хэлэлцэхэд хүргэсэн юм.

ОХУ Сочигийн олимпийн бэлтгэлд 50 тэрбум доллар зарцуулжээ

Сочигийн өвлийн олимпийн бэлтгэлд 50 орчим тэрбум доллар зарцуулаад байна хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев ярилаа. Үүнээс яг олимпийн уралдаан, тэмцээнтэй холбоотой зардал зургаан тэрбум болж байгаа аж. Үлдсэн мөнгө нь бүс нутгийн хөгжил, дэд бүтцэд зарцуулагдаж байгаа ажээ. Олимпийн барилга байгууламжийг босгох явцад авлигын хэрэг гаарсан гэх яриаг Ерөнхий сайд няцаалаа. “Бид энэ 50 тэрбум долларыг тун ухаалгаар зарцуулсан. Төсвийн мөнгө зохих зүйлдээ бүрэн зарцуулагдсан” хэмээн тэрээр онцоллоо. Сочигийн олимпийн аюулгүй байдлыг хангар тал дээр ОХУ, АНУ хоёр өндөр түвшинд хамтран ажиллаж байгааг Д.Медведев хүлээн зөвшөөрчээ.

Аргентины Ерөнхийлөгч ил гарав

Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер сар хагасын хугацаагаар олон нийтийн өмнө үзэгдэхгүй байсан нь олон таамаг, хардлага төрүүлсэн билээ. Тэрээр өчигдөр энэ нам гүмийг эвдэж олон нийтийн өмнө үг хэлжээ. Тэрээр Буэнос-Айрес дахь Ерөнхийлөгчийн ордны өмнө гарч ирж ажилгүй залууст төрөөс үзүүлэх нийгмийн халамжийн талаар мэдэгдэл хийсэн байна. Мөн Засгийн газрын үйл ажиллагааг таашаадаггүй хэвлэлүүдийг шүүмжилжээ. Аргентины төрийн тэргүүн өнгөрсөн оны аравдугаар сард тархин дахь цусны өтгөрөлтийг арилгах мэс засалд орж, нэг сарын дараа ажилдаа орж байжээ.

Токио хотын даргын сонгуульд 15 хүн өрсөлдөнө

Японы нийслэл Токио хотын даргын суудлын төлөө тус улсын бүх нам, хүчний төлөөлөгч өрсөлдөх гэж байна. Тэдний дотор хэт барууны үндсэрхэг намаас эхлээд зүүний хүчнийхэн болон зохион бүтээгч, Ерөнхий сайд асан зэрэг 15 хүн нэр дэвшжээ.

Японы армийн нисэх хүчний командлагч асан Тосио Тамогами, өмгөөлөгч Кенжи Үцүноми, зүүний үзлээрээ алдартай экс Ерөнхий сайд Морихиро Хосокава, зохион бүтээг Ёширо Накамацү нарын нэртэй хүмүүс байгаа аж. Накамацү соронзтой бэлгэвч, харайдаг-гутал зэрэг этгээд зүйл зохион бүтээж байв. Токио хотын дарга Наоки Иносэ авлигын хэрэгт холбогдон 2013 оны сүүлчээр огцорсон юм. Тэрээр сонгуулийн кампанийн үеэр нэгэн компаниас 500 мянган долларын хандив авсан нь ил болсон ажээ. 

No comments:

Post a Comment