Thursday, 9 January 2014




Америкууд Сочигоос тамирчдаа яаралтай гаргах төлөвлөгөө боловсруулж байна

АНУ-ын цана болон сноубордингийн холбоо Сочигийн (ОХУ) өвлийн олимпийн үеэр тамирчдынхаа аюулгүй байдлыг хангахын тулд хамгаалалтын Global Rescue компанитай гэрээ байгуулжээ. Тодруулбал, онцгой байдлын тохиолдолд тамирчдаа яаралтай гаргах, зайлуулах төлөвлөгөө боловсруулж байна хэмээн “USA Today” сонин мэдээлэв.
Global Rescue компанийн удирдагч Дэн Ричардсын хэлж буйгаар, тамирчдыг аюул ослоос яаралтай зайлуулахын тулд тус бүр нь 200 хүний багтаамжтай таван нисэх онгоц бэлтгэжээ. АНУ-ын хамгаалалтын албаныхан тамирчид, холбооны гишүүд гээд нийт 375 хүнийг хамгаалалтад авах юм. “Global Rescue ОХУ-ын хүлээн зөвшөөрсөн аюулгүй байдлын арга хэмжээг авна, гэвч манай компани онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд бэлэн байх ёстой. Сочид хаана аюулгүй хоргодох газар байна, хаагуур аюулгүй зайлуулж болохыг бид судлах хэрэгтэй байна” хэмээн Ричардс ярилаа.
АНУ-ын Үндэсний олимпийн хороо аюулгүй байдлын ямар арга хэмжээ авч буйгаа зарлахаас татгалзжээ. Гэвч төлөөлөгч Марк Жонс “Үндэсний олимпийн хорооны түвшинд хамгаалалтын хувийн компаниудтай гэрээ хэлцэл байгуулаагүй” хэмээн мэдэгджээ. АНУ-ын Хоккейн холбоо ч хувийн хамгаалалтын компанитай иймэрхүү гэрээ байгуулсан бололтой. Сэтгүүлчид Хоккейн холбооны хэвлэлийн төлөөлөгч Дейв Фишерээс энэ талаар лавлахад тэрээр хариулт өгөхөөс татгалзсан байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел Сочигийн өвлийн олимпийн өмнө тулгарч буй террорист аюул заналхийллийн эсрэг тэмцэхэд ОХУ-д туслахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн билээ. Үүнээс гадна, XXII өвлийн олимпод оролцох Америкийн тамирчин, төлөөлөгчдийг АНУ-ын засаг захиргааны зохих бүтэц, байгууллагууд хамгаална гэсэн мэдээ USA Today” сонин дээр гарчээ.
2013 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Волгоград хотод 24 цагийн зайтай хоёр алан хядах ажиллагааны болж, олон хүний амь үрэгдсэний дараа Хар далайн эрэг дээр, Кавказын уулсын дунд байдаг Сочи хотод болох өвлийн олимпийн тоглолтын аюулгүй байдлын асуудал дэлхий дахины анхааралд ороод байна. ОХУ-ын эрх баригчид “Аюулгүй байдлыг чангатгах ямар нэг нэмэлт арга хэмжээ авахгүй. Шаардлагатай урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсан байгаа” хэмээн мэдэгдсэн юм.
Нэгдүгээр сарын 7-ноос эхлэн Сочид онцгой дэглэм тогтоожээ. “BBC Russian мэдээлж буйгаар, хотын эргэн тойронд хориотой бүс тогтоож, зөвхөн тусгай зөвшөөрлөөр нэвтрүүлж байхаар болсон байна. Энэ журмыг зөрчвөл торгууль ногдуулна. Өвлийн олимпийн тоглолтын аюулгүй байдал, эмх журмыг Дотоод хэргийн яам болон тусгай албаны 40 мянган ажилтан сахиулах юм. Аюулгүй байдлын нийт зардал хоёр тэрбум долларыг давж байгаа ажээ. Сочигийн өвлийн XXII олимп хоёрдугаар сарын 7-23-нд болно. Гуравдугаар сарын 16-нд Параолимпийн тоглолт болох бөгөөд тус хот гуравдугаар сарын 21 хүртэл хаалттай дэглэмд ажиллах ажээ.

Иранд эрэгтэй, эмэгтэй хүмүүс интернэтээр чалчихыг хоригложээ

Ираны шашны лидер Али Хамени бие биенээ таньдаггүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо интернэтээр чалчихыг (chat) хоригложээ. Тэрээр энэ шийдвэрээ өөрийн веб хуудсаар (www.leader.ir) дамжуулан зарласан байна. Консерватив чиг шугам баримталдаг Rajanews агентлаг энэ шийдвэрийг шинэ фатва буюу шашны дээд удирдагчийн ээлжит зарлиг хэмээн нэрлэжээ.
Али Хаменийн зарлигийн дагуу Иранд өргөн хэрэглэдэг Хятадын WeChat програмыг хориглоод байна. Мөн Instagram, Viber-ийн хэрэглэгчид ч хоорондоо чалчих боломжгүй болоод байна. Facebook, Twitter зэрэг интернэтийн таван сая орчим сайт, нийгмийн сүлжээ  Иранд хориотой байдаг. Эдгээрт нэвтрэхийн тулд шүүлтүүр, хяналтын програмаар дамжиж нэвтэрдэг ажээ.

Apple, Samsung хоёр зохиогчийн эрхийн асуудлаар уулзана

Дэлхийн гар утасны зах зээлийг атгаж байгаа Apple болон Samsung компани зохиогчийн эрхийн асуудлаар уулзалт зохион байгуулахаар болжээ. Apple компани Samsung-ийн ухаалаг утас, таблетуудын хуучин загварыг АНУ-ын газар нутаг дээр худалдахыг хориглохыг дахин шаардсан хэмээн мэдээлж байсан. Тус хоёр компани зохиогчийн эрхийн асуудлаар маргалдаж, энэ нь явсаар Калифорнийн шүүх дээр очоод байгаа билээ.
Apple-ийн тэргүүн Тим Кук, Samsung-ийн босс Квон О Хьюн нар уулзаж эвлэрлийн гэрээ байгуулах гэж буй бололтой. Тэдний хоорондох маргааныг шүүн таслах хурал АНУ-д гуравдугаар сард эхлэх ажээ. Үүнээс өмнө талууд патентийн асуудлаар тохиролцоонд хүрэхээр чармайж байна хэмээн хэвлэлүүд мэдээлжээ.

L'Oreal Хятад худалдаагаа хэсэгчлэн зогсоолоо

Гоо сайхны дэлхийн томчуудын нэг, Францын L'Oreal фирм Хятад дахь Garnier нэрийн бүтээгдэхүүнийхээ худалдааг зогсоох шийдвэр гаргалаа хэмээн Financial Times сонин мэдээлэв. Долоо хоногийн өмнө алдарт Revlon компани Хятад дахь ажлын байраа 1100-гаар цомхотгож, тус улсаас гарч буйгаа зарласан юм. Эдгээр нь санхүүгийн бэрхшээлтэй, хямралтай холбоотой аж. L'Oreal фирм Хятад дахь үс арчилгааны Garnier нэрийн бүтээгдэхүүний худалдаагаа хааж, харин L'Oreal Paris, Maybelline New York нэрийн бүтээгдэхүүний худалдаагаа өргөжүүлэхээр болжээ. L'Oreal фирм 1997 онд Хятадын зах зээлд орж, асар их амжилт олсон юм. 2012 онд тус компанийн Хятад дахь борлуулалт 1.8 тэрбум еврод хүрч байжээ.

Японууд алслагдмал арлуудаа эзэмшилдээ бүртгэнэ

Японы Засгийн газар усан хил хязгаараа тогтооход ашиглах 280 гаруй алслагдмал арлыг улсынхаа нэр дээр бүртгэж баталгаажуулахаар зэхэж байна. Арлуудыг бүртгэх төвөвлөгөөг баталж, ажлын хэсгийг томиллоо хэмээн Japan Times сонин мэдээлэв. Алслагдмал арлуудыг эзэмшиж буй хүмүүс, байгууллагын нэрийг тогтоох ажил зургадугаар сард дуусна. Арал эзэмшигчдын нэрийг зарлахгүй бөгөөд тэдгээр арлыг Япон улсын өмчлөлд бүртгэж авах ажээ. Токиогийн эрх баригчид газар нутгаа, тэр тусмаа усан хил хязгаараа хамгаалах, далайн баялагийг эзэмших, үндэсний аюулгүй байдлаа бататгахын тулд ийм арга хэмжээ авч байна. Японд хүн оршин суудаг 50, оршин суудаггүй 350 арал бий гэсэн тооцоо бий. Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш 70 арлын эзнийг тогоожээ. Эдүгээ үлдсэн бүх арлын эзэмшигч, харъяаллыг тогтоох аж.

С.Баллок, Ж.Депп нар Ард түмний гавъяат боллоо

АНУ-ын Лос-Анжелес хотод People’s Choice буюу 2013 оны Ард түмний гавъяатыг тодруулан зарлалаа. Эрэгтэй, эмэгтэй гэсэн ангилалд нэг нэг жүжигчин шалгаруулдаг энэхүү шагнал нь албан ёсны бус ч ихээхэн нэр хүндтэй шагнал юм. Санал асуулгыг интернэтээр нээлттэй явуулдаг.

2013 оны Америкийн ард түмний сонголт нь жүжигчин Сандра Баллок байлаа. Эрэгтэй жүжигчний ангилалд Жонни Депп тэргүүлж Ард түмний гавъяат болов. 1975 оноос хойш зохиогдож байгаа People’s Choice шалгаруулалтыг энэ удаа CBS телевизээр шууд дамжуулжээ. 

No comments:

Post a Comment